Ээлжлэн солигдох дөрвөн улирлаас намар цагийг онцлон тольдохуй... Хөдөлмөр, хичээл зүтгэл, эр зориг, эрч хүч. Энэ хэдэн үгсийг арга ч үгүй араасаа дагуулж чаддаг энэ улирал аль хэдийнээ айлчлан иржээ. Хүн бүрийн хувьд халуун зуны алжаал амралтаа эцэс болгож, хавар тариалсан ургацаа хурааж, хахир хатуу өвлийг өнтэй давах бэлтгэлээ базаадаг налгар намар цаг монголчууд бид бүхний хувьд хэзээний л сэтгэлийн гал, итгэлийн зул болдог гэлтэй.
Ажил хөдөлмөрийн хойноос хошуурсан олны хөлийн энэ чимээ улс орны батлан хамгаалах салбарт ч мөн тусгалаа олно. Тэр дундаа цэргийн нэгтгэл, анги, салбар болоод БХЯ-ны харьяа байгууллагуудын хувьд өвөл сургуулийн бэлтгэлээс эхлээд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт, хээрийн гаралтууд болон урлаг, спортын зарим арга хэмжээнүүд гээд завгүй, завсаргүй цаг хугацаа үргэлжилж байна. Гагцхүү энэ үеийг урьтал болгож "Соёмбо" сонины сурвалжлах баг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийг онцлон тус ангийн зүг жолоо заллаа.
Улс орныхоо агаарын хилийн халдашгүй дархан байдал, агаарын орон зайн хяналт, халхлалтын үүргийг хэрэгжүүлэх амаргүй албыг гүйцэлдүүлдэг нь тус ангийн онцлог. "Байлдааны жижүүрлэлт" гэдэг ойлголт энэ ангийн хувьд амь наснаас ч илүү эрхэм зүйл гэж хэлж болно. Тэгж л байж тус ангийн цэрэг дайчид агаарын хилийн халдашгүй байдлыг сахин хамгаалж байдаг учиртай. Тиймдээ ч цаг заваа умартан хоногийн харуул, манаа, жижүүрлэлтэд гарч буй алба хаагчдаа аятай, тухтай нөхцөлд ажиллаж амьдруулах нь тус ангийн нэн тэргүүний чухал үүрэг байдаг талаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана дурдаж байлаа.
Тус анги 10 жилийн ойгоо угтаж жижиг том гэлтгүй 100 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлжээ. Ангийн захирагч үргэлжлүүлэн “Байлдааны жижүүрлэлтийн хариуцлагатай үүргийг 24 цаг гүйцэтгэдэг алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулахын тулд нэлээд олон тохижилт, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах, анги байгууллагаа хүний хөгжлийн орчин болгоход анхаарч ажиллаж байна. Офицер, ахлагч нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орчин үеийн зэвсэглэл техникт сургаж дадлагажуулах, электрон систем, программ хангамжийн чиглэлээр тодорхой тооны инженерүүдээ магистрын түвшний сургалтад хамруулаад байна” гэлээ. Тус анги энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын санхүүжилтээр "Эко ногоон анги" төсөлд хамрагдан нийт 996 ширхэг мод, бут тарьжээ. Ингэхдээ мод хашаалах хайс, эко гэрэлтүүлэг, усалгааны системийг ашиглан ангийн нийт бие бүрэлдэхүүний хичээл зүтгэл, оролцоотойгоор арчлан ургуулж буй аж. Зөвхөн мод суулгах биш өөрсдөө үржүүлж, ургуулдаг болох зорилгоор мод үржүүлгийн газрыг ирэх жилүүдэд байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв. Мөн энэ жилийн онцлох бүтээлч ажил бол үйлдвэрлэгч орны хэл дээр байсан зэвсэглэл техникийнхээ бүх гарын авлагуудыг монгол хэлд хөрвүүлэн ангийн бие бүрэлдэхүүн сургалтдаа ашиглаж байгаа гэлээ. Дээрээс нь тус ангийн зүгээс үлээвэр хөгжмийн дугуйлан ажиллуулж ерөнхий боловсролын сургууль төгссөн 10 гаруй залуусын дунд хөгжмийн дамжаа хичээллүүлэн ангийн үлээвэр хөгжмийн салааны бүрэлдэхүүндээ нэгтгэсэн аж.
Үргэлжлүүлэн бид тус ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер дэд хурандаа Д.Мэндсайханы алба өрөөнд хэсэг саатлаа. Тэрээр дунд сургуулиа төгсөөд Үйлдвэр урлалын дээд сургуулийг электроны техникч мэргэжлээр, 2004 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр, 2015 онд БХИС-ийг, 2020 онд ОХУ-ын Тверь хотын Агаарын цэргийн академийг агаарын цэргийн нэгтгэл, ангийн удирдлага мэргэжлээр төгсөж ирээд өнөөгийн албан тушаалд томилогдон ажиллаж буй гэнэ.
Тэрээр анх Зэвсэгт хүчний 028 дугаар анги буюу зенит пуужингийн тусгай хорооны техникийн дивизэд эсэлдүүлэгчээр цэнэглэгч жолоочийн албан тушаалд томилогдсоноор Зэвсэгт хүчинтэй анх ажил амьдралаа холбожээ. Дараа нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн инженер пуужингийн албанд дизелийн засварын инженерээр, тус ангийн 322 дугаар тусгай ротод техникийн орлогчоор ажиллаж байгаад энэ ангидаа ирж шат шатны албан тушаалд томилогдон ажиллаж байна. Түүний хэлснээр "Миний бие өнгөрсөн хугацаанд олон шилдэг алба хаагчидтай ажиллаж ирсэн. Тэднийгээ үлгэрлэж, зааж зөвлөснийг нь хэрэгжүүлж зенит пуужингийн цэргийн үргэлжлэл болж явдгаараа бахархдаг. Би өнөөдөр ангийн ерөнхий инженер албан тушаалд томилогдон ажиллаж байна. Агаарын цэргийн анги, салбаруудын хувьд ерөнхий инженер хүн бол чухал үүрэгтэй. Учир нь тэдгээр анги салбаруудын үүрэг голцуу зэвсэглэл, техник дээр тогтдог. Манай ангийн бүрэлдэхүүний 80 хувь нь зэвсэглэл, техник дээр ажилладаг. Тиймээс тэрхүү бүрэлдэхүүний ур чадварт онцгой анхаарал хандуулан ажиллах нь миний үндсэн үүрэг болдог. Инженер, техникийн ажилтнуудыг ганц зүйлд сургаад орхих бус цаашид цаг үетэйгээ нийцүүлэн шат дараалсан байдлаар сургалт зохион байгуулж ажиллах шаардлагатай байдаг" гэдгийг дурдаж байв. Дэд хурандаа Д.Мэндсайхан үргэлжлүүлэн “Бидний сургалт, дадлага тогтсон цаг хугацаанд чанартайгаар явагддаг хэдий ч зарим асуудалтай зүйлс бий. Жишээ нь, манай ангийн салаан захирагчийн цолны зэрэглэл нь дэслэгч. Харин дараагийн шатны албан тушаалд томилогдохын тулд заавал гурван жил тухайн албан тушаалдаа ажилласан байх шаардлагыг тавьдаг. Харин манай залуу офицеруудын хувьд хугацаандаа бус хожуу цолоо авах асуудал бий. Харин тус албан тушаалын цолны зэрэглэл нь ахлах дэслэгч байсан бол дараагийн шатны албан тушаалд томилогдоход доороо ажиллаж байгаа алба хаагчдаа сургаж дадлагажуулахад хангалттай хэмжээний туршлагыг хуримтлуулж чадна. Үүн дээр дээд удирдлагаас анхаарал хандуулах нь зүйтэй гэж бодож байна. Цэргийн хүн гэдэг чинь мөр, энгэр хоёроо харж бахархаж, урамшиж явдаг шүү дээ” гэдгийг хэлж байлаа.
Дараа нь бид ангийн захирагчийн санал болгосны дагуу уурын зуухны механикч Б.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэрээр 2019 онд ангийнхаа хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан бол өнгөрсөн оны шинэ жилээр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын 2021 оны шилдэг ажилтан болон шалгарсан нь ангийн захирагчийн зүгээс бидэнд түүнтэй уулзахыг санал болгох шалтгаан байснаас гадна үнэхээр ч тууштай хөдөлмөр зүтгэлийн илэрхийлэл болсон, анги, хамт олондоо үлгэр дуурайл болсон энгийн алба хаагчдын төлөөлөл болох талаар уулзсан даруйдаа мэдрэгдэж байлаа. Б.Бат-Эрдэнэ Завхан аймгийн Ургамал сумын хүн. 1982 онд нутгаасаа цэргийн албанд татагдаж Ардын Армийн 197 дугаар ангид алба хааж байхдаа холбооны бага мэргэжилтэн болсон гэв. Улмаар дараа жил нь Ардын Армийн 243 дугаар ангид хугацаат цэргийн албанаас ахлагчийн албанд улирч 1991 онд тус ангийг татан буугдахад Зэвсэгт хүчний 238, 310 дугаар ангид ажиллаж байгаад бэлтгэл ахлагч цолтойгоор цэргийн тэтгэвэрт гарчээ. Харин тэрээр энэ ангид ирж ажиллаад зургаан жилийг ардаа орхижээ. Ангийн байр, байгууламжийн халуун дулааны асуудлыг хариуцахаас эхлээд засвар үйлчилгээ, цахилгаан, гагнуур гэх мэт бүхий л ар талын ажил түүний гараар дамжихгүй өнгөрнө гэж үгүй. Аливаа ажилд ур дүй, уран сэтгэмжээр ханддаг түүнийг хамт олон нь хүртэл багагүй үнэлдэг. Түүний хэлж байгаагаар "Хүн ажил хийх сэтгэлтэй л бол юуг ч өөрийн болгоод сурчихдаг. Би холбооны бага мэргэжлийн хүн боловч алба хаах хугацаандаа төрөл бүрийн ажлыг хийсээр сүүлд механик жолоочоор ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан. Ер нь анхнаасаа л гарын эв дүй шаарддаг мужааны ажлыг ихэд сонирхдог байлаа. Бага залуугаасаа эхэлж ажилласан цэргийн салбартаа хайртай. Өнөөдөр би ахмад настнуудын тоонд хэдийнээ орчихсон. Тэгэх тусам л хуучин анги байгууллагад ажиллаж байсан үеэ, хамт олноо санагалздаг болчихсон. Эргээд бодоход сайхан хамт олонтой ажиллаж байж дээ гэж бодогддог" хэмээн өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Бид тус ангиар зочлохдоо нэгэн онцлог үйл явдлын гэрч болоод амжлаа. Эл өдөр анги үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад дайчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа болов. Хэдий Зэвсэгт хүчний 353 дугаар анги албан ёсоор байгуулагдаад 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа учир тус ангиас энэ хугацаанд 50 орчим ажилтан албан хаагчид тэтгэвэр чөлөөнд гарсан байдаг байна. Харин угтаа бол зенит, пуужингийн хорооны түүхэн замнал нь тэртээх 1960-аад оноос эхлэлтэй. БНМАУ-ын АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын Армийн командлагчийн 1964 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар пуужингийн тусгай дивизионыг байгуулах шийдвэр гарч, Армийн артиллерийн тусгай дивизион нэртэй анхлан байгуулагджээ. Цаашлаад 1970 онд Дархан хотод нэмэлтээр пуужингийн анги байгуулах шийдвэр гарч зенит пуужингийн 2 дугаар дивизионыг байгуулан өргөжүүлсэн. Харин 1990 онд Ардын Армийн 028, 134 дүгээр дивизионууд нэгдэж 028 дугаар анги (хороо) болон өргөтгөн зохион байгуулагдаж байнгын бүрэлдэхүүнтэйгээр байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. 2002 онд Зэвсэгт хүчний 028 дугаар анги Зэвсэгт хүчний 065 дугаар ангитай нэгдэн пуужин-радиотехникийн хороо болж өөрчлөгдсөн боловч Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2011 оноос эхлэн 353 дугаар ангийг шинээр байгуулж байлдааны жижүүрлэлтийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Тиймээс 60 гаруй жилийн замналыг өгүүлэх энэ анги 140 гаруй ахмадуудтай гэсэн тоо бий аж. Тэдгээрээс дээр дурдсан үйл ажиллагаанд дийлэнх нь хүрэлцэн ирж хуучин цагт хамтдаа мөр зэрэгцэн алба хааж байсан анд нөхөдтэйгөө ойр зуур буу халсан шигээ нэгэн ширээний ард зоог барьж, соёлын төвийн талбайд бүжиглэж наадан дуутай шуутайхан, хөөр баясал дүүрэн өнгөрөөх нь тэр. Бид ч тэдгээр ахмадын дундаас төлөөлөл болгож чөлөөнд байгаа дэд хурандаа Х.Зориг гуайг онцлон ярилцлаа.
Тэрээр 1948 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрж өсжээ. 1965 онд Дорноговь аймагт дунд боловсрол эзэмшиж цэргийн мэргэжлийг ихэд сонирхож тухайн үеийн ЗХУ, өнөөгийн Украйн Улсын Одесс хотод цэргийн дунд сургуульд суралцахаар хилийн дээс алхаж байв. Улмаар тус сургуульд гурван жил хагасын хугацаанд суралцаж пуужин чиглүүлэх станцын мэргэжлээр төгсөж эх орондоо ирсэн нь Монголын Ардын Армийн анхдагчдын нэг болсон удаатай. Улмаар Ардын Армийн 028 дугаар ангийн радио техникийн батарейны нэгдүгээр тасгийн дарга бөгөөд ахлах чиглүүлэх офицер албан тушаалд томилогдов. Тэрээр энэ яриагаа үргэлжлүүлэн "Биднийг сургуулиа төгсөж ирэхээс өмнө нь Монголын нутаг дэвсгэрт хоёр удаа пуужингаар харвах дадлага, сургууль болж байсан гэдэг. Тэгэхдээ онгоцноос доош унаж байгаа байг пуужингаар онох сургуулийг оросын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар амжилттай хийж гүйцэтгэсэн. Харин 1970 онд бид ЗХУ-д очиж нисэж байгаа онгоцон байг сөнөөх сургууль хийсэн. Тэгэхэд анхны байг буудахад миний бие чиглүүлэх офицероор үүргээ амжилттай гүйцэтгэж байлаа" хэмээн дурсан ярив. Х.Зориг гуай тухайн үедээ инженер болон дэвшихээр дахин ЗХУ-д дараагийн шатны сургуулийг төгсөж ирээд Ардын Армийн 028, 065 дугаар ангиудад ерөнхий инженерийн албыг 10 гаруй жил хашиж, үндсэндээ цэргийн албанд 25 жил ажиллан тэтгэвэрт гарсан гэв. "Миний ажилласан он жилүүд бол Монголын арми өргөтгөн зохион байгуулалтад эрчимтэй орохоос эхлээд жинхэнэ дэлхийн жишигт нийцэх хүртэлх үе байлаа. Манай 028 дугаар анги гэхэд л бусад Зөвлөлтийн пуужингийн ангиудтай нийлээд Улаанбаатар хотыг агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй байсан" хэмээн хуучлан ярилаа.
Харин сурвалжилгынхаа эцэст нь бид мөн л тус ангиас тэтгэвэр чөлөөнд гарсан нэгэн ахмад настантай ярилцсан нь бэлтгэл ахмад Л.Нарантуяа байлаа. Тэрээр цэрэг хүний амьдралыг бүр бага балчир цагаасаа мөрөөдөж өссөн, дунд сургуулиа төгссөн даруйдаа л цэргийн холбооны мэргэжлийн дамжаанд суралцаж тэр жилийнхээ 11 дүгээр сард дэд ахлагч цолоо гардан аваад цэрэг шинелиэр гангарч явсан үе нь хамгийн сайхан дурсамж мэтээр түүний ой тойнд бичигдэн үлджээ. Л.Нарантуяагийн хувьд цэргийн хүний амьдралыг сонгох болсон шалтгаан нь авга ахаас нь эхлэлтэй гэв. Түүний авга нь ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Бямбажав. Ахыгаа гэрт нь ирэхэд л цэрэг хүн шиг л номхон ёслоод зогсож байдаг бага насны зураглал түүнд бий гэнэ. Түүний хэлснээр "Би энэ зам мөрийг сонгосондоо үнэхээр их бахархдаг. Тэтгэвэрт гарсан хойноо ч улсынхаа батлан хамгаалах салбарт сэтгэл зүрхээ зориулахыг хүсэж явна. Өнөөгийн залуустаа хандаж хэлэхэд цэргийн дүрэмт хувцсаа амины юм шиг хайрлаж, цэвэр цэмцгэр чигээр нь өмсөж хэрэглэх хэрэгтэй. Дүрэмт хувцас гэдэг салбарын маань нүүр царай байдаг шүү дээ" хэмээн хэлж байв. Тэрээр хожим эчнээгээр БХИС-ийг холбооны мэргэжлээр төгсөн офицерын албанд дэвшин ажиллаж хожим ахмад цолтойгоор, 21 жилийн бахархал дүүрэн цаг хугацааны хамт цэргийн тэтгэвэрт гарсан талаарх түүний яриагаар бидний сурвалжилга дуусгавар боллоо.
Дэслэгч Т.ИДЭР