• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ГОВЬ ХЭЭРИЙГ ЗОРЬСОН ТЭМДЭГЛЭЛ
Нийтэлсэн: 2022-10-06 20:22:17
Үзсэн: 1096

ГОВЬ ХЭЭРИЙГ ЗОРЬСОН ТЭМДЭГЛЭЛ
Нийтэлсэн: 2022-10-06 20:22:17 Үзсэн: 1096



     Ардын армийн 065 дугаар ангийн 3 дугаар тусгай салбар нэртэйгээр анх байгуулагдсан цагаасаа 1964-1966 онд Төв аймаг “Бөхөг түргэний гол”, 1966-1970 онд Дорноговь “Хуурай бааз”, 1970-1987 онд Дорноговь “Хөвсгөл суманд”, 1987 оноос одоогийн байрлаж буй Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шилжин байрласан  радиолокацын хяналтын ууган ротуудын нэг юм. Газар зүйн байршлын хувьд далайн түвшнээс дээш 1123 км, улсын хилээс 90 км, нийслэлээс 720 км, Сайншанд хотоос 240 км зайд оршдог.

    Өндөр уул гэх торох юмгүй энэ л нутагт дов, гүвээ юу даа хэмээн хараа тогтооход ухаж сэндийлсэн газар шороо бөртийн харагдах, техникийн бэлчээр, эдэлбэр газар гэлтэй тэнгэр, газрын хаяа нийлсэн зэгэл сааралхан өнгө, холын замд хань бараатай том ачааны машинууд бараа алдуулахгүй холхилдон шороо манаргах нь цаанаа нэг л бачуурмаар. Дээрх дүр зургийн дагуу 200 гаран км давхисаар сэтгэл ойр, дотно мэдрэмж төрүүлсэн нэгэн самбар байсан нь Сулин хээрийн хороо, Хатанбулаг сум, 090 дүгээр тусгай рот гэх тэмдэглэгээ байлаа. Монгол Улсын алслагдсан сумдын нэг болох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах тусгай ротын захирагчийн ажил хүлээлцүүлэхээр Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагчийн тушаалаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн говь нутгийн хязгаар нь үл харагдах өргөн уудам тал нутгийн хэрэн сүлжсэн олон замыг туулсаар зорьсон газраа хүрч ирлээ.

    Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг цэргийн тусгай зориулалтын бүсийг илтгэх  үргэлжлэх далан, албан тушаалын орон сууц, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх 750мбүхий спорт тоглоомын талбай нэн түрүүнд хараанд туслаа. Албан тушаалын сууцыг анх ашиглалтад орсон цагаас хойш урсгал засвар хийгдээгүй байсан А байрыг аймаг орон нутгийн удирдлагатай ярилцан шийдвэрлүүлж бүрэн засвар  хийлгэсэн ба Б байрыг мөн засах хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлчихсэн хүлээлгийн байдалтай байгаа аж. Спорт тоглоомын талбай сагсан бөмбөгийн болон гар бөмбөгийн стандартад нийцсэн ба мөн аймгаас шийдвэрлэж өгсөн мөнгөн хөрөнгөөр бүрэлдэхүүн өөрсдөө барьж байгуулсан томоохон бүтээн байгуулалт болжээ. Бусдаар хийлгэж ажлын хөлс бас бус зүйлд мөнгөө тануулж байхаар өөрсдөө стандартад нийцүүлэн барих санаачилгыг гаргасан гэнэ. Тэдний ийн ярих шалтгаан нь Хатанбулаг суманд баригдсан хэд хэдэн талбайн төсөв зарцуулалт, гүйцэтгэлийн явцаас дүгнэн энэ шийдвэрийг гаргажээ.

    Монгол улсын зүүн өмнөд бүсийн агаарын хил, орон зайд тавих радиолокацын хяналтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ротын зэвсэглэл техникийн бэлэн байдал, байлдааны үүрэг гүйцэтгэх чадавх болон байлдааны жижүүрлэлтийн үүргээ тасралтгүй гүйцэтгэхийн тулд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж цэргийн алба хаагчдыг ажил үүрэгт нь мэргэшүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлжилт, сахилга хариуцлагыг дээшлүүлж, тэдгээрийн ажиллах амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой тусгай ротын шалган нэвтрүүлэх байранд засвар үйлчилгээ хийгдсэн өнгө үзэмж сайтайн дээр штабын байрандаа мөн урсгал засвар хийж бүрэлдэхүүнийхээ ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар хийж хэрэгжүүлсэн ажил арвинтай биднийг угтлаа. Ротын барилга байгууламжийг тойрч ажил хүлээлцэх явцад ажлаа хүлээлгэн өгч буй захирагч хийх, хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудаа дурдан цаашид хамтран ажиллах байгууллагууд, шийдэл, хэрэгжилт аль шатанд явагдаж байгаа талаар ярьж хэлж байгаа бүхий л зүйлс нь хамт олныхоо төлөө, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөх, үйл ажиллагаа, зорилгыг сурталчлан таниулах туйлын хүсэл байгааг илтгэж байлаа.  

    Говь хээрийн энэ бүсэд мод, ногоон байгууламж нүдний гэм гэлтэй. 090 дүгээр тусгай ротын хашаанд  ховорхон байх мод, ногоон байгууламж намрын өнгийг алаглуулан ургасан байх агаад энэ хамт олныг онцлох нэгэн үйл явдал нь орон нутагтаа 1000 мод тариад байгаа гэнэ. Дурдвал 2021 онд сумын хүүхэд, залуучуудын талбайд 500 хайлаас суулгаж, энэ онд шалган нэвтрүүлэх байрнаас гадагш 500 метр орчим газарт замын хоёр хажуугаар 500 хайлаас дахин суулгасан байна. Их говийн өдрийн халуунд нам гүмхэн байсан ажилчдын хотхоны ойр орчим хүүхэд багачуудын хөгжөөн шуугианаар халгиж эхлэх нь оройн сэрүүн орсныг илтгэнэ. Тэнгэр, газрын хаяа үл ялгагдам саарал орчныг наран жаргах агшин үзэсгэлэн төгс харагдуулдаг аж.

    Зүүн, зүүн өмнөд бүсийн агаарын орон зайд радиолокацын хяналт тавих үндсэн үүрэгтэй энэ хамт олон энгүй уудам орныхоо хязгаар бүс нутагт ажиллаж, амьдарч сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол Улсын агаарын хил тайван байна.

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659