• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

25 БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭЭД БАЙНА
Нийтэлсэн: 2022-04-01 19:31:16
Үзсэн: 91

25 БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭЭД БАЙНА
Нийтэлсэн: 2022-04-01 19:31:16 Үзсэн: 91



     Энэ удаагийн дугаарт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч хурандаа Г.Чулуунзагдыг урьж ярилцлаа.

     Өнгөрсөн жил танай ангийн хувьд ямар онцлогтой жил байсан бэ? -2021 он манай ангийн хувьд бүтээн байгуулалт өрнөсөн, байлдааны жижүүрлэлт, сургалт бэлтгэлээ сайжруулсан, ажилтан алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэсэн жил байлаа.

     Тодруулж хэлбэл? -Өнгөрсөн жилийн Удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтын үеэр 2004 оноос хойш солигдоогүй байсан байлдааны бэлэн байдлын төлөвлөгөөгөө ЗХЖШ-ын дарга, Агаарын цэргийн командлагч нараар батлуулсан. Мөн харьяа салбаруудын төлөвлөгөө ч батлагдсан. Түүнчлэн нийтдээ 140 гаруй төлөвлөгөөг ангийн захирагчийн хувьд баталсан байна. Тэгэхээр бодлогын баримт бичгүүдэд нэлээд анхаарч ажилласан нь харагдаж байна. Баримт бичиг, дүрэм журам хэвлэгдэж гарах нэг хэрэг, одоо түүнийгээ хэрэгжүүлж ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна.

     Агаарын цэргийн командлалаас явуулсан байлдааны буудлагатай хээрийн сургуульд оролцсон. Түүнээс гадна хорооны төвдөө ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг хийсэн. Салбаруудад салааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулсан нь өнгөрсөн жилийн онцлог үйл явдлуудын нэг байсан. Мөн Завхан аймагт байрладаг тусгай салбарт хэсэгчилсэн дайчилгаатай хээрийн сургууль зохион байгууллаа. Сургуулийн үеэр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчидтай салбар хэрхэн уялдаж үүрэг гүйцэтгэж болохыг харууллаа. Өөрөөр хэлбэл нэг салбарт дайчилгаатай, байлдааны буудлагатай, тусгай тактикийн хээрийн сургуулиудыг явуулсан гэсэн үг. Тэр чинээгээр бүрэлдэхүүн ч чадваржиж байна. Дайчилгааны бэлтгэл нөөцөө татаж ажиллахад сум, орон нутгийн удирдлагууд биднийг маш сайн дэмжиж ажилласныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

     Бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хийсэн ажлаасаа онцлон дурдана уу? -Бид офицер ахлагч, ажилтан албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахыг хичээн ажилладаг. Мэдээж энэ бол Зэвсэгт хүчний хувьд мөнхийн сэдэв байх ёстой. Манай ангийн хувьд албан тушаалын орон сууцгүй салбарууд бий. Энэ асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Завхан аймагт байрлах тусгай салбарт найман айлын орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа. Энэ жилийн хувьд ч мөн зарим тусгай салбаруудад албан тушаалын орон сууц барих асуудлыг шийдвэрлэнэ. Зарим салбарыг сумын төвлөрсөн халаалтад холбож, цахилгааны шугам сүлжээг солих зэргээр хийсэн ажлуудаас дурдвал нэлээд их юм болно. Офицер ахлагч нар маань салбартаа сэтгэл хоёрдолгүй ажиллах орчныг бүрдүүлэх талаар ажиллалаа.

     Цар тахал үргэлжилж байсан ч өнгөрсөн жил бид “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойгоо Улиастай цэргийн хүрээг хамруулж өргөн тэмдэглэсэн. Тухайн үед цар тахлын тохиолдол манай аймагт бүртгэгдээгүй байсан учир Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран төрөл бүрийн үйл ажиллагааг аймагтаа зохион байгуулсан нь иргэдийн талархлыг хүртсэн.

     Цар тахлын үед танай анги ямар үүрэг гүйцэтгэж ажилласан бэ? -Аймаг орон нутгаас хүсэлтүүд их ирсэн. Тухайлбал, салбаруудаасаа тухайн орон нутагтаа халдвар хамгааллын дэглэмд ажиллах цэргийн алба хаагчдаа сонгож, бэлтгэж, ажиллуулсан. Тэдний үүрэг гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа сум, орон нутгийн удирдлагууд удаа дараа бидэнд мэдэгдсэн. Мөн аймаг, сумын шалган нэвтрүүлэх цэгийн орж, гарч буй хөдөлгөөнд хяналт тавих, ариутгал халдваргүйтгэл хийх, сум, орон нутагт нь тусгаарлагдсан хүмүүст хяналт тавих зэрэг ажилд давхардсан тоогоор 105 цэргийн алба хаагч ажилласан байна. Энэ бол иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дөхөм болсон бас нэгэн онцлог ажил байлаа.

     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хувьд бусад ангиудаас ялгарах онцлог нь юу вэ? -Мэдээж гүйцэтгэдэг үүргийнхээ хувьд улсын агаарын хилийн дархан байдлыг хангадаг гэдгээрээ онцлог. Мөн Улаанбаатар хотоос мянга гаруй км алслагдсан, 25 жилийнхээ ойтойгоо золгох гэж байгаа гэх мэтчилэн нэрлэвэл онцлог зүйлс их. Түүнчлэн агаарын цэргийн үндсэн өнгө болох цэнхэр өнгөөр ангийн гадна талын хашаанаас эхлээд ихэнх барилга, байгууламжуудаа будаж, өөрчлөн нэгэн жигд болгосон. Салбарууд ч мөн цэнхэр өнгө рүү шилжих ажлаа эхлүүлээд явж байна.

     Ангийн эмнэлгийн байрыг өргөжүүлэх, орон тоог нэмж тусгуулах асуудлыг мөн шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил ЗХЖШ-ын дарга танай үйл ажиллагаатай танилцсан. Тэр үеэр уг асуудлаа хөндөж тавьсан юм л даа. Асуудал ч нааштай шийдэгдэхээр болсонд бид баяртай байгаа.

      Ангийн ойгоо тэмдэглэнэ гэлээ. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу? -Ирэх жил манай анги байгуулагдсаныхаа 25 жилийн ойтойгоо золгоно. Энэ хүрээнд 25 бүтээлч ажил хийхээр төлөвлөөд эхнээсээ үр дүнгээ үзэж байна. Мөн Увс аймагт байдаг салбар маань 25 жил, Баян-Өлгий аймагт байрлах салбар 30 жилийн ойтойгоо тус тус золгоно. 25 бүтээлч ажлаас жишээ болгоод дурдахад өнгөрсөн жил бид Завхан аймгаас төрсөн генералуудынхаа хүндэтгэлийн талбайг засаж, сайжруулсан. Манай аймгаас нийт 25 генерал төрсөн байдаг. Сэргээн сайжруулах ажлын хүрээнд зурагнуудыг нь солих, орчин тойрных нь талбай, гэрэлтүүлгийг шинэчлэх гээд чамлахааргүй ажил хийсэн. Уг ажлыг нугалахад манай ангиас гадна аймгийн Цэргийн штабын даргаар ахлуулсан комисс ажилласныг дурдах нь зүйтэй.

    Дүгнээд хэлэхэд, өнгөрсөн онд бид Эрүүл мэндийн төвөө тохижуулсан, өргөжүүлсэн, цэргийн цагдаагийн тасгийн даргыг томилж үйл ажиллагааг нь жигдрүүлсэн, төлөвлөлт зохион байгуулалтын баримт бичгүүдээ батлуулж бэлэн болгосон, төрөл бүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн, үндсэн үүрэг гүйцэтгэлтээ сайжруулсан зэрэг олон ажлын ард гарчээ.

     Өөр онцлог гэж нэрлэхээр ажил энэ жил төлөвлөсөн үү? Ойн хүрээнд амралт, соёлын танхим, шуурхай удирдлагын төв болон командын байрт засвар хийх, харьяа гурван салбарт албан тушаалын орон сууц барих гээд ажлууд бий.

Ярилцсанд баярлалаа Ахмад М.МӨНХЗОРИГ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659