Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нийт цэргийн багуудын алба хаагчдын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион явуулж байна. Тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөллөөс эрэгтэй 15, эмэгтэй 6 баг тамирчид оролцож буй юм.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ "2022 он Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувьд онцлогтой жил болж байгаагийн нэг нь монгол цэрэг энхийг үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой юм. Энэ хүрээнд БХЯ болон ЗХЖШ-аас олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсний бөгөөд тэдгээрийн нэг нь эл тэмцээн юм. Өнгөрсөн хугацааны туршид явагдсан энхийг дэмжих ажиллагаануудад оролцсон олон шилдэг алба хаагчдын төлөөлөл болж энэхүү тэмцээнд оролцож байгаа та бүгдэд баяр хүргэе" гээд нийт тамирчдад амжилт хүслээ.