• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАЛ НУТГИЙН ШОНХОР
Нийтэлсэн: 2022-03-09 15:01:48
Үзсэн: 64

ТАЛ НУТГИЙН ШОНХОР
Нийтэлсэн: 2022-03-09 15:01:48 Үзсэн: 64



     Хавар цагийг урин залах өвлийн цагаан жавар эцсийнх нь юм шүү гэсэн шиг салхи дагуулан жиндүүлнэ. Үүлсийн чөлөөгөөр ээлжлэн гялбах наран цаг цагийн аясанд ээж, хотын гудамжаар шаагилдах олны хөлийн чимээ хол ойрын газарт улам цуурайтан сонорт хүрэх нь ирж яваа цагийг дуудаж байна уу гэсэн шиг сэтгэл баясган гэгэлзүүлнэ. Үдийн алдад хичээлээ тараад сургуулийн хаалгаар дөнгөж цухуйх 10 орчим насны сэргэлэн бондгор хүү О.Хэрлэн бусад найз нарынхаа адилаар эцэг, эхээ хайж ийш тийш толгой савчина. Цувран гарсан хүүхдүүд аав, ээжийнхээ гараас хөтлөн баяр хөөр, инээд цалгиа татуулсаар өөр өөрийн замаар одоцгооно. Харин О.Хэрлэн хүүг хичээлээс нь авах ёстой хүн хараахан ирээгүй байгаад тэрээр жаал гуньхарсхийн сургуулийн урд талын хашааны хаалгыг ширтэн зогслоо. Удалгүй нэг том хүн булан эргээд нааш чиглэн яваа нь харагдав. Хүү ч алхаагаар нь аргагүй танив бололтой. Нааш чиглэх хүн ойртож ирээд "Хэрлээн, миний хүү! Өвөө нь ирлээ" гэв. Сэтгэл нь тайвширсан хүү хар гүйхээрээ очоод "Өвөө! Би өнөөдөр хичээл дээрээ онц авсан. Энийг танд хамгийн түрүүнд хэлэх гээд ангиасаа гүйгээд гараад иртэл та байгаагүй" гэж цоглог атлаа цаанаа л нэг гоморхсон өнгө аясаар хэдэн үг урсгачхав. Өвгөн ач хүү рүүгээ инээмсэглэн хараад "Миний хүү сайн байна аа. Өвөө нь хэдий удаан алхдаг ч цагтаа амжиж ирсэн шүү дээ. Эр хүн аливаад тэвчээртэй байх хэрэгтэй. Тэгж л байж энэ хорвоод төлөвшдөг юм шүү дээ" гэж хэлэв. Хүү ойлгосон бололтой толгой дохин өвөө рүүгээ өлийж нэг хараад эрхлэх янзтай эгдүүтэй инээлээ. Хүүгийн хувьд өвөө нь хамгаас илүү хүндэлж, бахархаж явдаг нэгэн. Өвгөний хувьд ч ач хүү нь өөрийнх нь бага балчир цагийг эрхгүй санагдуулдаг адтай “амьтан” учир хамгийн их хайраа зориулдаг мэт. Ач хүү нь өмнө нь нэг удаа "Би тань шиг нисгэгч болно" гэж хэлсэн нь өвгөний сэтгэлийн утсыг хөндсөн аж. Харьж явааг илтгэх буурал цав тэргүүн хийгээд сахалд нь сууж, насны эрхэнд дарагдан буй бие өтөлж байгаа нь мэдрэгдэвч тэрээр амьдралынхаа ид залуу халуун үедээ Монголын Ардын Армийн сөнөөгч онгоцны галтай, цогтой нисгэгч явсан нь улиран одсон түүхийн шаргал хуудсанд л мөнхөрчээ. Хараа цуцаан суунаглах цэнхэр тэнгэрийн уудам орон зайд салхи татуулан тэмүүлэх тал нутгийн шонхор мэт тэрхүү зураглал гагцхүү түүнийг илтгэх хамгийн тод жишээ гэлтэй. Өвгөний хүүхдүүд аавынхаа мэргэжлийг өвлөнө гэж нэг ч үг цухуйлгаж байгаагүй ч ач хүү болох О.Хэрлэн нэгэнтээ тэгж хэлсэн нь цэргийн нисгэгч явсан үеийнхээ дурсамжийг дахин сөхөн санах учиг байсан биз. Бэрхшээл болгоныг өмнөө сөхрүүлж явснаас биш өмнө нь сөхөрч явсан удаагүй нь түүний бодит дүр төрх. Аливаад авхаалж самбаагаар хандаж, эр зориг, тэсвэр тэвчээрийг эх орныхоо хөх манхан тэнгэрт дархалж явсан нь түүний бахархал аж. Эгэл жирийн байлдагчаас нисэхийн хорооны захирагч хүртэл ажил үйлсийн баялаг намтартай энэ хүн бол чөлөөнд байгаа дэд хурандаа Л.Дорж гуай юм.

     БУСДЫН Л АДИЛ

     "Бусдын л адил" гэдэг үг учир дутагдалтай мэт. Хүн болгонд л өөрийн гэсэн хувь заяа, төөрөг тавилан байдгаас хойш энэ үг цаанаа л нэг эл хуль санагддаг гэх үү дээ. Өвгөн нисгэгчийг зорин уулзах сэтгүүлч миний эхний асуулт түүний бага нас, цэргийн албатай ажил амьдралаа хэрхэн холбосон талаарх дурсамж, дурдатгалыг нь сонсоход чиглэж байв. Харин тэрээр зүгээр л "Бусдын л адил" гэх даруухан хэдхэн үгээр хариу барих нь тэр. Ер нь бол цэргийн хүний гэм биш зан гэх үү дээ. Олныг нуршилгүй, холуур тойруулалгүйгээр бэрх цагийн цэргийн даргын команд лугаа товч, тодорхой хариулж буй нь энэ. Би ч асуултаа лавшруулваас, Л.Дорж гуай 1948 оны намар Алтан тэвшийн хөндийд (Улаанбаатар хот) аав ээжийнхээ хоёр дахь хүү нь болон мэндэлж, дээрээ нэг ах, доороо найман дүүтэй өнөр өтгөн айлын гишүүн болон өсөж торнижээ. Бага балчраасаа л дүү нараа хариуцаж, элдэв ажлыг нааш цааш гэдэг байсан нь Л.Дорж хүүг аливаад бие дааж, өөриймсөг хандах ухаанд сургасан аж. Аав нь Монголын төмөр замд ажилладаг байсан учир Вокзалын хойхон талд байсан дан цагаан байшингуудтай дурсамж сүлэлдэнэ. Тэр үеийн хүүхдүүд цэцэрлэгт явна гэж чаргууцалдалгүйгээр “Гэр цэцэрлэг”-ээр хүмүүжлийг олж, хожим эрх биш сургуулийн босгоор алхдаг байж л дээ. Л.Дорж хүү ахтайгаа насны хол зөрүүгүй, бараг л айлын том хүү учир ухаалаг, хэвлүүхэн зангаараа бусдаас ялгарна. 1955 оны намар дунд сургуульд элсэн суралцаж 1965 онд төгсөхдөө тэрээр ахтайгаа нэг ангийн сурагч байсан гэнэ. Тэр үед нэг айлын хоёр хүүхдэд зэрэг их сургуулийн хуваарь өгдөггүй бэрх цаг байсан учир өөрөөс нь түрүүлээд ах нь ЗХУ-д цэргийн сургуулийн хуваарь авч харин Л.Дорж хүү Залуучуудын эвлэлийн илгээлтээр Улаанбаатар хотын Төмрийн заводод слессариар ажилд оров. Хоёр жилийн дараа түүнд цэргийн зарлан дуудах хуудас ирж, Ардын Армийн 065 дугаар ангийн байлдагчийн эгнээнд жагсах нь тэр. Цэргийн албаа хаах хугацаанд нь “хойно” нисэхийн сургуульд суралцуулах сонгон шалгаруулалт болно гэдгийг сонсоод ах шигээ заавал цэргийн сургуульд явна даа гэсэн дэврүүн бодлоор өөртөө амлалт өгчээ. Харин тус сургуульд нь жирийн хүнийг элсүүлдэггүй, сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэндийн дээд зэргийн шалгуурыг тавьдаг байсан нь 100 цэргээс 10 нь тэнцэх шалтгаан байж, бурхны авралаар тэдний нэг нь манай нийтлэлийн баатар Л.Дорж болж таарав. Тэрээр энэ талаараа дурсахдаа "Миний эрүүл чийрэг, ухаан саруул өссөн нь аав, ээжийн минь л ач буян. Ер нь гайхуулж байгаадаа ч биш, одоо ч эрүүл хэвээрээ. Хааяа даралт ихсэх шиг болдог л юм. Тэглээ гээд эм, тан болдоггүй юм аа" гээд мишээл тодрууллаа. Ингээд бодоход тэрээр “Бусдын л адил” гэх даруухан үгээр хэмжигдэх биш зөвхөн өөрийн заяа төөргөөр амьдралд хөл тавьж, цаашид цэргийн нисгэгч гэх хүндтэй алдрыг хүртэх эхлэлээ тавьжээ.

     ХЭН МЭДЭХ ВЭ ДЭЭ ...

    Түүний аав Б.Лувсанцэрэн 1954 онд Ардын Армиас ахмад цолтой бэлтгэлээр халагдаад хожим 1964 онд Ардын Армийн 065 дугаар ангийн штабын даргаар дахин томилогдож, ангийн захирагч хүртэл албан тушаалыг хашиж явжээ. Харин төрсөн ах Л.Дэмбэрэл нь ЗХУ-ын Калининград хотын Инженерийн цэргийн сургуулийг төгсөж ирээд, сүүлд Ардын Армийн 014 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Л.Дорж гуай ч бас Ардын Армийн 137 дугаар ангийн захирагч байхдаа буюу 1991 онд бэлтгэлээр халагдсан гэх армид цөөхөн тохиолдох сонин түүхийг сөхлөө. Энэ ярианаас урьтал болгож тэрээр ЗХУ-ын Краснодар хотын А.К.Серовын нэрэмжит Цэргийн нисэхийн дунд сургуульд суралцаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцсан юм.

     Сургуульдаа анх 10-уулаа очоод гурван сар орчим хэлний бэлтгэлд хамрагдсаны араас нисэх онгоц гэж чухам юу болох талаар онолын хичээлүүдийг үзэж эхэлжээ. Онгоц жолоодох нь бүү хэл дотор нь сууж ч үзээгүй түүнд айх, эмээх, сандрах, тэвдэх нь давхацсан хэцүүхэн цаг хугацаа байсны хувьд ч байсан гэнэ. Гэвч үүний хажуугаар үнэхээр байлдааны онгоцны нисгэгч болчхоод аав, ах хоёр шигээ цэргийн хүн гэж дуудуулбал мөн ч сайхан даа гэсэн бодол давхар төрсөн гэв. Нисэхийн сургуулийн онцлог нь агаарт дадлага, сургууль хийдэг учир эхний ээлжид онгоцонд сууж, хөөрч, цаашлаад шүхрээр бууж үзэхээс гол сургалтууд нь эхэлдэг журамтай. Анх "АН-2" онгоцны бүхээгээс "дүлий цагаан" гэж хочилдог "Б-1" шүхрээр бууж  нисгэгч хүний л хүрэх тэрхүү агаарын орон зайд албан ёсоор нэвтрэн орох нь тэр. "Бид 10-уулаа тээр өндөрт гарсан хойноо хамгийн хүндээсээ эхлэн нэг нэгээрээ онгоцноос цуван үсрэхээр бэлтгэлээ хангав аа. Би ч дунд хавьцаа л зогсож байсан санагдаж байна. Яг доош үсрэхийн өмнө толгойгоо багахан цухуйлгатал юу ч юм бүү мэд угз татаад л аваад явчихсан. Нүдээ нээхэд миний дээр том цагаан шүхэр хэдийнээ дэлгэгдчихсэн байлаа. Тэр мэдрэмж үгээр хэлэмгүй сайхан байсан" гэв. Дараа нь Чех Улсад үйлдвэрлэгдсэн "Л-29" гэх сургууль, байлдааны онгоцонд сууж, хөөрч үзэж, ирэх жилээс нь буюу хоёрдугаар дамжаанд орсноосоо эхлэн сургуулиа төгсөн төгстлөө "МИГ-17ПФМ" загварын сөнөөгч онгоцны бүхээгээс салаагүй ажээ. "Анх онгоцонд суухын эвгүйг яана. Хамаг бие хачин болоод л явчихсан. Багш нар маань бидэнд бүгдийг эхнээс нь зааж сургасны эцэст өөрсдөө бие даан нисэх бэлтгэл хийж эхэлсэн. Анх өөрийн биеэр нислэг үйлдэхэд нээрээ л нисгэгч болчихсон юм шиг сэтгэл хөөрч байсан нь өнөөдөр ч санаанд тодхон. Тэр цагаас хойш 20 жил агаарт ниснэ гэж хэн мэдэх вэ дээ" гээд тэрээр толгой сэгсэрч харагдана.

     Түүнтэй хамт “хойно” сурч байсан залуучуудаас зургаа нь эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиа дүүргэж чадалгүй эрт нутаг буцсан нь харамсалтай. Харин үлдсэн дөрвийн нэг нь болох Л.Дорж ёстой л нэг сурсан шиг сурч боловсорсон гэдгээ “Улаан диплом” өвөртөлж ирснээрээ баталж, монгол нисгэгчдээсээ анхдагч нь болсон талаараа өгүүллээ. Улмаар чадварлаг залуу нисгэгч маань 1971 оны 11 дүгээр сард эх орондоо ирээд өргөжин зохион байгуулалтад ороод удаагүй байсан Ардын Армийн 137 дугаар ангид дэслэгч цолтойгоор томилогдож, Батлан хамгаалахын сайдын тушаалаар 200 төгрөгөөр шагнуулж байжээ. Ангидаа томилогдон ирэхэд өмнө жил нь цэргийн нисэхийн дунд сургуулийг төгсөж ирсэн сөнөөгч онгоцны гурван нисгэгчтэй хамт “анхны долоо” хэмээн нэрлэгдэж явсан нь тэртээ 70-аад оны эхэн үе юм гэнэ. Уг нэрийг авсан нь ч учиртай. Хойч үеийн залуучууддаа өөрсдийн мэдлэг туршлагаасаа зааж сургадаг, ахын хувиар хэлдэг, дэмждэг, даргын хувиар зөвлөдөг, чиглүүлдэг байсан гэдгийг тэр үеийн залуу нисгэгчдийн нэг, өнөөгийн Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн Аэродром, зэвсэглэлийн албаны дарга, зэвсгийн инженер хурандаа С.Эрдэнэмөнх нэгэнтээ дурсаж байсан удаатай.

     АГААРТ ӨНГӨРҮҮЛСЭН ХОЁР МЯНГАН ЦАГ

    1970-аад онд тус анги анх "МИГ-17" сөнөөгч онгоцоор байлдааны бэлтгэл, сургууль хийдэг байжээ. Монголын сөнөөгч онгоцны нисгэгчид тус районд байрлах ЗХУ-ын нисэхийн хороотой ээлжлэн долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ. Өмнөх өдөр нь бүх бэлтгэл ажлаа хангаж, ахлах дарга нараар шалгуулна. Улмаар нисэх зөвшөөрлөө авсан тохиолдолд маргааш өглөө нь нисэхийн тусгай мэргэжлийн эмчийн үзлэгээр ороод эцэст нь хөөрдөг байсан гэлээ. Агаарын орон зайд эргэдэг, тойрдог, цээлийг амдан сөнөөдөг, "Үхлийн гогцоо" гэж нэрлэгддэг мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг тактикийн байлдааны бэлтгэлийг нислэг хариуцсан орос мэргэжилтнүүдийн зааж сургаснаар хийж гүйцэтгэнэ. Цаашлаад нисгэгчид өөрсдөө бие дааж цаг агаарын хүндрэлтэй нөхцөл буюу үүлэн дотор, дараа нь шөнийн нислэгүүдийг цаг агаарын мөн тийм хүндхэн нөхцөлд хийдэг байсан нь өнөөгийн бидэнд үлгэр, домог мэт л сонин санагдах биз ээ. 

     Тэрээр тус ангид алба хаах хугацаандаа нисгэгч, ахлах нисгэгч, хэсгийн дарга, эскадрилийн орлогч, хорооны нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч, хорооны захирагч зэрэг бүхий л үе шатны албан тушаалуудад томилогдон ажиллажээ. Энэ хугацаанд буюу 1982 онд ЗХУ-д Ю.А.Гагарины нэрэмжит академийг оператив тактик, команд штабын мэргэжлээр төгсөж ирээд багш нисгэгч болох эрхээ авсан талаараа дурслаа. Багш нисгэгч гэдэг нь онгоцны арын кабинд суугаад залуу нисгэгчдэд зааж, сурган дадлагажуулдаг тусгай мэргэжлийн хүн байв. Тиймдээ ч үүнийгээ дагаад хариуцлага нэмэгдэх нь мэдээж. Эхлээд цаг агаарын ердийн нөхцөлд, дараа нь хүндэрсэн нөхцөлд болон шөнийн нислэгийн үед багшлах эрхтэй болно. Хамгийн сүүлд шөнийн цагаар цаг агаарын хүндэрсэн нөхцөлд багшлах эрхийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар авдаг байсан гэх. Тухайн цаг үедээ л Монголд ийм эрхтэй ганцхан багш нисгэгч байсан нь Л.Дорж гуай байв. Тэрээр бүтэн 20 жил сөнөөгч онгоцны нисгэгчээр алба хаахдаа нийт 2000 орчим цагийг агаарт өнгөрүүлсэн. Үүний баталгаа болгож түүнд байлдааны онгоцны нэгдүгээр зэргийн нисгэгч цолыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгож байжээ. Өнөөдөр тус хүндтэй цолонд хүрэгсдээс хоёрхон хүн л амьд сэрүүн үлдсэн нь харамсалтай.

     Л.Дорж гуай алба хаах хугацаандаа “Хэрлэн-73”, “Говь-77” зэрэг Монголын нутаг дэвсгэрт болсон томоохон хээрийн сургуулиудад оролцож явжээ. Мөн 1972 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ю.Цэдэнбал даргатай Улс төрийн товчооныхонд үзүүлэх нислэгийг Налайхад хийх үеэрээ Ю.Цэдэнбал даргын гарын үсэг бүхий бугуйн цагаар шагнагдаж байв. 1970-аад оны сүүлээр Монголын Ардын Арми өргөтгөн зохион байгуулалтад эрчтэй орж өөрийн төсөв хөрөнгөөр ЗХУ-аас “МИГ-21” загварын дуунаас хурдан (2175 км/ц-ийн хурдтай) сөнөөгч онгоц авахад тэр үеийн нисгэгчид хурдан хугацаанд шилжин дадлагажиж 1985 онд Ж.Батмөнх тэргүүтэй Улс төрийн товчооны дарга нарт үзүүлэх тоглолт толилуулсан нь өдгөө баримтат кино болж дэлгэцэд мөнхрөн үлджээ. 

     ХЭРЭВЗЭЭ ЭХ ОРОН ДУУДВАЛ ...

     Өмнө дурдсаны дагуу Л.Дорж гуай аав, ах хоёр шигээ цэргийн дарга явснаараа үргэлж бахархаж явдаг гэв. Тэд хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзсэн ч өсгөж, хүмүүжүүлсэн ачийг нь сэтгэлдээ тээсээр иржээ. Л.Дорж гуайн эхнэр химийн багш мэргэжилтэй хүн. Тэр бээр гэргийтэйгээ дунд сургуульд байхдаа танилцаж нэг гэрт орж, ханилан суугаад 60 шахам жилийг хамт үдэхдээ таван үрийнхээ зулайг үнэрлэж, олон сайхан үр ач, зээ нараа өлгийдөн авчээ. Цэргийн хүний эхнэр байна гэдэг амаргүй, төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийж байгаа ханиа байнга дэмнэн тусалж, ар гэрийн бүхий л ажлыг нугалдаг нь гайхалтай гэв. "Эхнэр маань аргагүй багш хүн учир хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд тун сайн анхаардаг байлаа. Би гэдэг хүн өглөө эрт гараад орой л ирнэ. Заримдаа хээрийн сургууль, дадлага гээд хэд хоногоор гэрийн бараа үзэхгүй. Тэр хугацаанд хойно үлдсэн бүхий л ажлыг яаж амжуулж байсан юм бол гэж бодогддог байлаа. Би 43 насандаа тэтгэвэрт гарсан. Түүнээс хойш л эхнэртэйгээ илүү олон цагийг өнгөрөөж байна. Ханийнхаа талаар дурсахад үргэлж сайхан байдаг юм даа" хэмээсэн нь сэтгэл татам байв. Сурвалжлагч миний сүүлийн асуулт түүний цэрэг армитай амьдралаа холбосон шийдвэр хэр зөв байсан, нисгэгч байгаагүй бол хэн байх байсан талаар байв. Тэрээр амьдралаа армитай холбосноороо цаг ямагт бахархаж явдаг, сөнөөгч онгоцны нисгэгч байгаагүй сэн бол хэн болох байсныг төсөөлөхөд бэрх байх талаар хэллээ. Л.Дорж гуай үргэлжлүүлэн "Эх орныхоо төлөө зүтгэнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй том бахархал. Би 20 жилийн турш энэ хүндтэй үүргийг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ дайчилсан. Өнөөдөр намайг таних хүн тоотойхон үлдсэн ч дурсамж дүүрэн тэр л он цагийг хэн ч үгүйсгэж чадахгүй шүү дээ. Заримдаа би өөрийгөө нисэж яваагаар зүүдэлдэг, бүр их тод гээч. Хэрвээ аргагүй байдал үүсээд эх орон дуудах л юм бол би онгоцондоо дахиж суухаас хэзээ ч татгалзахгүй. Үүнийг би бардам хэлнэ шүү" гэсэн түүний омголон яриагаар бидний уулзалт өндөрлөсөн юм. 

     Яг л Л.Дорж гуай шиг Зэвсэгт хүчнээс тэтгэвэр чөлөөнд гарсан олон олон цэргийн баатарлаг нисгэгчдийг энд дурдаж болно. Түрүүнд бид хоёр ярилцжээ суухад Л.Дорж гуай олон сайхан дотнын нөхдөө онгоцны ослоор алдсан талаараа ам нээж байсан удаатай. Өнөөгийн залуусын үзэл бодол аргагүй өөрчлөгдөж, эх оронч үзлийг буруушаадаг, дэлгэцийн цаанаас элэг эмтрэм үгсийг гамгүй шиддэг энэ үед тэртээх он жилүүдийн хийморьлог “шонхруудаар” эх орон нь аргагүй дутаж буй мэт сэтгэл эмзэглэх шиг санагдаж байлаа.

Дэслэгч Т.ИДЭР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656