Агаарын цэргийн командлагч, хурандаа О.ЭНХБАЯР
Шинэ албан тушаалд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Ажлаа юунаас эхлэв?
-Агаарын цэргийн командлагчаар томилогдоод 2 сар гаруй хугацаа өнгөрлөө. Мэдээж “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан гол ажлаа өрнүүлж байна. Тухайлбал, командлал болон харъяа ангиудынхаа тайван цагийн орон тоонд зарим өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа бөгөөд нэршлээс эхлээд өөрчлөгдөж шинэчлэгдэх, зарим баримт бичгийг дахин боловсруулах гээд багагүй ажлууд бий. Мөн өмнө нь төлөвлөгдсөн, хэрэгжих шатандаа яваа олон хөтөлбөр, ажил байгааг цааш үргэлжлүүлнэ. 12 дугаар сард болсон нисдэг тэрэгний ослын шалгалт, дүгнэлт хийх ажилд анхаарал хандуулж байна.
Энэ оны хувьд онцлох ямар ажлууд өрнөх вэ?
-Төлөвлөсөн олон ажил бий. Хамгийн чухал асуудал бол зэвсэглэл техникийн шинэчлэл. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ч Агаарын цэргийн хөгжилд түлхүү анхаарал хандуулж байгаа. Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас нэлээд хөрөнгө мөнгө зарцуулахаар төлөвлөсөн. Үүнийг бид маш оновчтой зүйлд зөв зарцуулах ёстой. Радиолокацын станцын шинэчлэл, нисдэг тэргүүдэд их засвар хийлгэх зэрэг асуудлаар холбогдох байгууллага, албаны хүмүүстэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн холбооны техник хэрэгсэл, удирдах байруудын тоноглол, эрчим хүчний техник хэрэгсэл, автотехник гээд шинэчлэх, сайжруулах зүйл их бий. Хуучин ашиглагдаж байсан автоматжуулалтын тоноглолуудыг сэргээх ажил явагдаж байна. Мөн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хээрийн сургууль, дадлагууд явагдана. Тухайлбал, Агаарын цэргийн ангиудын нэгдсэн команд штабын сургууль, тактикийн тусгай сургуулиудыг нэрлэж болно. Үүнээс гадна, олон улсын болон бусад хамтарсан хээрийн сургууль дадлагад тодорхой үүрэгтэй оролцдог. Энэ жилийн хувьд ч ялгаагүй зарим бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэнэ.
Боловсон хүчний хувьд ...
-Боловсон хүчнээ чадавхжуулах асуудалд нэн тэргүүнд анхаарч байгаа. Сайн, муу гэж халах, солих асуудал огт биш. Суралцах, мэргэших, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж, үлгэрлэж, шахаж шаардана. Өөрөөр хэлбэл, мэргэших, хөгжих тал дээр ачаалал өгнө гэсэн үг. Сургууль төгсөөд ирж буй шинэ боловсон хүчнийг зөв томилгоожуулж, албан тушаалд нь дадлагажуулахад хаа хаанаа анхаарч ажиллана. Ер нь энэ жил Агаарын цэргийн хувьд ачаалал ихтэй, энэ хэрээрээ ч үр дүн, ололт амжилт ихтэй байна гэдэгт итгэлтэй байгаа.
Хошууч Х.ГАНЗУЛ