Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, тив дэлхийн өнцөг булан бүрд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид аа!
Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Бид хамтдаа нэгэн оныг үдэж, хуанлийн хуудсанд эргэх шинэ онтойгоо учран золгож байна. Улиран одож буй 2021 онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хувьд гадаад харилцаа өргөжсөн, шинэ зэвсэглэл техник хүлээн авсан, бүтээн байгуулалт өрнөсөн үр өгөөжтэй, ажил хөдөлмөр ундарч, амжилт бүтээлээр бялхан, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, өнөөдрийн өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн агаарын хилийн манаанд зогсоо эгэлхэн офицер, ахлагч, ажилчин алба хаагчдаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчдын маань хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Айлчлан ирж буй 2022 онд ахмад үе, дайчин уламжлалаа хүндэтгэх, Зэвсэгт хүчний түүхэн 100 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ агаарын дархан хилийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд амжилтаар өрнүүн ажлын жил байх болно. Ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн амжилт өөд урин дуудаж буй шинэ оноо халуун ам бүл, хамт олон, найз нөхдөөрөө сайхан угтаж, шинэ ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахын ерөөлийг өргөе.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ О.ЭНХБАЯР