Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын тайлангийн хуралд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, ХШҮГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа Тамир, командлалын бүтцийн нэгжийн дарга нар болон Агаарын цэргийн командлалын харьяа ангиудын удирдлага цахимаар оролцлоо.
Тайлангийн хурлын эхэнд Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр харьяа анги, салбаруудын ололт амжилт, хийж бүтээсэн ажлын тайланг танилцуулав. Тэр бээр энэ үеэр “Бид энэ онд агаарын цэрэг дайны байдлын үед болон тайван цагт байлдааны үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангахад чиглэсэн удирдлагын чухал баримт бичиг болох 5 төлөвлөгөөг батлууллаа. Тэрчлэн гадаад харилцаанд дэвшил гарч ОХУ, АНУ-ын өндөр дээд зочид төлөөлөгчид айлчилсан, олон төрлийн шинэ зэвсэглэл, техник хэрэгсэл хүлээн авч ашиглалтад шилжүүлсэн, нисэхийн анги болон тусгай салбарын хэмжээнд анх удаа дайчилгаа, бэлтгэл үүрэгтний сургалт зохион байгуулж, байлдааны буудлага хийсэн, тусгай болон онцгой үүргийн нислэгийн тоо 3,5 дахин өсөж тэдгээрийг осол зөрчилгүй үйлдсэн, баруун бүс нутгийн анги, салбаруудын авто техникт засвар хийж бэлэн байдлыг дээшлүүлсэн, анги, салбаруудад нийт 6,8 тэрбум төгрөгийн барилга бүтээн байгуулалт, засварын ажил хийгдсэн зэрэг томоохон ажлуудыг өрнүүлж, жилийн гүйцэтгэлийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн хангасан” гэдгийг онцлон тэмдэглэв.
Харин ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал ирэх жил болон ойрын жилүүдэд хийгдэх ажлын талаар товч мэдээлэл хийв. Мөн “2021 он Зэвсэгт хүчний Агаарын цэрэгт шинийг бүтээсэн, ахиц дэвшил гарсан он боллоо гэж дүгнээд, хийсэн бүтээснээ баталгаажуулж, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлон хамтдаа урагшлахыг хүссэн юм.
Хошууч Э.ОЧБАДРАХ