Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” тактикийн хээрийн сургуульд оролцож буй ОХУ-ын Агаар сансрын хүчний нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүн болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Монгол Ард” нисэх эскадриль байгуулагдсан өдрийг тохиолдуулан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа. Мөн энэ өдрүүдэд тус ангийн үүсэн байгуулагдсаны 51 жилийн ойн өдөр тохиож байгаагаараа онцлог байлаа.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн дарга хурандаа Н.Очирбат, Оросын Холбооны Улсын Зүүн цэргийн тойргийн Нисэх хүчний 11 дүгээр армийн томилгоот бүрэлдэхүүний ахлах нисгэгч дэд хурандаа Ю.М.Валичко нарын албаны хүмүүс оролцлоо.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Сэлэнгэ-2021 хээрийн сургуульд оролцож байгаа ОХУ-ын Агаар сансрын хүчний нисгэгч, техникийн бүрэлдэхүүн болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд Монгол Ард” нисэх эскадриль байгуулагдсан өдрийн мэндийг хүргэе.
Жил бүрийн энэ өдөр бол та бидний тэмдэглэлт өдөр юм. Аугаа их эх орны дайны үед Монголын ард түмний цуглуулсан хөрөнгөөр байгуулагдсан Монгол-Ард эскадрилийг хүлээлгэн өгсөн өдрийг Зэвсэгт хүчний 337 дугаар анги дээр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол-Ард эскадриль нь Улаан армийн бүрэлдэхүүнтэй хамт БЕРЛИН хүртэлх агаарын байлдааны ажиллагаанд оролцож, аугаа их ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан байдаг. ОХУ-ын ЧИТА хотын орчим байрлах нисэх баазын бүрэлдэхүүнд Монгол-Ард эскадриль одоо хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа нь Орос, Монгол ахан дүүсийн дайчин нөхөрлөлийг бататгаж байна.
1968 онд МиГ-15, МиГ-17 онгоцнуудыг хүлээн авч, 1970 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Монголын анхны нисэх хүчний эскадриль үүсэн байгуулагдсан нь одоогийн Зэвсэгт хүчний 337 дугаар анги юм.
Энэхүү эскадрилийн түүхэн замнал, алдар гавьяаг хадгалж байгаа Зэвсэгт хүчний 337 дугаар нийт бие бүрэлдэхүүнд дахин баяр хүргэж “Сэлэнгэ-2021 хээрийн сургуульд оролцож буй бүрэлдэхүүнд амжилт хүслээ.
Оросын Холбооны Улсын Зүүн цэргийн тойргийн Нисэх хүчний 11 дүгээр армийн томилгоот бүрэлдэхүүний ахлах нисгэгч дэд хурандаа Ю.М.Валичко бие бүрэлдэхүүнд хандаж “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч түрүүч ажилтан албан хаагчдаа Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” хээрийн сургуульд оролцож байгаадаа баяртай байна. Ахан дүүсийн барилдлагатай манай хоёр улсын хооронд энэхүү хээрийн сургууль жил болгон явагддаг нөхөрсөг уламжлал тогтоод удаж байна. Манай 2 орны инженер техник, аэродром хангалтын бүрэлдэхүүн энэхүү сургуулиар мэдлэг ур чадвараа харилцан солилцдог. Мөн хоёр улсын нисэх бүрэлдэхүүн сургуулиар тавигдсан үүргээ амжилттай биелүүлэхийг хүсэн ерөөе” гэсэн юм.
Ахлах нисгэгч дэд хурандаа Ю.М.Валичко Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчид болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангид “Монгол Ард” нисэх эскадриль байгуулагдсан өдрийг тохиолдуулан дурсгалын зүйлс гардууллаа.
ХОШУУЧ Э.ОЧБАДРАХ