Батлан хамгаалах яамны 110 жил, Зэвсэгт хүчний 100 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан Завхан нутгаас төрсөн генерал цолтнуудыг алдаршуулах тэдэнд зориулсан хүндэтгэлийн талбайг шинэчлэн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2.445.000 төгрөгийг хандивласныг өнгөрсөн даваа гарагт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Захирагчийн орлогч захиргааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа П.Мэндбаяр тус бүтээн байгуулалтын ажлын хэсгийн дарга, Завхан аймгийн Цэргийн хэлтсийн дарга, хурандаа Г.Үнэнбаярт гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.
Мөн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм. Завхан аймаг үүсэн байгуулагдсанаас хойш Монгол төрийн генерал цолтон 24 буюу Монгол улсын хэмжээнд хамгийн олон генерал цолтон төрсөн аймаг юм.
Ахмад Н.Мөнхбаатар