• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГИ ХАМТ ОЛОНТОЙГОО АМИН ХОЛБООТОЙ ЯВДАГ
Нийтэлсэн: 2021-05-10 13:39:22
Үзсэн: 49

АНГИ ХАМТ ОЛОНТОЙГОО АМИН ХОЛБООТОЙ ЯВДАГ
Нийтэлсэн: 2021-05-10 13:39:22 Үзсэн: 49



     Жигжидийн Цэенхорол гэх энэ эгэл, ажилсаг бүсгүй Зэвсэгт хүчний 337 дугаар ангид тасралтгүй 29 жил зангилгааны залгагчаар ажиллаж байгаа тэргүүний ажилтан албан хаагч юм.

     Түүнтэй уулзаж бичил ярилцлага өрнүүлэв.

     Та өөрийн тухай товч танилцуулна уу?

     -1973 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. 1989 онд Булган аймгийн Баяннуур сумын 8 жилийн дунд сургууль, 1991 онд Булган аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг тус тус төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүрэгт амьдарч байна

     “Холбоочин” мэргэжлийг сонгох болсон түүхээс...?

     -1992 онд Налайх дүүрэгт жаахан охин шилжиж ирж байлаа. Энэхүү мэргэжлийг эзэмших болсон шалтгаан гэвэл хүргэн ах маань анх цэргийн байгууллагад ажиллах саналыг тавьж анх 1992 онд Ардын армийн 337 дугаар ангид Холбоо радио техникийн Хангалтын батальоны “Тамир” суурин зангилгааны залгагчаар ажилд ороод өдийг хүртэл 29 жилийн нүүрийг үзэж байна даа.

     Ажлынхаа онцлогийн талаар бидэнд сонирхуулаач?

     -Залгагчийн мэргэжил нь маш хариуцлагатай ажил юм. Холбоог тасалдалгүй, бэлэн байдлыг хангах, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулж, нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй байдаг. Ардын Армийн 137 дугаар анги, Зэвсэгт хүчний 337 дугаар анги болтол 29 жил тасралтгүй ажиллахдаа “Тамир” зангилгааны залгагчаар сард 8 удаа жилдээ 96 хоног, 2304 цаг болон 29 жилд 2784 хоног, 66816 цаг  үүрэг гүйцэтгэсэн байдаг юм байна лээ. 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Ази, Номхон далайн дээд (АСЕМ) чуулганы үеэр хоногт 50 гаруй, ердийн үед 20 гаруй, ЗХЖШ болон АЦК, захирагчийн тушаалаар “Цугларах” дохиогоор ажиллах үед  25-30 ажилтан  албан хаагчид мэдээ дамжуулсан.

     “Тамир” зангилгааны П-198 коммутатор, П-303 нягтруулгын аппарат, Р-409 радио релейний станцуудад техник үйлчилгээ хийж, байнгын ажиллагаагаар хангасан. “Орхон” болон дотуур холбооны шугамын тасалдлыг цаг алдалгүй засварлуулж, холбооны ашиглалтын бичиг баримт, техник хэрэгслийн тооцооны дэвтэр, аппаратын журналыг хөтөлж хэвшсэн. Түүнчлэн ЗХЖШ-ын холбооны жижүүртэй тогтоосон хугацааны дагуу холбоо шалгаж, холбооны тасалдал гарсан үед үүрэн холбооны утсаар холбоо шалгаж, гарсан зөрчлийг тухай бүрд нь арилгуулсан.

     Хийсэн болон оролцсон бүтээлч ажлууд цөөнгүй дээ?

     -Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Монгол цэргийн жавхаа” тэргүүний тохижилттой анги, байгууллага шалгаруулах уралдааны хүрээнд “Тамир” зангилгааны өрөөг засварлан тохижуулсан. Мөн  ашиглалтын хугацаа дуусан П-198 коммутаторыг П-194 коммутатораар шинэчлэн солих ажилд оролцов. Ангийн байрлалд 7 чиглэлд 10 км  газар дотуур холбооны кабель тавих ажил, Налайхын дунд  голын гүүрнээс Зэвсэгт хүчний 014 дүгээр анги хүртэлх 800 метр газар, ангийн штабаас нисэх буудал хүртэлх 2 км газар  шилэн кабель тавих ажилд оролцсон.

     Таны хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас хэрхэн үнэлсэн бэ?

     -Хийж бүтээснийг минь үнэлж 2018 онд “Мэдээлэл харилцаа холбооны хүндэт жуух бичиг”-ээр, 2019 онд “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнасанд баярлаж явдаг.

     Ардын арми байх үеэс одоог хүртэл тасралтгүй 29 жил мэргэжилдээ үнэнч ажиллана гэдэг бахархалтай үйлс шүү. Туршлагатай ажилтан, албан хаагчийн хувьд хойч үе, залгамж халаа болох залуустаа хандаж үг хэлнэ үү?

     -Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй гэдэг шиг өөрийн ажил мэргэжилдээ үнэнч, шударга, өөриймсөг, тууштай байвал хэний ч өмнө амжилт дүүрэн ирээдүй байгаа шүү гэж хэлье дээ. Эцэст нь хэлэхэд энэ анги байгууллага миний анхны гэсэн болгонтой холбоотой. Ингээд бодоход үнэхээр сайхан байдаг юм байна. Анхны ажил, гэр бүлийн хүн маань цэргийн хүн байдаг анх танилцаад гэрлэж анхны хүүхдээ төрүүлж байлаа. Амьдралын минь А үсэг заасан үеийн  үеийн удирдлагууд, хурандаа Г.Бат-Орших захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олондоо талархаж явдгаа илэрхийлээд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

     Сэтгэлээ уудлан сайхан ярилцсан танд баярлалаа. Ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсье.

Ахлах дэслэгч Д.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650