Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 103 дугаар тусгай салбарын удирдах байрны жижүүр, ахлах ахлагч М.Батцэнгэлтэй цахимаар ярилцлаа.

Амрыг эрье. Сайхан хаваржиж байна уу?
-Амрыг эрье. Та сайхан хаваржиж байна уу.
Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1979 оны 2 дугаар сарын 9-нд төрсөн. 1986 онд Баянлиг сумын дунд сургуульд элсэн орж 1996 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр арван жилийн сургуулийг төгссөн. Одоогоор Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай ротод Удирдах байрын жижүүрийн албан тушаалд ажиллаж байна. Баянлиг суманд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байна.
Ахлагчийн албыг хааж буй түүхээс тодруулна уу?
-2002 онд Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбарт дизельчин албан тушаал дээр энгийнээр ажиллаж байгаад 2003 онд ЗХЖШ-ын даргын тушаалаар дэд ахлагч цол хүртсэн. Тэр цагаас хойш тус салбарт үр бүтээлтэй ажиллаж, 2008 онд ахлагч цол, 2018 онд ахлах ахлагч цол хүртэн нийт 25 жил тогтвор суурьшилтай ажиллаж байна.
Цэргийн хүн болох хүсэл хэзээнээс эхлэлтэй бэ?
-Хүүхэд ахуй цагаасаа энэ салбарын хашаанд тоглож өссөн. Аав маань тус салбарт нягтлан бодогч, ээж маань тогооч хийдэг байсан нь их нөлөөлсөн гэж боддог. Цэргийн ангитай ойр өссөн болоод ч тэр үү багын л цэргийн амьдралыг мэддэг, бахархдаг байсан. Хилийн цэргийн 0166 дугаар отрядад 1997-1998 онд хугацаат цэргийн алба хаалаа. Алба хаах хугацаандаа цэргийн хүн болно гэж эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
Энэ албаны сайхан нь таны бодлоор...
-Хувь хүнийг төлөвшилтэй, хувийн зохион байгуулалттай болгодог. Хүнээс үг дааж сурахаас эхлээд эх оронч үзэлтэй болох гээд олон зүйлсийг бий болгодог. Цэргийн хүн байна гэдэг их үүрэг, том хариуцлага байдаг. Ард иргэд биднээр бахархаж, хүүхдүүд цэргийн хүн болох юмсан гэх харцаар хардаг. Энэ бүхнийг мэдэрч өөрийн ажил мэргэжил, эх орноо батлан хамгаалж байгаагаараа бахархах хамгийн сайхан даа.
Та Зэвсэгт хүчинд 25 жил ажиллах хугацаандаа гаргасан амжилтаасаа дурдвал?
-2004, 2005 онд Баянхонгор аймгийн хүчний байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Марш тактик-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож тэргүүн байр, шилжин явах цом, 2006 онд хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2007-2008 онд Сьерра-Леоны 4 дүгээр ээлж , 2012-2013 онд Афганистан улсад ХБНГУ-тай хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны 6 дугаар ээлж, 2015-2016 онд БНӨСУ-д 5 дугаар ээлжээр тив, дэлхийн олон цэргүүдтэй хамт үүрэг гүйцэтгэж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, үүргээ амжилттай биелүүлж байсан.
Таны энгэрийн тууз чамгүй өргөн харагдсан. Хүртэж байсан гавъяа шагналуудынхаа талаар сонирхуулна уу?
-Төр засаг, Зэвсэгт хүчин ажил хөдөлмөрийг минь өндөр үнэлж Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, “Энхийн төлөө”, “Дайчин алдар III”, “Эх орны төлөө II,III”, НҮБ-ын I, II, III медаль, НАТО-ын медаль, Баянхонгор аймгийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Баянхонгор аймгийн Засаг даргын Жуух бичиг зэрэг шагналуудаар шагнагдсандаа баяртай явдаг.
Спортын цол зэрэгтэй байх аа?
-Ажил мэргэжлийн хажуугаар сонирхлын дагуу ширээний теннисээр хичээллэж II зэрэг авсан. ХБНГУ-ын буудлагын II зэргийг биелүүлсэн. Хүүхэд ахуй наснаасаа хурдны морь унаж өссөн болохоор Монгол уламжлалаа хадгалан хурдан морь уяж сум орон нутагтаа уралдуулдаг. Сум орон нутгийн хурдан морины уралдаанд нэг түрүү, гурван айраг аваад байна.
Цэргийн хүн болсондоо бахархаж байсан үе олон биз?
-НҮБ-ын “Энхийг дэмжих ажиллагаа”-нд оролцож байхдаа тус орны ард иргэд Монгол цэргүүдийг харан баярлаж, бусад орны цэргүүдээс илүү их итгэл хүлээлгэж байгааг хараад эх орон, Монгол цэрэг гэдгээрээ маш их бахархсан даа.
Залуу үеийнхэндээ хандаж үг хэлнэ үү?
-Зуун жилийн түүхэн замналтай Монгол Улсын Зэвсэгт хүчинд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ амжилт гаргаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орноо батлан хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр ажиллаарай гэж хэлье.
Ярилцсан танд баярлалаа, ажил албанд нь амжилт хүсье.
Ярилцсан ахмад Н.Мөнхбаатар