• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ ХҮН БОЛГОДОГ
Нийтэлсэн: 2021-04-14 19:52:07
Үзсэн: 2025

ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ ХҮН БОЛГОДОГ
Нийтэлсэн: 2021-04-14 19:52:07 Үзсэн: 2025



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 328 дугаар тусгай салбарын захирагч, ахмад Г.Энх-Амгалантай цахимаар ярилцав.

     Амрыг эрье,  алба тайван уу? Таны төрсөн нутаг ус, хүүхэд наснаас тань ярилцлагаа эхэлье.

     -Амрыг эрье, ротын үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагдаж байна. Миний бие Завхан аймгийн тэр үеийн Тосонцэнгэл хотод төрж өссөн. Гурван хүүхэдтэй айлын дунд хүү. Эцэг, эх маань нутаг усандаа  нэр хүндтэй, ажилч хөдөлмөрч гэр бүл байдаг. Тэд маань баруун таван аймгийг мод, модон эдлэлээр хангадаг 10,000 ажилчинтай Тосонцэнгэл хотын мод боловсруулах үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхэлж, 1990 оны өмч хувьчлалын үеэр өөрсдийн аж ахуй нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2000 оны үед аж ахуй нэгжийн үйл ажиллагаа нь зогссон. Аав маань гарын дүйтэй нэгэн бөгөөд 14 настайгаасаа эхлэн ажлын хажуугаар мужаан хийж, хуримаа хийхдээ гэрийн бүх тавилгуудаа өөрөө хийж байсан гэдэг.

Тийм болохоор багаасаа мөнгөний үнэ цэнийг мэдэж ямар их хөлс хүчээр мөнгө олдгийг мэдэрч өссөн. Одоо аав, ээж маань Тосонцэнгэл сумандаа 3 хүүхдээ тусад нь гаргаад өөрсдийн чадах хэрээр ажиллаж, хөдөлмөрлөөд сайхан амьдарч байна. Тосонцэнгэл сум маань жимс, самраар алдартай газар тухайн үеийн хүүхдүүдийн адил миний бие 4 дүгээр ангиасаа ахтайгаа жимсэнд явж, зун, намрын улиралд бараг 1 сарыг модонд жимс түүн өнгөрөөдөг байлаа. Бид хоёрын энэ хөдөлмөр маань хичээл орох үед үр өгөөжөө өгч хичээлийн хэрэглэл, өмсөх хувцсаа төвөггүйхэн авчихдаг байсан.

     Цэргийн хүн болох сонголтын талаар...

     -Би 2006 онд Тосонцэнгэл сумын Л.Цэндийн нэрэмжит 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгссөн, тэр үед манай анги 18 банди, 7 охинтой, багшийг маань Д.Мөнхцэнгэл гэдэг залуухан багш байсан. Багш маань миний хувьд зөв төлөвших, сур ч боловсрох арга барилыг эзэмшихэд дэмжиж тусалсан ачтай нэгэн. Миний хувьд хүүхэд байхаасаа нисгэгч болохыг мөрөөддөг онгоц миний хувьд сонирхлыг минь их татдаг байлаа. Ах маань надад онгоцтой арай ойрхон мэргэжил бол ШУТИС-ийн МИС-ийн онгоцны хөдөлгүүрийн ангийг төгсвөл МИАТ-д ажиллах боломжтой онгоцонд ойртож болох юм гэж зөвлөдөг байлаа.

     Аав надтай ямар мэргэжил сонгох талаар ярилцаж байхдаа улсын сургуульд тэнцвэл аав, ээж нь хичээж байгаад төгсгөнө, харин хувийн сургуульд орвол надтай хамт мужаан хийнэ шүү гэж хэлж байсан нь миний хувьд шалгалтаа хариуцлагатай  өгч заавал улсын сургуульд орох зорилгыг өөртөө тавихад хүргэсэн. /инээв/

     Сонгосон мэргэжлээр шалгалтаа өгсөн болов ч миний мөрөөдлийн сургуулийг маань дүнгээрээ өмнө жагссан хүүхэд авчихлаа. Тэгээд л ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй явж байтал манай ангийн хэдэн хүүхэд ирээд чи БХИС-д тэнцсэн байна. Нэр чинь ЗТДГ-ын үүдэнд бичээтэй байна гэхээр нь аав, ээж, ах гээд бүгд рүү нь залгаад ярьж гарлаа. Аав маань манай удамд цэргийн хүн цөөн, хүүгээ цэргийн хүн болвол их баярлана гэж хэлсэн нь надад их урам өгсөн. Тэгээд л мэргэжлээ сонгохоор Завхан аймгийн цэргийн штабын даргын өрөөнд ортол цэргийн олон мэргэжил хэллээ. Миний хувьд анх удаа сонсож байгаа болохоор тогтооход хэцүү байв. Багш маань цуг мэргэжил сонгохоор орсон болохоор ярилцаж байгаад шийдсэн. Одоо миний ажиллаж амьдарч, замналаар нь явж байгаа энэ мэргэжлийг сонгосон.

     Сонсогч үеийн түүх одоо бол нандин дурсамж байгаа даа. Энэ тухайд...

     -Миний сонсогч үе бусдын л адил алдаа гаргахыг хүсдэггүй ёстой л дүрмийн дагуу байхыг хичээдэг байлаа. Сургуулийн жагсаалын талбай дээр тэр том жагсаал дунд зогсож, тэгээд төрийн дууллаа орой бүр дуулж төрийн далбаагаа хүндэтгэлтэйгээр буулгаж байгаа нь өвөрмөц мэдрэмж байлаа. Яг энэ мөчид бидний найз нөхөд үе тэнгийн залуучууд маань юу хийж, яаж яваа болоо тэр хүмүүсийн нэг нь ч миний энэ мэдрэмжийг авч чадахгүй байгаа нь харамсалтай гэж бодож, өөрөөрөө бахархдаг байсан. 2011 онд Улаанбаатар хотод олон улсын шинж чанартай холын зайн марафон гүйлт болж билээ. Манай ротоос оролцох хүсэлтэй сонсогч нарыг сонгох үед нь гарч 21 км зайд нэлээд хэдэн нөхдийн хамт гүйсэн. Би тэмцээнд оролцогчдоос нээх дутахгүй байх гэж бодож байлаа гэтэл мэргэжлийн тамирчид их оролцсон болохоор эхний 13-т орсон, сургуулиасаа бол хамгийн түрүүнд нь ирсэн, шаггүй хол зай шүү. /инээв/ Гүйж ирээд сунгалтын дасгал хөдөлгөөн хийлгүй бороотой өдөр байсан болохоор машинд ороод шууд унтаж орхисон чинь 7 хоног хөл маань жагсаалд явж чадахааргүй буларч билээ тэр үед цэргийн албаны офицерууд, биеийн тамирын багш гээд нэлээдгүй хүмүүст зэмлүүлж билээ. Одоо сонсогч байх үеийн жагсаалын бэлтгэл, цээжилсэн тодорхойлолт, цэргийн тангараг гээд бүгд л шинэхэн мэт санагдаж байна.

     Ажлын анхны гараа, анхны томилолтоо дурсаач?

     -Би аминдаа онгоцтой ойр байх санаатай Зэвсэгт хүчний 337 дугаар ангид ажиллах бодож хүсэлтээ өгсөн боловч ЗХЖШ-ын даргын хурлаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр тусгай салбарт РЛС-ын салааны захирагчаар томилогдсон. Гарч ирээд аав, ээждээ хэлэх үед баяртайгаар хүлээж авсан ч миний хувьд бол хөдөө суманд ажиллана гэж хэзээч төсөөлж байгаагүй болохоор хэцүүхэн сонсогдож байсан.

     Оройн цагаар 20:00-24:00 цагийн хооронд цахилгаан ирдэг. Ажилчдын байр гэж тусдаа байр байхгүй байсан учир салбарын хашаанд цуг томилогдсон 1 офицер, 1 ахлагчийн хамт 4 ханатай жижиг гэрт анх орж ажлын гараагаа эхэлж байлаа. Цэргийн сургуулийн том жагсаалаас салбарын жагсаал мэдээж жаахан шүү дээ хаана ирчих вэ гэж өөрөөсөө асуух үе байдаг л байлаа. Салааны бүрэлдэхүүн маань бүгд л 40 нас дөхсөн миний хувьд настай ах, эгч нар байсан ч албаны шугамаар надад захирагдана шүү дээ. Миний мөрөөдөл ажлаа хийхэд их тус болж байлаа. Оройн цагаар ээлж тоотоо шалгаж, бараг л би генерал болно гээд л мөрөөдлөө яриад явдаг байсан сүүлд бодохнээ яасан ч том мөрөөдөө вэ гэж боддог шүү. /инээв/

     Тэр цагаас хойш радиотехникийн мэргэжлийн офицеруудын адилаар томилогдон ажиллаж байгаад, тусгай ротын захирагч гэдэг энэ албан тушаалд дээд шатны дарга нарын дэмжлэг, шийдвэрээр томилогдсон нь ихээсэн үүрэг, хариуцлага үүрүүлж байгаа хэрэг гэж үзэн хичээж ажиллаж байна.

     Цэргийн хүний онцлог бол байнга нэг газраа ажиллаад байдаггүй. Хэр олон томилогдон үүрэг гүйцэтгэж байв?

     -Миний хувьд бусдын адил нэг газраас нөгөө руу нүүж явж байгаа ч Зэвсэгт хүчний 325 дугаар ангийнхаа үндсэн үүргийн дагуу Монгол Улсынхаа баруун хязгаараар л ажиллаж, амьдарч байна даа. /инээв/

     2011-2013 онд Завхан аймгийн Сонгино суманд салааны захирагч, 2013-2015 онд Завхан аймгийн Улиастай суманд 325 дугаар ангийнхаа ХКБ-д байлдааны удирдлагын офицер, 2016-2017 онд хорооны штабт РТА-нд РЛС-ын засварын инженер, тусгай бэлтгэлийн багш, 2017-2020 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тусгай ротын захирагчийн орлогчоор тус тус ажиллаж байгаад, 2020 оноос Увс аймгийн Зүүнговь суманд тусгай ротын захирагчаар томилогдон  ажиллаж байна. 2012 онд тусгай ротын тэргүүний офицер, 2015 онд Хорооны тэргүүний офицер, 2020 онд агаарын цэргийн мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээнд орж, II байр эзэлсэн маань миний ажлын үр дүнг илэрхийлсэн бахархаж явдаг амжилтууд минь билээ.

     Алс баруун хязгаарт Алтай таван богдын өвөрт очиж ажиллана чинээ бодож байгаагүй юм. Тэгсэн ч тэнд ажиллаж амьдархад надад тийм ч хэцүү санагдаагүйн дээр тайван сайхан газар, ажил амьдралын минь хувьд ч тэр олз омог ихтэй он жилүүд байсан. Тэнд ажиллаж байх үедээ хань ижилтэй болж 2 хүүхдийн аав болсон нь миний амьдралын хамгийн их баярт үйл явдал юмаа.

     НҮБ-ийн мандаттай энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд оролцож байв уу?

      -2014 онд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн төвд ажиллаж байх хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд оролцох сайхан боломж олдсон. Афганистан улсад тухайн үед явагдаж байсан АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн аравдугаар ээлжинд хурандаа Өлзийбаяр захирагч багт биет хамгаалалтын бүлэгт үүрэг гүйцэтгэсэн.

     Багийн захирагч маань сайн дарга, бид бүхний эцэг шиг л бүх зүйлд удирдан чиглүүлж байсан. Цэргийн багт цуг үүрэг гүйцэтгэсэн залуус маань эр хүний жудаг, хүн чанар ямар байх ёстойг яруу тодоор харуулсан, цэрэг эрстэй хамт үүрэг гүйцэтгэсэндээ бахархаж явдаг. Дээр нь англи хэл сурах хүсэл тэмүүлэлтэй болж ирсэн америк хүмүүстэй ярихыг их хичээдэг байсан ч хэлний бэрхшээл тулгардаг байлаа.

     Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, ирээдүйн чиг хандлагын талаар өөрийн бодлоо хуваалцана уу?

      -Зэвсэгт хүчин маань төрлийн цэргийн командлалуудыг шинээр бий болгон үүрэг чиглэлээр нь салган бие даалган үйл ажиллагааг явуулж, кибер цэргийг бий болгоод байгаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын жишигт нийцсэн Зэвсэгт хүчинтэй болохоор зорьж байгааг харуулж байна. Зэвсэгт хүчин тэр дундаа Агаарын цэргийн офицер хүний хувьд агаарын цэргийн хөгжил эрчимтэй явагдаж бидний ашиглаж байгаа станц техник шинэчлэгдэн олон улсын жишигт нийцсэн цэрэг болон төлөвших эх үүсвэрүүд тавигдан үйл ажиллагаа бүтцэд томоохон өөрчлөлтүүд орж байгаа нь бидний ирээдүй өнгөтэй байна гэдэгт итгэл төрүүлдэг.

      Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

      -Хөдөлмөр хүнийг хүн болгодог гэдэг үгийг эрхэмлэн ажилладаг. Жижиг, том ямарч ажлыг сэтгэл гарган хийх нь чухал юм шиг санагддаг. Цэргийн хүн хувцаслалтаас эхлээд нийгмийн харилцаанд оролцохдоо хүртэл Зэвсэгт хүчний анги байгууллагын маань нэр гарна гэж бодож хийх үйлдэл хэлэх үгээ хүртэл цэгнэж явах нь зөв юм шиг санагддаг. Дүрэмт хувцас өмсөөд хог хаяад архи, дарс уугаад тамхи татаад байгаа алба хаагчдыг харахаар өмнөөс нь ичих шиг болдог. Цэргийн алба хаагч хүн ажлаа сэтгэлээсээ, миний юм гэсэн байдлаар хандан хамгийн дээд зэргийн чанар, гүйцэтгэлтэй хийх хэрэгтэй. Цалингийн төлөө бус ажлын төлөө байвал албаны маань нэр хүндэд сэв суухгүй байх юм болвуу гэж боддог.

     Таны бахархал юу вэ?

     -Монгол Улсынхаа агаарын дархан хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих эрхэм бөгөөд хүндтэй үүргийг биелүүлж байгаагаараа үргэлж бахархаж явдаг.

     Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

Ярилцсан дэд хурандаа П.Мэндбаяр

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56014
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51986
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50106
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49105
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48938
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48647