
Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нийт 22 улсын Агаарын цэргийн командлагч нарын дөрөв дахь удаагийн цахим хурал 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Цахим хуралд Монгол Улсын Агаарын цэргийн командлагчийг төлөөлөн Агаарын цэргийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Б.Энхзоргол, АНУ-аас Монгол Улсад суугаа цэргийн атташе дэд хурандаа Филип Х.Лью, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн дэд хурандаа Б.Мөнхбаяр нар Агаарын цэргийн командлалд хүрэлцэн ирж оролцлоо.

Цахим хурлаар “Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтын ярианы агуулгыг тодорхойлох”, “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх”, 2021 оны 08-09 дүгээр сард зохион байгуулагдах “Бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагаа” сэдэвт бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтаар зөвлөлдөх ярианы сэдвүүдийг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, зөвлөлдлөө.
Хурлын эхэнд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн Агаарын цэргийн командлагч генерал К.Вилсба Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийв. Мөн хуралд оролцогч зарим орнуудын Агаарын цэргийн командлагч нар Агаарын цэргийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын төлөө хамтран ажиллах, чуулга уулзалтаар хэлэлцэх асуудлуудын талаар санал сэтгэгдлээ хуваалцсан үр дүнтэй хурал болов.

Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарын дараагийн чуулга уулзалтыг 2021 оны 8-9 дүгээр сард АНУ-ын Хавай мужид зохион байгуулахаар товлосны дагуу генерал К.Вилсба бусад орны Агаарын цэргийн командлагч нарт албан ёсны урилгыг дахин хүргүүлсэн юм.