
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд эх орны ирээдүй болсон эцэг эхийн энхрий бяцхан хүү И.Алтансударын эмчилгээний зардалд зориулан зохион байгуулагдаж буй “Би гүймээр байна” хандивын аянд нэгдлээ.
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн иргэн Б.Идэрбатын хоёр ихэр хүүгийн нэг И.Алтансудар нь тархины саажилт өвчний улмаас доод мөчний чангарал үүсэж суумгай болсон тул Энэтхэг улсад Ризотоми буюу мэдрэлийн ёзоор тайрах хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хагалгааны үр дүн 95 хувь буюу хөлд орох бүрэн боломжтой гэсэн хариу авсан байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлд: Иргэн, хуулийн этгээд нь “Иргэний болон нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах”, “Хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих” үүрэгтэй гэсэн заалтын дагуу тус ангийн удирдлага, хамт олон сэтгэлийн дэм үзүүлж 500,000 төгрөгийн хандивын туслалцаа үзүүллээ.