ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ АГААРЫН БАЙЛДААН, МАХЦ-ИЙН НИСЭХ ХҮЧНИЙ ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ, БЭЛЭН БАЙДАЛ, БАЙЛДААНЫ ТУРШЛАГА, УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ХОР УРШИГ
Нэгэн мянга есөн зуун гучаад оны эхээр Япон улсаас Алс Дорнодод явуулж буй түрэмгий үйл ажиллагаа нь улам идэвхижиж 1932 оны 3 дугаар сард Манжуурыг эзлэн авч Бүгд Найрамдах Монгол Ард Улсад дайны аюул заналхийлэх болов.
Япон, Манжийн тал 1934 оны дунд үеэс БНМАУ-ын дорнод хил хязгаараар өдөөн хатгалга үйлдэж эхэлсэн ба улам даамжирч, хэдэн зуу, мянга хүртэлх цэргийн хүчээр манай хилийн харуулууд уруу довтолж, түрэмгийлэх явдал өсч байв. Япон, Манжийн цэрэг 1936 оны хавар БНМАУ-ын хил хязгаарт халдан довтолж цохигдсоноор өдөөн хатгалга хийх нь нэг хэсэг намжив. Гэвч манай улсын зүүн хил, хязгаарын байдал түгшүүртэй хэвээр байсаар 1939 онтой золгов. 1939 оны тавдугаар сар гарахад Халхын голд Япон болон Зөвлөлт-Монголын тал цэргийн ихээхэн хүчийг хуримтлуулаад байлаа. Тавдугаар сарын 1 гэхэд Японы цэргийн нисэх хүчний 355 онгоц, Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн авиабригадын 82 онгоц очоод байлаа. Харин тавдугаар сарын сүүл гэхэд энэ тоог Өвөр байгалийн 23 дугаар авиабригадаас хангаж 203 болгосон юм.
Дэлхийн цэрэг дайны түүхэнд хязгаарлагдмал бага орон зайд хамгийн олон нисэх онгоц оролцсон хамгийн том агаарын тулаанаар 1939 онд Халхын голын дайны тэнгэрт өрнөсөн агаарын байлдаан гэж зүй ёсоор нэрлэдэг байна.
Халхын голын дайн 1939 оны 5 дугаар сарын 28-ны үүрээр Японы 40 орчим нисэх онгоц БНМАУ-ын дархан хилийг давж, манай цэргийн ар талыг бөмбөгдсөнөөр эхэлсэн гэж үздэг. Энэ дайн эзлэх газар нутгийн хувьд Халхын голоос улсын хил хүртэлх 60-80 км урт, 15-20 км өргөн газар оронд явагдсан боловч агаарын байлдааны хувьд Халхын голоос баруун тийш Тамсагбулаг, Баянтүмэн хүртэлх, зүүн тийш Ганжуур сүм, Жанжин сүм, Халуун рашаан, Эрс уул, Нөмрөгийн гол хүртэл орон зайг хамарч байж. Учир нь 1939 оны зургадугаар сарын 22, 25, долдугаар сарын 3, 26, наймдугаар сарын 15-нд Японы нисэх онгоцууд Тамсагбулагийг, долдугаар сарын 26-нд Баянтүмэн (Өнөөгийн Дорнод аймгийн төв Чойбалсан хот)-г тус тус бөмбөгдөж үлэмж хохирол учруулсан бол Монгол, Зөвлөлтийн нисгэгчид Японы цэргийн ар талын бааз болох Яньху, Үзүүр нуур болон Номон хан, Бүрд овооны орчим газарт агаарын цохилт өгчээ.
Ийнхүү 1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд эхний үед японы нисэх онгоцууд агаарт ноёрхож байжээ. 5-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын байлдааны туршлага муутай, газар орны байдал, дайснаа сайн судлаж мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ.
Иймээс Москва дахь цэргийн удирдлага Монголд байгаа цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна.
Японы онгоцнууд нам өндрөөр нисч фронтын шугам даван хориглолтын шугам, байгууламжууд дээр гэнэт гарч ирэн бөмбөгдөж Зөвлөлт, Монголын талд хүн хүч, машин техник, эд материал, агт морьдын их гарз хохирол учруулж байсан тул Зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдсан туршлагатай сурган нисгэгчид, сөнөөгч онгоцны туршлагатай нисгэгчдийг яаралттай Монгол руу илгээхээр шийдсэн байна. 1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн Зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж ирсэн байв.


1939 оны 6 дугаар сарын 22-нд Зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц Японы 120 онгоцтой нэгэн зэрэг гурван газар агаарт тулалдсан. Агаарт болсон энэ тулалдаанд Япончууд Ки-27 буюу И-97 загварын шинэ сөнөөгч онгоцоо оруулсан бол Зөвлөлтийн тал И-15, И-16 бис, “Чайка” хэмээх давхар далавчит И-153 сөнөөгч онгоцнуудаар тулалдаж дайсны 30 онгоцыг унагаж өөрийн 14 онгоцоо алдсан байна. Зургадугаар сарын 26-нд болсон тулааны үеэр Зөвлөлтийн гурван сөнөөгч Японы 10 онгоцтой үхэл сөрөн тулалдаж хошууч В.М.Забалуевын онгоц гэмтэж шүхрээр буухад нь ЗХУ-ын баатар С.И.Грицевец дайсны эзэлсэн газар нутагт бууж ганц хүний суудалт сөнөөгч онгоцондоо нөхрөө багтаан аварч гарсан байна.
Мөн сарын 27-ны өдөр Зөвлөлтийн 23 онгоц дайсны 70 орчим сөнөөгчтэй тулалдсан. Энэ тулаанаар онгоц нь дайсанд оногдон унасан ЗХУ-ын баатар Г.П.Кравченко гурав хоногийн дараа шумууланд баахан баригдчихсан ангидаа явган эргэж ирж байжээ. Долдугаар сарын 4, 5 –ны өдрүүдэд Баянцагааны тэнгэрт болсон агаарын тулаанд Зөвлөлтийн нисгэгчид дайсны 24 онгоцыг унагаж өөрийн талаас нэг онгоцны хохирол амссан бол 8-ны өдөр дайсны 21 онгоцыг унагасан байна. 6 дугаар сарын 27-нд Японы 30 бөмбөгдөгч, 74 сөнөөгч Тамсагбулагийг дайрч, японы 26 бөмбөгдөгч Баянтүмэнийг бөмбөгдсөн, энэ өдөр зөвлөлтийн тал 20 онгоцоо алдсан. Ингээд 7 дугаар сар гараад Зөвлөлтийн нисгэгчид агаарын байлдаанд ноёрхож эхэлсэн байна. 10-ны өдөр Японы 100 орчим И-97 сөнөөгч онгоцоор Халхын голын баруун эрэгт байрлах Зөвлөлт Монголын цэргийн хориглолт уруу дайрахад Зөвлөлтийн талаас 80 сөнөөгч онгоц хөөргөж хоёр талын 180 орчим онгоц оролцсон агаарын тулалдаан өрнөж Японы 11 сөнөөгч онгоцыг унагасан байна.
Долдугаар сарын 20-ны агаарын тулааны үеэр залуу нисгэгч В.Вуссагийн онгоцыг Японы хоёр сөнөөгч хөөж явахыг ахлах дэслэгч В.Ф.Скобарихин ажиглангуут огцом эргэлт хийж дайсны онгоцны сүүлийг онгоцоороо мөргөлөө. Түүнийг онгоцтойгоо газарт унаад ухаангүй байхад нь нөхөд нь нисэх буудалд авчирсан. Түүний энэ гавьяаг ахмад В.П. Кустов бас давтаж агаарын тараны хоёр дахийг Халхын голд хийсэн. Наймдугаар сарын 4-нд сөнөөгч онгоцны нисгэгч А.Ф.Мошин бас давтлаа. Тэрээр хамаг сумаа дуусгаад байтал дайсны онгоц мөрдөж эхэлсэн. Тэр огцом эргэлтээр дайсны онгоцыг мөргөж унагаад буудалдаа эсэн мэнд эргэж ирсэн. Наймдугаар сарын 4-нд батальоны комиссар М.А.Ююкин байгаа бөмбөгдөөд буцаж явахдаа агаарын их бууны суманд өртжээ. Тэрээр онгоцоо доош уналтаас татан гаргах гэсэн ч дайсны агаарын их бууны суманд оногдон шатаж эхэлсэн онгоц нь жолоодлоггүй болж улам доошоо унасаар байлаа. Ингээд тэрээр эрс шийдэж галд автсан онгоцоо Японы агаарын их бууны батарейны эгц дээрээс нь унагах нь тэр. Дайчин нөхөд нь дайснаас түүнийг өшөөг авах болно гэж андгайлж билээ хэмээн 150-р бөмбөгдөгч онгоцны хорооны үйл ажиллагааны тухай Халхын голын дайнд тус хороонд штурманаар дайтаж явсан Николай Ганин 2005 онд ийнхүү дурсжээ. Хожим нь Халхын голын дайнд тус хороонд алба хааж байсан ахмад Н.Ф.Гастелло Эх орны дайнд комиссар Ююкины баатарлаг үйлсийг давтаж, 1941 оны 6-р сарын 26-ны өдөр байлдааны даалгавар биелүүлэхдээ дайсны зенитын суманд өртөж, шатаж байгаа онгоцоо танк, бензин тээвэрлэгч галт тэрэгний цуваа бүхий фашистын цэргийн бөөгнөрөл рүү чиглүүлж, устгасан тул мөн өдрийн ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгожээ.

8-р сарын дунд хүртэл газрын томоохон байлдаан болоогүй боловч агаарын ширүүн тулалдаануудын явцад японы нисэх хүчин агаарт ноёрхолоо бүрэн алдав. Хожим Маршал Г.К.Жуков, “...Эх Орны дайны жилүүдэд ч тийм олон тооны онгоц оролцсон тулаан үзээгүй” гэж дурссан байдаг. 8-р сарын 20-нд Зөвлөлт Монголын ерөнхий давшилт эхэлж, давшилтын өмнө 150 бөмбөгдөгч онгоц, 100 гаруй сөнөөгч онгоцоор халхавчлуулан хүчтэй цохилт хийж, бид өдөрт 2-3 удаа бөмбөгдөлтөнд нисдэг байв. Харин хамгийн хэцүү даалгаварт хашир туршлагатай нисгэгчид буюу “өвгөчүүл” нисэж, харин залуу нисгэгчид болох “шинэковуудыг” газарт үлдээж байв.
Энэ өдрүүдэд Зөвлөлтийн 150 болон 38 дугаар бөмбөгдөгч хорооны 108 бөмбөгдөгч онгоцоор дайсны ар талын Янху нуур, Үзүүр нуур, Номун хан, Бүрд овоо зэрэг газруудад дайсны байрлалыг бөмбөгдсөн байна. Наймдугаар сарын 20-ны өдөр Монгол-Зөвлөлтийн дайчдын их давшилтын үеэр Зөвлөлтийн 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсныг бөмбөгдөж агаараас цохилт өгсөний зэрэгцээ дайрагч хэсгийн 44 онгоцоор дайсны агаарын их бууны цэгүүд рүү дайрсан байна. Наймдугаар сарын 21 –ний өдөр Японы нисэх хүчин 88 сөнөөгч онгоцоор халхавчлан 41 бөмбөгдөгч онгоц хөөргөн Тамсагбулагийн чиглэлд дайрахад Зөвлөлтийн 184 онгоц хөөрч агаарт хоёр талаас нийт 300 онгоц оролцсон урьд өмнө нь цэргийн түүхэнд болж байгаагүй томоохон агаарын тулаан болсон байна. Дайнд оролцсон ахмад дайчдын яриа дурсамжинд Халхын голын тэнгэрт болсон агаарын тулалдаанд Зөвлөлт, Японы онгоцнууд тэнгэр бүрхэн нар халхалж ялаа шумуул мэт бужигнан хөөцөлдөж энд тэндгүй агаарын их бууны сум дэлбэрч шатсан онгоцнууд хар утаа татуулан доошоо унаж ширүүн тулалдаж байсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Дайны төгсгөл рүү японы тал хохирлоо нөхөх чадваргүй болж Ки-10, Ки-4 зэрэг давхар далавчтай хуучирсан онгоцуудыг тулаанд оруулах болсон. Японы нисгэгчид ч олон удаа нисч, амрах хугацаа нь багассанаас туйлдан, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж, ялалтад тэмүүлэх зүрх зориг нь мохож ихэд суларч иржээ. Халхын голын дайнд Зөвлөлтийн нисгэгчид 20.524 байлдааны нислэг гүйцэтгэснээс 18500 нислэг нь сөнөөгч онгоцны, 2015 удаагийн нислэг нь бөмбөгдөгч онгоцны нислэг байсан байна. Зөвлөлтийн тал “СБ”, “ТБ-3” маягийн бөмбөгдөгч онгоцоор гол бөмбөгдөлтийг үйлддэг байв.
8-р сарын 25-нд хорооны дарга Михаил Федорович Бурмистров Халуун Рашаан өртөөнд бөөгнөрсөн дайсны цуваа устгах даалгавраас эргэж ирээгүй тэрээр япончуудтай тулалдахдаа эр зоригийн үлгэр жишээ үзүүлж, түүний удирдлаган доор хороо даалгаврыг маш сайн биелүүлж байсан бөгөөд операцын явцад аймшиггүй агаарын тулаанч гэдгээ харуулсан. Хороог удирдаж 22 удаа тулалдаанд оролцсон. Агаарын тулаанд баатарлагаар амь үрэгдсэн. Халхын голын орчим байлдаанд гавъяа байгуулсны төлөө Байлдааны улаан тугийн одонгоор шагнагдсан... гэж ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнах тодорхойлолтонд дурьдаж, 1939 оны 11-р сарын 17-нд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгожээ. Халхын голын дайнд манай хорооны бие бүрэлдэхүүний гуравны нэг амь үрэгдсэн. Сүүлийн үед 70х30 км энэ өчүүхэн цөлөрхөг газрын төлөө ингэж их хохирол үзэх ямар хэрэг байсан юм гэдэг асуулт олонтаа сонссон. Би хариулахдаа, япончууд Хасан нуурын дэргэд, хамгийн гол нь Халхын голд бутцохигдсон учраас 1941 оны намрын хамгийн хэцүү цагт ЗХУ руу довтлож зүрхлээгүй юм даа гэж ахмад дайчин дурссан байдаг. Наймдугаар сарын 20-нд Зөвлөлт Монголын дайчдын их давшилтын үеэр Зөвлөлт Монголын нисгэгчид 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсны талд цохилт өгсөн байна. Үүнтэй нэгэн зэрэг дайрагч хэсгийн 44 онгоц дайсны агаарын их бууны цэгүүдийг довтолсон. Энэ өдрийн турш дайсны байрлалд нийтдээ 166 тонн бөмбөг хаясан юм.
Наймдугаар сарын 21-нд Японы нисэх хүчин 88 сөнөөгч онгоцоор халхавчилсан 41 бөмбөгдөгч агаарт гаргалаа. Тамсагбулгийн чиглэлд болсон энэ тулаанд Зөвлөлтийн талаас 184 онгоц орж агаарт хоёр талаас нийтдээ 300 гаруй онгоц агаарт гарч тулалдсан. Ингээд тавдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 15 хүртэл Халх гол орчимд Зөвлөлтийн нисгэгчид 20 мянга 524 удаагийн нислэг үйлдэсний 18,5 мянга нь сөнөөгч онгоцны 2015 нь бөмбөгдөгч онгоцны нислэг байсан байна. Халхын голд Японы тал 646 онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 258 онгоцоо алджээ.
Энэ дайны үеэр Японы талаас нийт 660 нисэх онгоцыг агаарт болон газарт аэродром дээр нь устгагдсан гэсэн тоо байдаг. Харин Монгол, Зөвлөлтийн тал 258 онгоцоо алдсан гэж сүүлийн үеийн судалгаануудад дурьдсан байдаг.
Халхын голд болсон агаарын тулалдаанд эр зориг гарган баатарласан Зөвлөлтийн 28 нисгэгчид ЗХУ-ын баатар цол, С.И.Грицевец, Г.П.Кравченко нарт ЗХУ-ын баатар цолыг хоёр дахь удаагаа өгсөн. Хожим нь Я.В.Смушкевичид бас Алтан таван хошууг хоёр дахь удаагаа өгсөн юм. Халхын голд ирсэн нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд шаргуу сургаж удалгүй И-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрх фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна. Мөн 9 сарын 2, 4, 14, 15-нд Японы тал агаараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн нисэх хүчин ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн тийрэлтэд сум хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ.
Халхын голын дайны үеэр японы нийт 660 нисэх онгоцыг агаарт болон аеродромд нь устгасан ажээ. Британийн “Эйр Ентузиаст” сэтгүүл Е.Секигавагийн бичсэн “Халхын гол дахь агаарын зарлаагүй дайн” цуврал өгүүллэгийг 1973 оны гурван дугаартаа дараалан нийтэлжээ. Секигава Зөвлөлт, Япон хоёр агаарын байлдаанд тус тусын хохирлыг хэрхэн өсгөж байсан болон агаарын байлдаанд японы хохирлыг баримтаар тооцон гаргажээ. Энэхүү тоо баримтыг хэдийгээр нягтлах шаардлагатай гэх боловч оросын судлаачид хүртэл эдүгээ ашиглах болжээ. Секигава Халхын голын агаарын байлдаанд Японы нисгэгчид “үндсэндээ ялсан” гэдэг дүгнэлт хийжээ. “Эйр Ентузиаст” сэтгүүл 1996-1997 оны дугаартаа А.Валгийн бичсэн “Талын дээрх Жигүүр: 1930-1945 онд Монголд явагдсан агаарын байлдаан” хэмээх мөн цуврал гурван өгүүллэг нийтлүүлжээ. Генри Сакайда “Мандах нарны шилдэг нисэгчид” номныхоо “Халхын Гол” гэсэн хэсэгт Номонханы агаарын тулалдааны талаар бичжээ. Тэрээр зөвлөлтийн тал японы 650 онгоцыг устгасан гэдэг боловч баримтаар нотлогдсон хохирол нь 162, японы тал зөвлөлтийн 1162 онгоцыг агаарт, 98 онгоцыг газарт устгасан гэдэг боловч байлдааны хүлээн зөвшөөрсөн хохирол нь 207 онгоц тус тус байсан.
Японы нисгэгч Хиромичи Шинохара агаарт 58 ялалт, зөвлөлтийн нисгэгч С.Грицевец 40 илүү ялалт тус тус байгуулж шилдэг нисгэгч (дайсны олон онгоцыг устгасан нисгэгчийг "ace" буюу "ас" гэдэг) болсон гэжээ. Японы нисгэгч Б.Ёошияама 20 ялалт, И.Сакай 15 ялалт, Ж.Ивахаши 20 ялалт, М.Масузава 12 ялалт, Ш.Сайто 25 ялалт, К.Шимада 27 ялалт тус тус Номонханд байгуулсан гэнэ. Чингэвэл эдгээр долоон нисгэгчдэд зөвлөлтийн нийт хохирлын 77 хувь ногдож байгаа юм. Энэ нь японы ас-уудын дээрх ялалтын тоо эргэлзээтэй, хэтрүүлсэн байх үндэслэлтэйг харуулна. Оросын судлаач М.Масловын бичиж Британид хэвлүүлсэн “Поликарпов И-15, И-16 болон И-153-ын ас-ууд” номны Халхын Гол бүлэгт Улаан Армийн цэргийн нисэх хүчин Халхын голд дайсны 589 онгоцыг устгасан гэж үзсэн бөгөөд харин өөрсдөө 207 онгоц (үүнээс 160 нь сөнөөгч онгоц) 211 хүнээ алдсан гэж бичжээ. Британийн “Оспрей Паблишинг” хэмээх цэргийн түүхийн сэдвээр дагнасан хэвлэлийн газраас 2012 онд дээрх Г.Сакайдагийн эмхтгэсэн “Номонхан 1939” хэмээх зурагт хялбаршуулсан түүхийн товхимлыг хэвлэн гаргасан бөгөөд эрэлт хэрэгцээтэй тул 2013 онд дахин хэвлэжээ. Г.Сакайда нь Халхын голын байлдааны газар орноор гэрэл зурагчны хамт аялсан байна.

Секигавагийн судалгаанаас хойш Халхын голын агаарын байлдааны талаар дагнасан судалгаа, бүтээлүүд өрнөд, зүүн Европт цөөнгүй гарах болсон байна. Эдгээр бүтээлд Халхын голын байлдаанд Японы нисэх хүчин тоогоор цөөн байсан боловч нисгэгчдийн ур чадвар, нисэх онгоцны тактик техникийн өгөгдөхүүний давуу байдлын ачаар байлдааны туршид эсвэл бүхэлдээ биш юм гэхэд 1939 оны 8 дугаар сарын эхэн хүртэл агаарт тус тус ноёлж байсан, зөвлөлтийн нисэх онгоцны хохирол японыхоос их байжээ гэдэг дүгнэлтүүд хийжээ. Халхын голд явагдсан агаарын байлдаан нь оролцсон техник, хэрэглэсэн тактик болон бусад үзүүлэлтээрээ судлаачдын анхаарлыг татсан хэвээр байгаа сэдэв юм. АНУ, өрнөдийн судлаачдын бүтээлд Токиогийн олон улсын цэргийн шүүхийн хуралдааны материал, японы эх сурвалжууд, Жуковын дурдатгал, Шишкин, Куксийн ном, зөвлөлт, Монголын зарим хэвлэлийг ашиглаж иржээ. Орос, Монголын архивын материал болон Монголын бүтээлийг ашиглаж чадахгүй байгаа нь өрнөдийн бүтээлийн үндсэн өрөөсгөл тал юм. АНУ-ын судлаачдын бүтээлд Квантуны Арми Халхын голын байлдааныг эхэлж Монголын нутагт дэвсгэрт довтолсон, Японы засгийн газар Квантуны Армийн энэхүү түрэмгийллийг зогсоох талаар нөлөөлж чадаагүй, зөнд нь орхисон нь буруу байсан, энэ нь цэргийн байгууллагад тавих иргэний хяналт бүрэн алдагдсантай холбоотой, Улаан Арми Японы цэрэгт Халхын голд мартагдахааргүй сургамж өгсөн, Халхын голын байлдаан нь Жуковыг “төрүүлсэн”, Японы тал Улаан Армийн чадавхийг дутуу үнэлэхийн зэрэгцээ Японы номлол, зэвсэглэл хоцрогдсон байв гэсэн гаргалгаа нийтлэг байдаг болно. Чингэхдээ АНУ, өрнөдийн судлаачид өмнө нь “Номонханы хэрэг явдал” гэсэн нэр томьёог хэрэглэж байсан бол эдүгээ “Халхын голын байлдаан”, “Халхын голын агаарын дайн” эсвэл “Халхын гол-Номонханы хэрэг явдал” хэмээн зэрэг хэрэглэх болжээ. Халхын голын дайн нь ЗХУ-Японы хилийн зарлагдаагүй дайн буюу Дэлхийн II дайны ойрхи үеийн Япон-Зөвлөлтийн гол тулаан байв. Энэ байлдаан Японд Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Мэдээж дайнд ялагдсанаа япончууд булзааруулах гэж хилийн мөргөлдөөн, хэрэг явдал төдийхөн гэж үзэж байгаа. Харин Монголын түүхчид энэ тулааныг арай ч хилийн мөргөлдөөн, хэрэг явдал гэж дүгнэж болохгүй, бие даасан томоохон хэмжээний байлдааны ажиллагаа, улс гүрнүүдийн хоорондын сөргөлдөөнт харилцаанд маш хүчтэй нөлөө үзүүлсэн дайн буюу дэлхийн хоёрдугаар дайны эхлэл хэмээн үздэг.
Халхын голын байлдааны ажиллагаа нь агаарт ноёрхож чадахгүй бол газраар давших операцийг амжилттай явуулахад ихээхэн бэрхшээлтэй бөгөөд энэ нь юуны урьд сөнөөгч онгоцны гүйцэтгэсэн агаарын байлдаанаар ялалтад хүрснийг нотлов. Байлдааны явцад Зөвлөлтийн агаарын цэргийн хүчин нь агаарт сөнөөгч, дайрагч, бөмбөгдөгч нисэх онгоцны хэсгийн бүрэлдэхүүнээр байлдах, дайран довтолж дайсны цэрэг, ар талд бөмбөгдөлт хийн цохилт өгөх туршлага хуримтлуулж, бас нисэх хүчнийг байлдааны ажиллагаанд удирдах арга барил эзэмшив.
Нисэх хүчнийг цаашид хөгжүүлэхэд юуны урьд агаарын байлдаанд сөнөөгч онгоцны хурд чухал гэдэг дүгнэлт гарав. Үүнээс үндэслэн харьцангуй хурд багатай маневрын сөнөөгч-биплан (давхар далавчит) онгоц нь ашиг багатай нь мэдэгдсэн байна. Байлдааны явц туршлагаас үзэхэд, сөнөөгч онгоцыг газраас болон агаарт удирдахад радиохолбоотой (радиостанц) болгох нь маш чухал болохыг харуулав.
Энэ бүхэн нь МАХЦ-ийн агаарын хүчнийг цаашид шинэчлэн зэвсэглэл, байлдааны тактикийг манай нисгэгчдэд сургаж эзэмшүүлэх, боловсон хүчнийг дотоод, гадаадын сургуулиар бэлтгэх ажлыг өргөтгөхийн чухлыг харуулав.
МАХЦ, түүний дотор Монголын нисэх хүчний боловсон хүчнийг 1937-1939 онд олон арваар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь байлдааны ба улс төрийн бэлтгэл, байлдах чадвар, цэргийн албан хаагчдын ёс суртахуун сахилгад муугаар нөлөөлсөн юм. Улс төрийн энэ хоморгонд Зөвлөлт Холбоот Улсын цэргийн дунд сургуулиудад нисэхийн янз бүрийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн, ардын хувьсгалын партизан цэрэг, байлдааны туршлагатай ажилтнуудыг хэлмэгдүүлснээр Монгол улсын цэргийн боловсон хүчнийг бэлтгэх талаар явуулж байсан бодлогод томоохон цохилт болсон байна. Монголын нисэх хүчнээс хэлмэгдсэн дээрх хүмүүсээс хэрэв цаг бусын аюул таараагүйсэн бол хожмын баатрууд, гавьяатнууд олноороо төрөн гарах нь дамжиггүй байв. Халхын голын дайныг эхэлтэл МАХЦ-т үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлт нь агаарын цэргийн хүчнийг нэгэн адил хамарсныг өмнө өгүүлсэн. Энэ ноцтой бэрхшээлийн хор уршгаар нислэг-техникийн бүрэлдэхүүн шинэ, дадлага туршлагагүй байв. Тухайлбал, 1939 оны дайны үед бүх нисэх бүрэлдэхүүний 46.6 хувь нь шинэ нисгэгчид байсан тул 20 хувь нь шөнийн бөмбөгдлөг хийж байлдаанд оролцсон юм.
Зөвлөлт, Монголын цэргийн командлал дайсны ар талыг бөмбөгдөж цохилт өгүүлэхээр МАХЦ-ийн нисэх хүчнийг ашиглах төлөвлөгөө боловсруулжээ.
Тухайн үед манай зэвсэглэлд байсан Р-5 онгоц нь хүчин чадал муутай ганц мотортой, хурд багатай байсан болохоор өдрийн цагаар үүрэг гүйцэтгэхэд японы сөнөөгч онгоцнуудад хялбархан идэш болох төдийгүй зенитийн галд амархан өртөж магадлалтай байв. Иймд японы нисэх онгоцнууд шөнийн нислэг хийдэггүй, мөн япончууд шөнийн тэнгэрт нисч яваа онгоцыг газраас илрүүлэх прожекторгүй байсныг ашиглаж Р-5 онгоцоор ойрхон зайнаас шөнийн цагаар байлдааны үүрэг гүйцэтгүүлэх нь илүү ашигтай гэж үзжээ. Энэ үүргийг биелүүлэхийн тулд нисгэгчдийг богино хугацааны дотор шөнийн нислэгт сургаж дадлагажуулахыг МАХЦ-ийн нисэх хүчний командлагч, бригад командлан захирагч М.Зайсановт даалгажээ. Тэрээр Баянтүмэний 1 дүгээр, Сонгины 2 дугаар нисэх хорооноос дадлага туршлагатай нисгэгч, хянагч, техникчдийг сонгон авч арваад экипаж бүрдүүлсэн байна. Тэр үед дайсан агаараас тагнах үйл ажиллагаагаа идэвхжүүлж Баянтүмэнийг хүртэл бөмбөгдсөн болохоор шөнийн нислэгийн бэлтгэлийг Улаанбаатарт, Бөхөгийн аэродромд хийжээ. Нислэгийн дадлагыг богино хугацаанд хийж үүрэг гүйцэтгэхэд бэлэн болох шаардлагатай байсан тул нисэх бүрэлдэхүүн маш шаргуу ажилласан байна. Нисэх буудлыг шөнийн нислэгт бэлдэн тоноглож нислэгийн онолын талаар нисгэгч, техникч нарт тусгай хичээл зааж даддага хийж эхлэв. Мөн Р-5 онгоцыг дайрагч онгоцны маягаар зэвсэглэж бөмбөг баригч нэмж зоох, далавчинд пулемёт тавих ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Байлдаанд оролцох бүрэлдэхүүн 10 орчим хоног ийнхүү дадлага сургууль хийж 7 дугаар сарын 16-нд фронт руу нисч очих тушаал авч 7 дугаар сарын 18-ны өдөр дээрх бүрэлдэхүүн Улаанбаатараас нисэн Матадад ирж буусан байна. Энэ үед Матадад Зөвлөлтийн нисэх хороо байрлаж байв. Ийнхүү Халхын голын дайнд оролцохоор 1 дүгээр хорооноос нисгэгч Н.Банзрагч, С.Бямбаа, З.Бор, Б.Дагва, П.Өлзий-Утас, хянагч Д.Банзрагч, Р.Ванчинсүрэн, А.Дагва, С.Халтар, Т.Хишигтогтох, техникч Г.Бямбажав, Ц.Дугар, Г.Сүхээ, зэвсгийн техникч Д.Жамъян, У.Тангад нар 2 дугаар хорооноос нисгэгч Д.Жигжид, К.П.Симонов, хянагч Б.Санж, Ч.Галдан, Л.Лувсандагва, Я.Эмээл, техникч П.Намнан, Л.Тогтохбуян, зэвсгийн техникч Б.Пунцагнамжил, Б.Дашзэгвэ, нисэх сургуулиас нисгэгч М.П.Комендантов нарын 70 орчим хүн бригад командлан захирагч М.Зайсановын удирдлагад томилогдон ирсэн байна. Шөнийн нислэгт 12 экипаж бэлтгэснээс гурван экипажийг нөөцөнд үлдээж 9 экипаж нь байлдаанд оролцуулсан байна.
Шөнийн нислэгт бэлтгэсэн дээрх экипажууд 1939 оны 7 дугаар сарын 24-нд анхныхаа байлдааны нислэгийг хийсэн байна. Шөнийн нислэгт манай нисгэгчдийн гол үүрэг нь дайсны ар талд буй бэлтгэл хүч, цэргийн цуваа, сум галт хэрэгслийн болон бусад агуулах, баазыг бөмбөгдөж цохилт өгөх явдал байв. Манай онгоцнууд Матадаас нар шингэхээс өмнөхөн нисч фронтын шугамын ойролцоо Хамар давааны ард бэлтгэсэн нууц аэродромд үдшийн бүрийгээр ирж буудаг байв. Эндээс онгоц бүр 600 кг бөмбөг, пулемётны 4000 ширхэг сум авч, шатахуунаар нэмж цэнэглэн шөнийн түнэр харанхуйгаар хөөрөн хилийн цаана 60-70 км-т буй Халуун рашаан, Жанжин сүм, Ламын сүм, Ганжуур сүм зэрэг газраар дайсны цэргийн булэглэл, ар талын баазад цохилт егч байв. Дээрх 9 онгоц М.Зайсанов, Комендатов, З.Бор нарын удирдлагад 3 хэсэг болж нисч байжээ. Эдгээр онгоцнууд Хамар даваанаас Халхын голын зүүн эрэгт нууц байрлуулсан гэрлэн дохиогоор баримжаалан хөөрч очих газраа цагаар тооцоолон нисч байв. Манай онгоцнуудыг фронтын шугам даван нисч ирэх буцахад нь Зөвлөлтийн сөнөөгч онгоцнууд хамгаалдаг байжээ. Фронтын шугам даван дайсныг бөмбөгдөж цохилт өгөөд Матадын аэродром руу шууд нисч ирдэг байв. Энэхүү байлдааны үүрэг гүйцэтгэн нисэж байх явцад бороо орох, битүү үүл манантай байх, аянга цахилгаантай бороон дундуур нисэх явдал олонтаа тохиолдож байв. Нэгэн удаа буюу 8 дугаар сарын 10-ны шөнө цаг агаарын байдал муудаж өтгөн үүлтэй маш харанхуй байв. Иймээс нислэгийн өндрийг хасч үүлэн доогуур шурган нисэх болсноос нисгэгч Комендатов, хянагч Л.Лувсандагва нарын онгоц газрын саадтай мөргөлдөн осолд орж амь үрэгджээ. Манай онгоцнууд 9 дүгээр сарыг хүртлэх хугацаанд нийтдээ 10 удаа шөнийн бөмбөгдөлт хийж 158 байлдааны нислэг үйлдсэн байна. Фронтын командлалаас шөнийн бөмбөгдөлтийн үр дүнг тогтмол мэдээлж баяр талархал удаа дараа хүргэж байжээ.
Дайн 1939 оны 9 дүгээр сарын 16-нд Монгол, Зөвлөлтийн цэргийн ялалтаар дуусав. Энэ хугацаанд манай нисэх хүчин шөнийн бөмбөгдөлтөөр дайсны ар талд 35 мянга гаруй кг бөмбөг хаяж хүн хүч, зэвсэг, эд материал, сэтгэл санааны багагүй хохирлыг дайсанд учруулж хамтын ялалтад зохих хувь нэмрээ оруулжээ.
МАХЦ-ийн нисэх хүчин ийнхүү Халхын голын дайнд оролцохын зэрэгцээ ар талд үлдсэн бүрэлдэхүүн нь хот суурин газрыг агаараас хамгаалах үүргийг биелүүлж байв. Түүний зэрэгцээ залуу нисгэгчдийг сөнөөгч онгоцон дээр сурган дадлагажуулж байлдаанд оруулахад бэлтгэж байлаа. Баянтүмэн дахь Зөвлөлтийн сөнөөгч онгоцны хороонд нисгэгч Г.Раднаа, Д.Гунгаа, Д.Цэрэццорж, Х.Сэнгээ, Д.Жамбалдорж, Т.Төмөр, Цэрэн, техникч С.Түдэв, С.Нэргүй нарыг И-15 сөнөөгч онгоцоор нисгэж сургаж байжээ. Манай нисгэгчдийг Зөвлөлтийн нисгэгч Н.Жаров сурган дадлагажуулж байсан ба нисэх хүчний командлагч М.Зайсанов ч нисгэгчдийнхээ хамтаар сөнөөгч онгоцоор нисэх дадлагатай болсон байна. Ахмад нисгэгчдийн дурсамжинд тухайн үед залуу монгол нисгэгч бүрийг зөвлөлтийн туршлагатай хоёр нисгэгч дундаа хийн нисдэг, тэд зөвлөлтийн нисгэгчийн үйлдлийг даган өндөр авахад нь өндөр авч, доош шумбан дайрахад нь даган дайрч бөмбөгөө хаяхад нь хаяад пулемётоор галлахад нь галлаад тулаанаас гарахад нь дагаад буцаж нисдэг байсан гэж дурссан байдаг.
Монгол Улсын дорнод хил дээр 1939 онд болсон Халхын голын дайнд МАХЦ-ийн нисэх хүчин оролцож үүргээ зохих ёсоор биелүүлсэн ч гүйцэтгэсэн үүрэг нь хязгаарлагдмал байв. Энэ нь манай нисэх хүчний хөгжил, техникийн төвшин дэлхий нийтийн, ялангуяа япон улсын цэрэг техникийн хөгжлөөс их хоцрогдсоныг харуулсны зэрэгцээ Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл зэрэг байлдааны дадлага туршлага, нислэгийн ур чадвар гоц эзэмшсэн олон шилдэг нисгэгч, боловсон хүчнийг 1937-1939 онд хэлмэгдүүлсэнтэй холбоотой байв. Ер нь Халхын голын дайнд МАХЦ-ийн нисэх хүчин хэрхэн оролцсон байдлыг ярихын хамт үүнээс 3 жилийн өмнө Дорнод хил дээр Япон, Манжийн түрэмгийлэгчидтэй хийсэн удаа дараагийн тулалдааны тухай заавал дурьдаж МАХЦ-ийн нисэх хүчин ямар нэг байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай болсон байсныг тэмдэглэх учиртай юм.
МАХЦ-ийн нисэх хүчин оролцсон 1936 оны 3 дугаар сарын сүүлчээр Дорнод хилийн харуулын “Адаг дулаан”, “Булан дэрс” –ний орчмоор халдан довтолсон Япон манжийн түрэмгийлэгчидтэй тулалдсан байлдаан нь манай нисэх хүчний түүхэнд анхны томоохон агаарын тулалдаан байв. Энэ байлдаан нь МАХЦ-ийн нисэх хүчин сургалт бэлтгэл, байлдах чадвараа ямар түвшинд байгааг мэдэх, харьцуулж үзэх том шалгалт болсон байна. Энэ байлдаанаар газрын цэрэгтэй тэмцэх талаар багагүй туршлага олж авсан бөгөөд байлдах арга тактикийг цаашид улам боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлэв. Бас өөрийн сул талыг мэдэж авснаараа их сургамжтай болсон юм. Манай нисэх хүчин нь урьдын адил зөвхөн дотоодын дайсантай бус цаашид сайтар зэвсэглэсэн халдан түрэмгийлэгч дайсантай тулгарах нь гэдгийг харуулж өгөв. Иймд нисэх хүчнийг улам бэхжүүлж, зэвсэг техникийн талаар хойшлуулшгүй шинэчлэх, бие бүрэлдэхүүнийг нь сайтар сургаж бэлтгэх шаардлага гарсан байна.
Гучаад оны дундуур болсон удаа дараагийн байлдаан, мөргөлдөөнд МАХЦ-ийн Нисэх хүчин оролцож ирснээр түүний байлдааны бэлэн байдал, байлдах чадвар нь өсөн нэмэгдэж ямарваа байлдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх чадвартай төрөл мэргэжлийн цэрэг болсон байна. Энэ бүхэн нь МАХЦ-ийн агаарын хүчнийг цаашид шинэчлэн зэвсэглэл, байлдааны тактикийг манай нисгэгчдэд сургаж эзэмшүүлэх, боловсон хүчнийг дотоод, гадаадын сургуулиар бэлтгэх ажлыг өргөтгөхийн чухлыг харуулав. МАХЦ-ийн нисэх хэсгүүдийг байлдааны 2, сургуулийн 1, бүгд 3 отряд болгон өөрчлөн зохион байгуулж 1934 оны эхээр улам томсгон байлдааны анхны биеэ даасан анги нисэх бригадыг байгуулж дарга бөгөөд комиссараар нь ардын хувьсгалын партизан, туршлагатай дарга Ц.Очир, бригадын туслах комиссар, улс төрийн хэлтсийн даргаар Д.Бадамхатан, штабын даргаар П.Цэдэв, сургуулийн отрядын даргаар Ч.Шагдарсүрэн, Байлдааны нэгдүгээр отрядын даргаар Д.Жамбаа, хоёрдугаар отрядын даргаар Б.Лонжид, бригадын их техникч бөгөөд засварын газрын даргаар Д.Лувсанбалдан, бригадын аж ахуйн даргаар партизан Лувсан, техникийн ангийн даргаар партизан Жамъянгомбо нарыг тус тус томилсон байна. Нисэх бригад байгуулагдсантай уялдан 1934 оноос эхлэн нисэх онгоцыг албан ажлын хэрэгцээнд ашиглаж эхлэв. Монголын нисэх хүчнийг өргөтгөн зохион байгуулснаар байлдааны буюу сургуулийн үүрэг гүйцэтгэж чадахуйц шинэ онгоц зайлшгүй хэрэгтэй болжээ.
Давхар далавчтай У-2 гэдэг багш сурагчийн аль аль нь жолоодох зориулалт бүхий, 100 морины хүчтэй М-11 хэмээх салхин хөргөлт бүхий хөдөлгүүртэй онгоцыг 1933 оноос эхлэн худалдан авчээ. Энэ онгоц нь сургуулийн зориулалттай төдийгүй, байлдааны үед хөнгөн бөмбөгдөгч, тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байжээ. Манай нисэх бүрэлдэхүүний нислэгийн чадвар өсч, нислэгийн ажиллагаа нарийсан хөгжсөн нь шүхрийн спортыг эзэмших шаардлага зүй ёсоор тулгарчээ. Манай улсын иргэний агаарын тээврийн үндсийг тавьсантай уялдан 1936 оны эхээр Цэргийн Яамны дэргэд тээврийн отрядыг байгуулжээ. Энэхүү отрядын даргаар Д.Жамбаа, штабын даргаар П.Цэдэв, ахлах техникчээр О.Жигжидсүрэн нар ажиллаж байв. Энэ отряд нь ихэвчлэн Р-5, К-5, Як-6, ГАН-3 зэрэг онгоцыг тээвэрт ашиглаж байжээ.
БНМАУ-ын зүүн хязгаарын байдал түгшүүртэй болж ирсэн 1935 оны сүүлчээс нисэх бригадын байлдааны 1 отрядыг Тамсагбулагт шилжүүлэв. Түүнчлэн Баянтүмэнд онгоц, онгоцны хөдөлгүүр засварлах газрыг байгуулжээ. Тамсагбулаг, Баянтүмэнд шилжин байрласан манай нисэх хүчний анги салбарууд 1936 оноос эхлэн хил дээр гарч байсан будлианд газрын цэргийн ангиудтай нягт харилцан ажиллаж япон, манжийн цэргийн өдөөн хатгалгыг амжилттай няцаасан юм.
Эх орноо батлан хамгаалах хэрэгт гарамгай гавъяа байгуулсан Д.Дэмбэрэл “БНМАУ-ын Агаарын зоригт баатар”, Ч.Шагдарсүрэн “Улсын эрхэм нисгэгч” цолоор тус тус шагнуулав. Нисэх бригад 1935-1936 оны зүүн хилд болсон байлдааны туршлагаас сургамж авч нислэгийн ур чадвар, нисэх бие бүрэлдэхүүний байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх талаар их ажил хийжээ. Юуны өмнө нисэх сургуулийг улам өргөтгөн хоёр отряд, хоёр эскадрильтай болж У-2, Р-5 онгоцоор 120 хүнийг нисэхийн 4 мэргэжлээр сургах болов.

Монголын нисэх хүчний байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхийн тулд 1936 оноос агаарт яваа онгоцыг удирдах СК-13 хэмээх радио хүлээн авагчийг онгоцонд тавьж хэрэглэх болов. Үүгээр онгоцыг газраас удирдах болсон нь нислэгийн аюулгүй байдлыг хангах, нисэх бүрэлдэхүүний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, газрын цэрэг, нисэх хүчний харилцан ажиллагааг зохицуулахад зөв зүйтэй алхам болжээ.
Нисэх онгоцны зэвсэглэлийг сайжруулах, галын хүчийг нягтруулах талаар ч ихээхэн анхаарах болов. Анх 1934 онд газрын нийт байг мэргэн онох байлдааны дадлага, сургуулийг хийж эхэлжээ. Энэ үед Р-1 онгоцонд Дектяровын пулемётыг ашиглаж байв. Хожим нь 1936 оноос эхэлж Р-5 онгоцонд моторын дамжуулах хөдөлгөөнөөр, сэнсний эргэлтийн завсраар буудаж чадах ПО-1 гэдэг пулемётыг суурилуулах болов. Энэ пулемёт нь 7.62 мм-ийн калибртай, 1 минутад 750 сум гаргаж чадах бөгөөд нислэгт 500 сумны нөөцтэй явах болсноор урьдах зэвсэглэлээс хавьгүй ахижээ. Гэвч удалгүй онгоцны нисэн хянагчаас хэрэглэдэг хоёр гол төмөртэй ДА-2 гэдэг пулемётыг хэрэглэх болов. Р-5 онгоц нь ДЕР-6, ДЕР-7 гэдэг бөмбөг баригчтай байсан бөгөөд нэг удаагийн нислэгт 500 кг бөмбөгийг авч явах даацтай байжээ.

Улс орныг батлан хамгаалах хэрэгцээ өссөн, нисэх хүчний цаашдын хөгжлийг хандлагатай уялдан 1937 оны 5 дугаар сарын 10-нд МАХЦ-ийн нисэх бригадыг Нисэх хүчин болгон өргөтгөсөн байна. Нисэх хүчний даргаар бригад командлан захирагч Ч.Шагдарсүрэн, комиссараар Ц.Мөнхөө, штабын даргаар С.Машбат нар ажиллажээ. Монголын нисэх хүчний бүрэлдэхүүнд нисэх 1 дүгээр хороог Баянтүмэнд /дарга нь Ч.Нямдорж, Д.Амгаабазар/, нисэх 2 дугаар хороог Сонгинод /дарга нь Б.Дагва, Д.Жамбаа/ тус тус байгуулжээ. Монголын нисэх хүчнийг хөгжүүлэхэд техникийн олон арван шилдэг ажилтан, ажилчид хөлс хүчээ шавхан ажиллаж байв. Тэр үеийн Монгол орны нөхцөлд нисэх хүчнийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах явдал эн тэргүүний зорилт байв. Гучаад оны эхнээс МАХЦ-ийг командлах ба даргалах, техникийн ажилтнаар хангах явдал нам, засгийн амин чухал шаардлага болж Нисэх сургуулийн анхны төгсөлт 1934 онд болов. ЗХУ-д 1932-1939 онд бэлтгэсэн нисэхийн мэргэжилтэн нийт 33 хүний 48 хувийг ЗХУ-ын Маршал Воршиловын нэрэмжит Оренбургын нисэхийн сургуульд бэлтгэсэн байна.
Монголын нисэх хүчин 1937 оны 1 дүгээр сар гэхэд Эх орноо батлан хамгаалахад зохих үүрэг гүйцэтгэж чадахуйц хэмжээнд хүрч боловсон хүчнээр хангагдан материаллаг бааз, нисэх онгоц, зэвсэглэлээр байлдааны үүрэг ямар ч нөхцөлд гүйцэтгэж чадах төвшинд хүрчээ.
МАХЦ-ийн Нисэх хүчин нь 1936 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар дор дурдсан хүч, бүрэлдэхүүнтэй байжээ. Нисэх бригад нийт 315 хүнтэй, хөнгөн пулемёт 2, хүнд пулемёт 1, Р5-3, У2-6, К5-2, Сталь-2, АИР6-1, Ю33-1-тэй, хүч нэмэгдүүлсэн ангид сөнөөгч нисэх онгоцны эскадриль 1, сөнөөгч онгоцны тусгай отряд 1, дайрагч шумбан нисэх онгоцны тусгай отряд 1, байлдааны техник нь нисэх онгоц 86, үүнээс байлдааны 62-той байжээ. Боловсон хүчний хувьд ихээхэн нэмэгдэхийн хамт 1936 оныг 1930 онтой харьцуулахад нисэх онгоц 4 дахин, 1939 онд 7.5 дахин нэмэгдсэн байна. 1934 онд нисэх бригадын ахлах дарга 21 хүний 12 нь ЗХУ-д сургууль төгссөн, дунд дарга 51 нь бараг бүгд дотоодын нисэхийн сургууль төгссөн байжээ.
Гэвч 1937 оны 9 дүгээр сараас эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлт нь нисэх хүчний хөгжилд саад болж мөн батлан хамгаалах хүч чадлын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна. Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт урьдаас сайтар бодож төлөвлөсөн, улс орны нийгмийн бүх давхаргыг хамарсан улс төр, ёс суртахуун, сэтгэл зүй, эд материалын ихээхэн хохирол учруулсан юм.
БНМАУ-ын Маршал Г.Дэмид хилийн чанадад "Их л сэжигтэй" нас барснаас хойш 2 хоногийн дараа буюу 1937 оны 8 дугаар сарын 24-нд ЗСБНХУ-ын Дотоод явдлын ардын комиссарын орлогч, хилийн ба дотоодыг хамгаалах ерөнхий газрын дарга, корпус командлан захирагч М.Ф.Фриновский, Улс төрийн газрын дарга армийн комиссар П.А.Смирнов, БНМАУ-д суух шинэ бүрэн эрхт төлөөлөгч С.Н.Миронов нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж, Заговор /хуйвалдаан/ гэдэг томъёолсон нэрийн дор нэн даруй дайлан баривчлах 115 хүний нэрсийн жагсаалтыг авчирч манай улсын Дотоод явдлын яаманд өгсөн байна.
Энэ баримт бичиг Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийг шатлан өргөжүүлэхийн эхийг тавьснаараа манай орны улс төр, эдийн засаг, ард түмний сэтгэл санаа, ёс суртахуунд арилшгүй гай тарьжээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1937 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хамтран хуралдсан 24 дүгээр хурлаас Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд, Улсын маршал Х.Чойбалсанг Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилжээ. Х.Чойбалсан Цэргийн яамыг толгойлох болсноо 1937 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд зарласан байна.
Тэр тушаалдаа: "Манай дотроос хэсэг бүлэг буюу зарим нэгэн хүмүүсийн улс төрийн чадвар мэдрэл сул дутагдалтай ба мэдрэл нь доод шатнаа байх учраас тэд нар нь японы тагнуулчин ба хорлон сүйтгэгч ажлын нөлөөнд орж, өөрийн төрсөн орон нутгаас урван дайсанд туслах буюу цэргийн зэвсэг техникийг эвдэн сүйтгэх явдал цэргийн ангиудын дотор олонтаа байна" гэж дурдаад "дээр дурдсан дутагдлуудыг ахар богино хугацааны дотор бүрмөсөн устгаж зайлуулах" зорилт тавьжээ. Улс төрийн хилс хэрэгт холбогдсон хүмүүсийг Дайчлан барьж гэсгээн цээрлүүлэх зорилгоор "Онцгой бүрэн эрхт комисс" гэгчийг байгуулсан байна. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, мөн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч нарын 1937 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хамтарсан онц хуралдааны тогтоолоор уг комиссыг байгуулж даргад Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан, гишүүдэд Улсын бага хурлын гишүүн Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Цэрэндорж нарыг баталсан байна. Онцгой бүрэн эрхт комисс нь нам төрийн эрх мэдлийг хэрэг дээрээ булааж авсан гэсгээн цээрлүүлэгч онц эрхтэй алан хядах аппарат байжээ. Үүний зэрэгцээ МАХН-ын Төв хорооны ээлжит III бүгд хурлыг яаравчлан хуралдуулж Х.Чойбалсан "Монгол ард улсын доторхи японы тагнуулын ажил хэрэг ба арга маягийн тухай" илтгэл тавьжээ. Тэр энэ илтгэлдээ "Хувьсгалын эсэргүү Гэндэн, Дэмидийн хэрэг" гэгчийг гаргаж тавьсан байна. БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрийг хувьсгалын эсэргүү байгууллагын нэгэн толгойлогч гэж үзсэнээр зэвсэгт хүчний дотор түүний хань хамсаатныг хайж олох, илрүүлэх өргөн хүрээтэй компани дэгджээ.
Маршал Х.Чойбалсан үүний дараа "өөрийгөө илчлэх тушаал. N221" /1937.11.15/, "дарга, улс төрийн ба аж ахуйн тушаалтан хийгээд улиран суусан бага дарга нарыг шалгах тухай" /1937.2/, "улс төрийн талаар найдваргүй этгээдүүдийн тухай анги, нэгтгэлүүдэд явуулсан 17 тоот маш нууц захидал" /1938.6.19/ гэхчилэн улс төрийн талаар алдаатай, хэлмэгдүүлэлтийг цаашид улам гүнзгийрүүлсэн хэд хэдэн тушаал шийдвэр гаргажээ. Энэ нь МАХЦ-ийн түүний дотор Монголын нисэх хүчний нийт бүрэлдэхүүн, боловсон хүчинд айхтар цохилт өгөв.
ЗХУ-д болон дотооддоо олон жилийн турш өндөр үнээр бэлтгэсэн, дайн байлдааны туршлагатай, нислэгийн ур чадварыг гоц эзэмшсэн олон арван нисгэгч, техникч, албан хаагчдыг хэлмэгдүүлсэн юм.
Монголын нисэх хүчнээс 1937-1939 онд баригдаж хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хүмүүсийн дотор нисэх хүчний дарга дивиз командлан захирагч БНМАУ-ын эрхэм нисгэгч Ч.Шагдарсүрэн, /1939.09.20-нд Дээд шүүхийн таслан шийтгэх хурлаар дээд хэмжээгээр/, нисэх хүчний комиссар Ц.Мөнхөө /1939.09.26-нд 10 жил хорих ялаар шийтгүүлсэн/, нисэх хүчний штабын дарга С.Машбат /1938.03.11-нд онцгой бүрэн эрхт комиссын 9 дүгээр хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн/, нисэх сургуулийн захирал БНМАУ-ын агаарын зоригт баатар Д.Дэмбэрэл /1938.03.07-нд Онцгой бүрэн эрхт комиссын хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн/, Нисэх хүчний Байлдааны нэгдүгээр отрядын дарга, шуудангийн отрядын дарга, хурандаа Д.Жамбааг 1937.10.25 –нд Шүүх цаазын бичгийн 43-45 дугаар зүйлээр хөрөнгийг хурааж цаазаар авах ялаар шийтгэсэн зэрэг нисэх хүчний удирдах бүрэлдэхүүн баригдаж Монголын нисэх хүчин үндсэндээ эзэнгүйрсэн байна. Түүнчлэн нисэх хороодын дарга, штабын дарга, эскадриль, отрядын дарга, комиссарыг удаа дараа дайчлан баривчилж хуулийн дээд хэмжээгээр буюу урт богино хугацаагаар хорих, албанаас нь халах зэргээр шийтгэв.
Монголын нисэх хүчний албан хаагчдыг улс төрийн талаар хэлмэгдүүлж шууд баривчлах, бусдын мэдүүлгээр нэр илэрсэн хэмээн ял тулгах, өөрийгөө илчлэх тушаал тулган хэрэг хүлээлгэх, урьдчилан судлаад улс төрийн найдваргүй гэж халах, баривчлах, нисэх онгоцыг гэмтээж эвдэх буюу хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байсан гэж ял тулгах зэрэг төрөл бүрийн арга хэрэглэж байжээ.
Маршал Х.Чойбалсангаас 1938 оны 6 дугаар сарын 19-нд бүх анги нэгтгэлд илгээсэн улс төрийн талаар найдваргүй хүмүүсийн тухай 017 тоот нууц захидалд нисэх хүчний бие бүрэлдэхүүнээс бага дарга цэрэг 12, ахлах дарга 3, дунд дарга 1, эсэргүү бослогод оролцсон 6, цэрэг 5, тайж 2, лам явсан 45, эсэргүү нарын төрөл садан гэхчилэн дурдсан байна.
ЗХУ-ын цэргийн сургагч мэргэжилтнүүдийн дотор Монголын нисэх хүчнийг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд хөлс хүчээ хайрлалгүй зүтгэсэн олон арван шударга хүн байсныг үгүйсгэх аргагүй. Тэднээс зарим нь /Комендантов/ Халхын голын дайнд оролцож Монголын ард түмний төлөө амь насаа ч зориулж байсныг бид мартах ёсгүй юм. Гэвч ганц нэгэн хүн үндсэн ажлаа орхин улс төрийн хэрэгт хутгалдах зэрэг зохисгүй явдал гаргаж байжээ. Нисэх сургуулийн сургагч Шороховын улс төрийн талаар найдваргүй гэсэн 33 хүний нэлээдийг хожим халах барих зэргээр нисэх хүчнээс зайлуулсан байна.

Монголын нисэх хүчнээс 47 хүн баригдаж, 71 хүн янз бүрийн шалтгаанаар халагдсан байна. Эдгээр хүмүүсийн дотор Монголын анхны нисгэгч Д.Жамбаа, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн, нисэх бригадын анхны комиссар Д.Бадамхатан /маршал Г.Дэмидийн садан/ улаан тугийн одонт нисгэгч Р.Самдан, нисэхийн анхны техникчдийн нэг Л.Дамдин, анхны хянагчдын нэг П.Цэдэв зэрэг алдар цуутай олон хүмүүс байлаа. Түүнчлэн нисэх отрядын дарга Ч.Санжжав, С.Гомбо, нисэх сургуулийн захирал Б.Чоймбол, эскадрилийн дарга Ж.Дашдаваа, хэсгийн дарга Т.Төмөр, нисэх эскадрилийн байлдааны ангийн дарга Г.Дорж, зэвсэглэл албаны дарга Ц.Буджав, нисгэгч Т.Дамбий, Д.Жамц, Д.Жүгдэр, техникч Д.Мэнд, Б.Сэнгэдоо нарын зэрэг гэм зэмгүй удирдах болон дунд тушаалын дарга нар, нисгэгч, нисэхийн техникийн ажилтнууд хэлмэгдэн хохирчээ. Тухайн цагийн байдал, олон улсын харилцааны хүнд нөхцлөөс шалтгаалан Монголын зэвсэгт хүчний дотор гадаадын тагнуул туршуул тэдний гар хөл бологсод байсныг үгүйсгэх аргагүй боловч машин техник, нисэх онгоц байлдааны зэвсэг хэрэгсэл эвдэх, хулгайлах, хоолонд хор хийх мэтийн хорлон сүйтгэх ажиллагааг тэд үйлдэж байсан гэх нь үнэмшил муутай.
Эргүүлцэн тунгаахад, зэвсэгт хүчний дотор гадаадын тагнуул, дайсны гар хөл бологсод байсан, тэднийг нэн яаралтай хугацаанд илрүүлэх зорилт тавьж байсан нь дээд байгууллагын удаа дараагийн удирдамж, заалтыг удирдлага болгосон, нөгөө талаар аль болох олон дайсан этгээдийг хувьсгалт улаан цэргийн дотроос илрүүлэх уралдаан өрнөж байснаас үүдэн Дотоод явдлын яамны төлөөлөгч нарын хийж байсан өдөөн хатгах үйл ажиллагаатай ямар нэг хэмжээгээр холбоотой гэж ойлговол төдийлөн хилсдэхээргүй байна.
МАХЦ, түүний дотор Монголын нисэх хүчний боловсон хүчнийг 1937-1939 онд олон арваар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь байлдааны ба улс төрийн бэлтгэл, байлдах чадвар, цэргийн албан хаагчдын ёс суртахуун, сахилгад муугаар нөлөөлсөн юм. Улс төрийн энэ хоморгонд ЗХУ-ын цэргийн дунд сургуулиудад нисэхийн янз бүрийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн, ардын хувьсгалын партизан цэрэг, байлдааны туршлагатай ажилтнуудыг хэлмэгдүүлснээр Монгол улсын цэргийн боловсон хүчнийг бэлтгэх талаар явуулж байсан бодлогод томоохон цохилт болсон байна. Монголын нисэх хүчнээс хэлмэгдсэн дээрх хүмүүсээс хэрэв цаг бусын аюул таараагүйсэн бол хожмын баатрууд, гавьяатнууд олноороо төрөн гарах нь дамжиггүй байв. Монголын нисэхийн сургуулийг 1930-аад оны сүүл үед дүүргэж Халхын голын дайны үед зохих үүрэг гүйцэтгэсэн залуу нисгэгч нараас хожим Монгол улсын баатар Д.Гунгаа, гавъяат нисгэгч Д.Цэрэндорж, Г.Раднаа нар төрөн гарчээ.
Халхын голын дайн 1939 оны 5 дугаар сард эхлэхэд Монголын нисэх хүчин зохион байгуулалт, боловсон хүчин, байлдах чадварын хувьд зохих шаардлагын төвшинд хүрээгүй байсан ч гарамгай нисгэгч Матросын Зайсановын удирдлагаар Монголын залуу нисгэгчид эх орноо хамгаалах үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн билээ. МАХЦ-ийн Нисэх хүчин ингэж эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах удаа дараагийн байлдаанд оролцон төр, засаг, командлалаас даалгасан үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн юм.
ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, Доктор(Ph.D) Т.Батжаргал