• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Ж.Жаргалмаа: ЭНЭ САЛБАР РУУ ЗАЛУУС ИЛҮҮ ТЭМҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ
Нийтэлсэн: 2022-05-28
Үзсэн: 76

Ж.Жаргалмаа: ЭНЭ САЛБАР РУУ ЗАЛУУС ИЛҮҮ ТЭМҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ
Нийтэлсэн: 2022-05-28 Үзсэн: 76



Зэвсэгт хүчний түүхэнд тод мөр үлдээн баяжиж буй хуудас нь яахын аргагүй энхийг сахиулах ажиллагаа юм. Эдүгээ 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20000 гаруй энхийг сахиулагч үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Энэ дунд эмэгтэй энхийг сахиулагчдын үүрэг, оролцоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг дурдах нь зүйтэй. Ингээд цэцэн буу мөрлөж, цэнхэр дуулга агссан эрэлхэг бүсгүйчүүдийн төлөөлөл Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тасгийн захирагч ахлах ахлагч Ж.Жаргалмаатай ярилцсанаа хүргэе.

Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Тус сумын ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар ангиа дүүргээд, үргэлжлүүлэн нийслэлд Хүнсний коллежид суралцсан. Дараа нь ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг холбооны мэргэжлээр төгссөн. Зэвсэгт хүчинд нийтдээ 21 дэх жилдээ алба хааж байна. Мөн БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд 2013, 2020 онд үүрэг гүйцэтгэсэн.

Цэргийн мэргэжлийг сонгосон хүмүүсийн дийлэнх нь удмаа дагасан залгамжийн шинжтэй байдаг шүү дээ. Харин та?

-Мөн адил тийм ээ. Аав, ах хоёр маань цэргийн хүн. Энэ нь ч их нөлөөлсөн гэж боддог. Манай аав Хилийн цэрэгт данстай, 8 хүүхдийнх нь хоёр нь л Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Бусад нь бүгд хил дээр мэндэлсэн. Бага байхад цэцэрлэгийн багш маань бидэнд том болоод ямар мэргэжилтэй болох вэ, хувцсыг нь өмсөөд ир гэсэн даалгавар өгч байлаа. Ээж маань их уран болохоор цэргийн хувцас оёж, өмсүүлээд явуулж байсныг тод санадаг юм. Тийм балчраасаа л цэргийн хүн болно гээд гэгэлзэж явж дээ. 2001 онд Ахлагчийн сургуульд шалгалт өгч тэнцээд, улмаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас ажлын гараагаа эхлүүлж байсан. Тухайн үед жил гаруйн хугацаанд карантинд байж төгсөнө. Хүнд шалгууруудыг давж цэргийн хүн болсон. Одоо бодоход бахархалтай. 21 жил ажиллахдаа 2 тусгай батальонд үүрэг гүйцэтгэсэн, одоо энэ ангиасаа тэтгэвэртээ сууна гэсэн бодолтой байна.

Тэгээд мөрдэс гоёсон цэргийн бүсгүйн ажлын гараа хэрхэн эхэлсэн бэ?

-Ангийн талбайд очиход шүхрийн буултын сургалт явагдаж байсан. Бүгд шүхрээ дэлгэчихсэн завгүй. Бэлтгэл сургалтын хувьд бол яггүй, шандас сорьсон. Удалгүй би ч тэр бэлтгэлийг нь даваад, шүхрээр буудаг болсон. Эхний буултуудад мэдэгдэх зүйл байсангүй. Харин дараа дараагийн удаад айдас төрж эхэлдэг юм билээ, илүү мэдрэг болж эхэлсэнтэй холбоотой байх.

Хэдэн удаагийн буулт хийсэн бэ, эрчүүдтэй эн зэрэгцэж өрсөлдөнө гэдэг эмэгтэй хүнээс их тэвчээр шаарддаг байх даа?

-Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид 5 жил ажиллахдаа 30 удаа буулт хийсэн, гэхдээ шүхрийн спортын II зэрэгтэй. Усны, шөнийн гээд бүх л буултыг хийж үзсэн. Ер нь эмэгтэй хүн энэ спортоор хичээллэж, тэр өндрөөс буулт хийнэ гэдэг их зориг шаарддаг.

Та хилийн чанадад анх үүрэг гүйцэтгэсэн түүхээ сонирхуулахгүй юу?

-Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид 9 жил ажилласан. Энэ хугацаанд буюу 2012 онд БНӨСУ-д явагдаж буй UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Бидний сайн мэдэх цагийн байдал нэлээд хүндэрдэг үе. Ажиллагааны газар оронд очоод хоёр, гурван сарын дараахан болсон үйл явдал. Засгийн газрын эсрэг хүчин гэж байв. Мөн омгуудын хоорондох сөргөлдөөн хурцадмал байдалд шилжиж, тухайн үед би холбооны үүрэг гүйцэтгэж байлаа. Буудалцаан, мөргөлдөөн болж буй хямралын үед холбоон дээр байгаа хүн мэдээллийг цааш дамжуулахдаа тайван байхыг хичээж, бусдыг сандралд автуулахгүй байх ёстой. Дуу хоолойны өнгөнөөсөө авхуулаад, сэтгэл хөдлөлөө барьж, тогтвортой удирдах нь чухал. Яг НҮБ-ын цэрэг рүү чиглэсэн буудлага болоогүй ч тэнэсэн сум их ойр тусч байсан.

Манай цэргийн багийн захирагч үймээн болсны дараахан Бентью суурингаар явж, биднийг нөхцөл байдалтай танилцуулсан юм. Бахархалтай зүйл биш ч гэлээ ийм хүнд цаг, үед үүрэг гүйцэтгэсэн гэдгээ маш сайн ойлгосон. Гамшгийн хэмжээнд, эмгэнэлтэй сэтгэл өвдмөөр дүр зураг угтсан. Дараа нь эмнэлгийн тусламж үзүүлэх, татан гаргалт хийх зэргээр тэр хүнд үед манай цэргийн баг үүргээ сайн гүйцэтгэж дараагийн ээлжид ном ёсоор нь хүлээлгэж өгсөн.

Үүнээс улбаатайгаар таны эх орноо гэсэн бодол, хайр хэр бэхэжсэн бэ?

-Хүн нутгаасаа гарсан хойноо л сайхныг нь мэдэрдэг гэж юутай үнэн. Монголдоо байхдаа тэр бүхнийг ойлгохгүй, амьдрахад хүнд хэцүүг нь ам уралдаж ярьцгаах үе байдаг шүү дээ. Тийм газар оронд байхдаа ажиллагааны өмнөх бэлтгэлээ, тэр үеийн хүйтэн салхийг ч өөрийн эрхгүй санасан. Хүн бүрд л эх орноороо бахархах мэдрэмж төрсөн. Гэтэл хилийн чанадад орон нутгийн иргэдийн амьдралын чанар, амьжиргаа, эрүүл мэнд, боловсролын орхигдсон байдал, өвчлөл, их бага гэлтгүй үймээн самуун гээд тэдэнд ирээдүй байгаа гэх баталгаа бий юу. Энэ бүхнийг хараад өөрийгөө Монголдоо төрсөн ямар хувьтай хүн бэ гэж бодсон.

Харь нутагт үүргээ гүйцэтгээд эх орондоо ирэх, тэр тусмаа нутгийнхаа салхиар илбүүлэх тэр мэдрэмж ...

-Судан Улсад газардахад маш халуун, бүгчим агаар угтсан. Байнга л хөлс урсана. Удалгүй бид дасацгааж, сүүл рүүгээ бараг даарч байгаагаа мэдэрч эхэлдэг юм байна лээ. Өмнө үзэж хараагүй ялаа, шумуул гэж жигтэйхэн олон. Эх орондоо ирэх тэр үеийг бол ярих ч юм биш ээ. Үгээр хэлэлтгүй. Монголынхоо хилээр орлоо гэхэд л онгоцонд бүх зүйл буцалж эхэлдэг. Тэгээд газардахад хамгийн түрүүнд эх нутгийн сэрүүн салхи үлээж угтдаг. Тансаг мэдрэмж л гэж тэр байх. Цэргийн хүнд үүн шиг бахархал гэж байдаггүй байх.

Цэргийн бүсгүй гэхээр бусдын нүдэнд бахархалтай харагдана л даа. Гэхдээ бас сайн гэргий, халамжит хань, ээж байх үүрэгтэй. Тийм үү?

-Эмэгтэй хүний хувьд чанга алба. Мэдээж эх орондоо тангараг өргөсөн цэргийн хүн, нөгөө талаараа айл гэрийн эзэгтэй. Миний нөхөр бас цэргийн хүн. Бид хоёр нэг оны төгсөлт, сургуулиа төгсөөд л нэг гэрт орж байлаа. Харин өнгөрсөн хугацаанд ажил албаны онцлогоос шалтгаалан 10 жил тусдаа амьдарчихсан байна. 20 гаруй жилийн тэн хагаст нь гэсэн үг. Энэ хооронд үр хүүхдүүд яах билээ. Ийм зүйлийг сөрөөд л явна, яалт ч үгүй тангараг өргөсөн цэргийн хүн юм чинь. Гэхдээ харамсаад байх зүйлгүй. Хүүхдүүд ч овоо том боллоо. Ээж, аав маань биднийг бас боломжоороо дэмжиж ирсэн.

Шантрах үе, хоосон мэдрэмж бишгүй л байсан биз. Тэр бүхнийг нөхдөг зүйл нь юу байв?

-Олон байсан. Энүүхэн хэсгийг, энэ багахан бартааг л давчихвал цаашаа дардан шүү гэж өөрийгөө зоригжуулдаг. Олон хүний итгэлээр жигүүрлэгдэж энэ ажил албыг гүйцэтгэж, хамт олны минь нэр бас дагаж явдаг болохоор халшрах эрхгүй гэж боддог доо.

Маршийн тэмцээнд өөрийн гэсэн мөрийг татуулсан юм билээ. Ямар амжилт үзүүлж байсан бэ?

-2003 онд мөнгө, 2012 онд хүрэл медаль хүртэж байсан. Нийтдээ бараг 10 жил оролцсон. Сүүлийн жил оролцож чадаагүй.

Таныг БНӨСУ-д анх үүрэг гүйцэтгэж байхад монгол цэрэг шилдэг гэсэн үзэл байсан уу?

-Цагийн байдал хүнд үед монгол цэргүүд энгийн иргэдийг татан гаргах ажиллагааг олон удаа чадварлаг шуурхай гүйцэтгэж байсан. Өөр орны цэргүүд ингэх байсан уу, бүү мэд. Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарын байгуулсан гавьяанаас монгол цэргүүд ингэж хүндлэгдэх нэг шалтгаан болсон байх. Ер нь тэгээд олон жишээ байдаг шүү дээ. НҮБ биднийг хангалттай үнэлдэг болсон.

Анхны эмэгтэй генералтай болсон нь та бүхэнд, ялангуяа энхийг сахиулагч эмэгтэйчүүдэд маш том урам зориг өгч, жигүүр ургуулсан үйл явдал боллоо гэж бодож байна. Эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг, оролцоог илүү томоор харж, өндрөөр үнэлж байгаагийн жишээ биш гэж үү?

-Г.Болор генерал биднийг сонсогч байхад морзын хичээл заадаг байсан. БНӨСУ-д үүрэг гүйцэтгэхэд мөн штабын офицероор ажиллаж байлаа. Сая бригадын генерал цол хүртсэнд маш их баяртай байгаа. Эмэгтэй цэргийн алба хаагчдын цаашдын ажил, албыг илүү гэгээлэг ирээдүйтэй болгож харуулсан гэж боддог. Түүнчлэн эмэгтэй цэргийн алба хаагчдын амжилт өөд өгсөх энэ замыг Г.Болор генерал ийн нээж байна. Ингэснээр эх орон тусгаар тогтнолоо батлан хамгаалах үйл хэрэг, даян дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын идэвх, оролцоо нэмэгдэж, илүү чанаржина гэдэгт итгэлтэй байна. НҮБ-аас тавьж байгаа шаардлагын дагуу манай Зэвсэгт хүчин энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоог жилээс жилд нэмэгдүүлж байна. Бидний хувьд ажиллагааны газар оронд эрчүүдээс дутахааргүй үүрэг гүйцэтгэж чадна. Миний бодлоор, тэр уур амьсгал, балансыг тэнцвэржүүлж, илүү уян хатан байлгахад эмэгтэйчүүд чухал нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд цэргийн багийн эмэгтэйчүүдийн үүрэг их. Бид харин гадаад хэлний мэдлэгээ зохих түвшинд эзэмшсэн байх ёстой. Энэ шаардлага их өндрөөр тавигдаж байгаа. Өөрийгөө дайчлаад дараагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр ирэхдээ англи хэлээр чөлөөтэй ярьдаг болчихсон хүн олон байна. Орон нутгийн иргэдтэй харилцах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд гадаад хэл хамгийн чухал. Мэдлэг хомс байвал тэр хэрээрээ бэрхшээл тулгарна гэж ойлгосон.

Тантай санал нэг байна. Африк хүүхдүүд ч бидний хэлээр саадгүй ярьдаг юм билээ ...

-Тийм ээ. Монгол хэлийг аягүй хурдан сурдаг юм билээ. Гэтэл би хоёр удаа очсон мөртлөө хэлийг нь мэдэхгүй. Өмнө нь бяцхан хүү байсан бол X ээлжээр очиход том залуу болчихсон монголоор маш сайн ярьж байсныг санаж байна. Бас болоогүй зарим монгол цэргүүдийг таниад л сүйд, нэрийг нь хүртэл мэдэж байлаа.

Цэргийн хүний гэр бүлд хүмүүжлийн нийтлэг нэг зүйл байдаг даа?

-Манай хүн их зарчимч. Том хүү маань ч бас түүнийг нь дуурайдаг тал бий. Дүү нартаа шаардлага тавина. Бид хүү, хоёр охинтой. Том хүү энэ жил 12 дугаар ангиа төгсөж байна. Цэргийн сургуульд шалгалт өгнө л гэсэн хүн байгаа. Ээж, аавыгаа ч бас харсан л байх. Хүүдээ хэлдэг юм, тангараг өргөсөн энэ алба их сайхан гэж. Бас өмнөх үеүдээ бодвол Зэвсэгт хүчин хамаагүй нээлттэй болчихсон. Мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл байвал боломж нээлттэй. Нөхрийн талд цэргийн хүн олон бий. Хоёр талаасаа бараг нэг салаа жагсчихна. Энэ нь ч хүүгийн маань сонголтод нөлөөлсөн байх.

Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчинд гэр бүл салалтын талаар хөндөх болсон. Таны хувьд гэр бүлийн бат бөх харилцааг хадгалдаг зүйл нь юу вэ?

-Би гэр бүлийн бат бөх харилцаа, баталгаа бол үр хүүхдүүд гэж боддог. Анзаараад байхад хүүхэдгүй, эсвэл цөөн хүүхэдтэй эхнэр, нөхрүүд салахдаа их амархан. Манай хүүхдүүд 2-3 жилийн зайтай мэндэлцгээсэн. Том хүүгээ төрүүлээд эхний хоёр жил хэцүү байсан. Нөхөр тэр үед хойно сургуульд сурч байлаа. Харин ээж, аав маань найдвартай ар тал болсон. Ар гэр маш чухал нөлөөтэй. Миний хувьд жил гаруй ажиллаад тэтгэвэртээ гарна. Тэгэхээр үр хүүхдүүддээ зарцуулах цаг зав ихэснэ гэж бодож байна.

Одоо залуу гэр бүлд хандаж хэлэхэд өөрсдийгөө биш үр хүүхдийнхээ ирээдүйг нэг бодоод үзээрэй. Салах гэж яарах хэрэггүй гэж хэлмээр байна. Ялангуяа ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирэх тэр хугацаанд бие биеэ ойлгож дэмжих хэрэгтэй. Мэдээж хэдий хол, удаан хугацаанд ч гэлээ ирээд нийгмийн хамгааллын асуудлаа шийдэх боломжтой байдаг шүү дээ.

Сая хэлсэнчлэн таны хувьд хэр бодитой дэмжлэг болсон бэ?

-Анхны ажиллагаанаас ирээд байрны урьдчилгаанд зориулж хуримтлал үүсгэсэн. Ингээд цалингаасаа хуримтлалаа тогтмол нэмэгдүүлдэг болсон. Хоёр дахь удаагаа үүрэг гүйцэтгээд ирэхдээ нийгмийн хамгааллын тодорхой асуудлуудаа шийдчихэж байгаа юм. Энэ бол маш том дэмжлэг гэдэгтэй олон залуус санал нийлэх байх.

Ярилцлагын сүүлийн хормыг танд үлдээе ...

-Монгол цэргүүд даян дэлхийд энхийг сахиулах ажиллагаанд оролцоод 20 жил болж, энэ хугацаанд тэд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр ирсэн. Мөн эдийн засгийн хувьд ч өөрсдөдөө том хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байна. Миний хувьд энэ нэр хүндтэй албанд, Зэвсэгт хүчиндээ 21 жил ажиллаж, хоёр ч удаа хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирсэндээ баярладаг. Цаашдаа энэ том өрх айл илүү нээлттэй болж, тэр хэрээрээ залуус сонирхож, дурлаж наашаа тэмүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд ангийн хамт олон, мөр зэрэгцэн алба хааж байгаа мөрдэс нэгт нөхдөдөө болон, цэнхэр дуулгатнууддаа 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Ярилцсанд баярлалаа.

Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ

"Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151