Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн уулын тусгай батальон сурталчилгааны ажлыг олон чиглэлээр зохион байгуулагдлаа.
Сурталчилгааны ажлын хүрээнд Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр ангийн байрлалд зохион байгуулав. Өдөрлөгөөр сурагчдад ангийн жагсаалын талбайд зэвсэг, уулын тусгай хэрэгсэл, хээрийн гал тогооны хэрэгслийг танилцуулж, ангийн штаб, дайчин алдрын танхим үзүүлж, үлээвэр найрал хөгжмийн салаа хэсэгчилсэн тоглолт сонирхуулсан юм.
Мөн энэ үеэр ирээдүйд Зэвсэгт хүчинд алба хаах сонирхолтой Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 16 сурагчийн мөрөөдлийг биелүүлж, тэднийг нэг өдөр ангийн байрлалд хүлээн авлаа. Тэд ангитай танилцах явцад “Дэлхийн цэрэг-бидний мөрөөдөл” сэдэвт нэвтрүүлгийн зураг авалтыг аймгийн Саян телевизтэй хамтран зохион байгуулсан юм. Түүнчлэн сурагчидтай Зэвсэгт хүчний талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, энхийг сахиулагчдын эрхэм үүргийг сурталчлав. Өдөрлөгийн төгсгөлд сурагчид “Уулын тусгай батальоны цэрэг болсон энэ өдөр хамгийн дурсгалтай байлаа” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж "Соёмбо" редакц