Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчид “Салааны жигдрэлтийг хангах шат”-ны хээрийн сургалт, дадлагыг 2023 оны 03 дугаар сарын 25 -аас 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.
Энэхүү дадлага сургуулиар офицер, ахлагч нар танхимын сургалтаар авсан онолын мэдлэгийг цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд газар орон дээр баталгаажуулан улмаар заагдсан районд десантаар бууж, тусгай үүрэг гүйцэтгэж, өмнөө тависан зорилгоо бүрэн дүүрэн амжилттай биелүүлж чадсан юм.
Мөн нисгэгчгүй нисдэг төхөөрөмжөөр гар гранат хаях туршилтыг дайсны бүлэг явган цэргийг дрон ашиглан гар гранатаар устгаж орчин үеийн дайнд ашиглагдаж байгаа шинэлэг арга техникийг манай улсын Зэвсэгт хүчинд ашиглах боломжтой гэдгийг харуулж чадсанаараа уг сургууль онцлогтой болж өнгөрлөө.
Хээрийн дадлага, сургуулийн үеэр цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгох, цэргийн алба хаагчдын гар нийлэмжтэй ажиллагаа, бие бялдар, үүрэг гүйцэтгэлт, сэтгэл зүй, хурд хүч, авхаалж самбааг сорих зорилгоор “Бүлгийн марш тактик, тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Тэмцээнд нийт 6 багийн 36 цэргийн алба хаагч оролцсоноос тэргүүн байрт ахмад Л.Пүрэвсүрэн даргатай баг, дэд байрт хошууч Ч.Сэр-Од даргатай баг, гутгаар байрт дэслэгч М.Тэмүүлэн даргатай баг тамирчид шалгарсан байна. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад ангийн захирагч хурандаа Д.Шинэбаяр шилжин явах цом, өргөмжлөл, медаль, дурсгалын зүйл, хундан цагаан хонь авах эрхийн бичиг зэргийг гардуулсан байна.
Б.Дэрдэннинж