Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 2022-2023 сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу Монгол Улсын өв соёл, эртний төрт улс, түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, цэргийн гэрээт алба хаагчдад цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 160 гаруй цэргийн гэрээт алба хаагчид болон офицер, ахлагчийн гэр бүлийн төлөөллийн хамт “Чингис хааны үндэсний музей”-тэй танилцлаа.
Тус анги нь энэ жил цэргийн гэрээт алба хаагчдынхаа оюуны мэдлэг ур чадвар, цэрэг эх оронч үзэл хүмүүжил, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшлүүлэх чиглэлээр олон үе шаттай ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Чингис хаан-Үндэсний музей нь өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлыг цогцоор нь харуулсан олон чухал иж бүрдэл бүхий түүхийн үзмэр, бүтээлүүдтэй бөгөөд цэргийн гэрээт алба хаагчдыг түүхээ улам сайн шамдан судлах хэрэгтэй гэдгийг ойлгуулсан чухал ач холбогдол бүхий өдөрлөг болж чадлаа.
Энэхүү музейг товчхон танилцуулбал:
“Чингис хаан” музейн хамгийн гол онцлог нь Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан), эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан), Их Монгол Улс, Монголын Их эзэнт улс, Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе), Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим), Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрүүдтэй.
“Чингис хааны угсааныхны хаад, язгууртнуудын түүхийг харуулж, 20 дугаар зууны эхэнд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээсэн түүхийг бүрэн цогцоор нь харуулсан онцлогтой.
“Чингис хаан” музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм. Өөрөөр хэлбэл "Чингис хаан" музейд дэлгэгдсэн үзмэрийн 92 хувь нь эх хувилбар, үлдсэн хувь нь бүрэн хэмжээнд илэрхийлэгдэж чадахгүй байгаа дурсгалуудыг орчин үеийн технологийг ашиглан сэргээж бүтээжээ.
“Чингис хаан” хаад, язгууртны музей бол нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Ази тивд буй том хэмжээний музейд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, 2,000 жилийн өмнөх хаад, язгууртны түүхийг харуулсан төрт ёсны музей юм.
дэслэгч Ёндон