ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Эрүүл мэндийн хэлтэс ХӨСҮТ-тэй хамтран Тайланд улс дахь АНУ-ын Зэвсэгт хүчний анагаах ухааны хүрээлэнгийн санхүүжилтээр Зэвсэгт хүчинд 2012 оноос томуугийн эсрэг төслийг эхлүүлээд 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд олон асуудлуудыг шийдвэрлэж, нэлээдгүй санхүүжилтийг ангиудад хийгээд байна.
Цэрэг татлага, хөдөө орон нутагт байрлах анги, салбаруудын бие бүрэлдэхүүнд урьдчилан сэргийлэх, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийхэд нэн тулгамдаад байсан зөөврийн рентген аппаратыг ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтсийн санаачилгаар томуугийн эсрэг төслийн санхүүжилтээр иж бүрнээр нь хүлээн авлаа.
Уг аппарат нь Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн, хүний биед сөрөг нөлөө багатай, хамгийн сүүлийн дэвшилтэд технологи болон эко технологиор хийгдсэн, тээвэрлэхэд хялбар, хөнгөн, бүх төрлийн оношилгоонд ашиглах бүрэн боломжтой зэрэг давуу талуудтай юм.
Зөөврийн рентген аппаратыг Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн хөдөлгөөнт бүлэг цэрэг татлагын үеэр болон 2 жилд нэг удаа анги, салбаруудад ашиглахаар төлөвлөөд байна. Энэ нь хөдөө орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч, тэдний ар гэрийнхний оношлогдох боломжгүй өвчин эмгэгийг эрт оношлох, тохирсон арга хэмжээ авах, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач тустай юм.