• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Монгол генералууд
Нийтэлсэн: 2014-04-28 13:26:51
Үзсэн: 100

Монгол генералууд
Нийтэлсэн: 2014-04-28 13:26:51 Үзсэн: 100



 “Монголын генералуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол Улсын цэрэг, армийн хамгийн дээд цол болох генерал цол бий болсны 70 жилийн ой давхцаж байгаа юм. Тиймээс өнөөдөр Монголын генералууд Чингисийн талбайд цуглаж, Чингис хааны болон Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болоод Батлан Хамгаалахын сайд нартай дурсгалын зураг татууллаа. 

     Түүнчлэн Монгол Улсын цэргийн дээд офицерийн генерал цол бий болсноос хойшхи 70 жилд энэхүү цолыг 160 хүн хүртсэний 82 нь амьд сэрүүн байгаагийн 52 нь тэтгэвэрт байна. 

     Монгол түмний тулгар төр байгуулагдсанаас хойшхи 2220 гаруй жилийн түүх бол чухамдаа монгол цэргийн түүхэн цадиг юм. Өнө эртнээс эрэлхэг эрсийн хүчийг засан тохинуулж, нэгэн гарт нэгтгэснээр төр улсаа сахин хамгаалж, зэргэлдээ гүрэн улс, цаашлаад дэлхийн дайдыг эзлэхдээ зангидсан гар мэт хүчирхэг явсаны утга учир нь цэргийн жанжин, гарамгай баатар, хөлөг дайчин, удирдагч манлайлагчдын чадварт оршиж байжээ. Суут эзэн Чингис хаан маань ч цэргийн баатруудаа байгуулсан гавьяа, хийсэн үйлээр нь дэслэн есөн өрлөг, мянгат түмтийн ноёд, зуут аравтын дарга гэхчилэн өргөмжилж байв. Өнөөгийн цэргийн цолны дэс, ойлголт тэр үеэс л төлөвшин бий болсон нь тодорхой. Харин “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосноор монголын арми, зэвсэгт хүчин дэлхийн жишгээр жигдэрчээ.

     Генерал цолтнууд өөрийн орондоо төдийгүй ОХУ, Украйн, Польш, Герман, АНУ-д цэргийн академи, дээд сургууль, дээд курс дүүргэсэн, боловсролын түвшин өндөр, ажлын дадлага туршлага, удирдах арга барил сайтай тэргүүний офицеруудын шилэгдмэлүүд байдаг нь монголын генералуудын намтар түүхээс бэлхнээ харагдаж байна. Монгол улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 төрсөн байдаг. Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 96 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 38 настай Л.Онцгойбаяр ажээ. Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв.  Генералуудаас Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг. 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон генерал бол Т.Алтангэрэл гуай юм байна. Завхан аймгаас хамгийн олон генерал буюу 18 алтан мөрдөстөн төрсөн байдаг. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон сонихон тавилан нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий билээ. Одоогоор хамгийн отгон генерал нь ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжав, ТЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт нар юм.

    Армийн генерал цолыг 1971 онд Б. Доржид, хурандаа генерал цолыг 1961 онд Ж. Лхагвасүрэнд, дэслэгч генерал цолыг 1944 онд Ж.Лхагвасүрэн, Ю.Цэдэнбал нарт, хошууч генерал цолыг 1944 онд Д.Дамдинхүү нарын есөн хүнд, бригадын генерал цолыг 2006 онд Н.Энхбаялагт тус тус анх олгож, тэд цол бүрийнхээ анхдагчид болж байжээ.

    Монголын нийт генералуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол генерал” төрийн бус байгууллага 2001 онд байгуулагдсан ажээ. Энэхүү төвийн тэргүүнээр хошууч генерал С.Баасанхүү, дэд тэргүүн буюу гүйцэтгэх захирлаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нар ажилладаг юм байна. Өдгөө энх тунх байгаа 82 генералыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү төв нь залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, генерал цолтнууд төдийгүй цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, ажил хэргийн холбоотой байгууллагууддаа мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226