“Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд эхний шатнаас шалгарсан Зэвсэгт хүчний 353, Хилийн цэргийн 0151, Зэвсэгт хүчний 120, 0164, 032, 311, 017, 029, 150 дугаар ангиуд оролцлоо.

Уг уралдааныг нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан юм.
Энэхүү уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Мөн уралдааны шалгуур, үзүүлэлтийн дагуу цэргийн анги, байгууллагуудын хөгжил нэг шатаар ахиж байгааг зохион байгуулагчид болон цэргийн анги, байгууллагууд онцолж байна.

Энэ жилийн уралдаанд 29 анги, байгууллага оролцсон бөгөөд 2 дугаар сараас эхэлсэн нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтыг ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайгаар ахлуулсан зохион байгуулах ажлын хэсэг анги тус бүр дээр очин дүгнэж, 2 дугаар шатнаас шалгарсан 9 ангийн жагсаалын тоглолт, төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдан явагдлаа.
Тэргүүн байрт хурандаа Х.Банди захирагчтай Зэвсэгт хүчний 120 дугаар анги Дэд байрт хурандаа Н.Ганболд захирагчтай Хилийн цэргийн 151 дүгээр анги Гуравдугаар байрт хурандаа А.Мөнхбат Зэвсэгт хүчний 353 дугаар анги тус тус шалгарлаа.

Тусгай байрт хурандаа н.Батцэнгэл захирагчтай Хилийн 0164 дүгээр анги тус тус шалгарч дөрвөн сая төгрөг, үлээвэр хөгжмийн иж бүрдлээр шагнууллаа.
Эхний гурван байрт шалгарсан ангийн захирагч нарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр өрөө орон сууц олгосон юм. Мөн энэ үеэр эх орныхоо энхийн манаанд зогсож, хугацаат цэргийн албаа хаасан цэрэг эрсийг албанаас нь халах ёслолын ажиллагаа боллоо. Мөн халагдсан цэргүүдийг ажлын байраар хангах үйл ажиллагаа болсон.
Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд 20.00 -23.00 цагт Чингис хааны нэрэмжит төв талбайд үдшийн цэнгүүнийг тус тус зохион байгуулан явуулсан юм.