
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт 3 хоногийн турш явагдаж өндөрлөлөө.
“Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн сургалт орчин үеийн мэргэжлийн арми, түүний мөн чанар, онцлог, Зэвсэгт хүчнийг энэ чиглэлээр хөгжүүлэх асуудлын талаар удирдах бүрэлдэхүүн харилцан санал бодол, туршлага солилцов. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин байгуулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтад хамрагдсан Зэвсэгт хүчний зарим ангийн захирагчаас цугларалтын үр дүнгийн талаар болон анги, салбарт өрнөж буй ажлуудын талаар мэдээлэл авсан юм.
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, хурандаа С.ПҮРЭВДОРЖ:
-Зэвсэгт хүчний 2016-2017 оны сургуулийн жилийн удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт Батлан хамгаалах салбарын багц хууль батлагдсаны дараахан зохион байгуулагдаж, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин” сэдвийн хүрээнд явагдсанаараа онцлог боллоо. Миний хувьд ангийн захирагчаар томилоглдсоноос хойш анх удаа оролцож байна. Сургалтаар цаашид үйл ажиллагаандаа чиглэл болгон ашиглах олон шинэлэг санал санаачлагыг сурч мэдсэнээс гадна бусад ангийн захирагч нараас суралцаж, санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж чадлаа. Сурсан мэдсэн зүйлээ өөрийн ангийн бие бүрэлдэхүүндээ хүргэх үүднээс эхний ээлжинд заах арга зүйн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн бие бүрэлдэхүүний цэргийн сургалт бэлтгэлийг хангах үүднээс офицер, ахлагч нарын чийрэгжүүлэх танхим байгуулж, сургалтын танхим, ангийн гадна засвар, хүн эмнэлгийн байрыг засварлаж, хугацаат цэргийн алба хаагчдын хичээл сургалтыг ая тухтай явуулах үүднээс сургалтын танхимын ширээ, сандлыг дэс дараатайгаар шинэчилж байна.