• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ ТОДОРХОЙ АМЖИЛТАД ХҮРНЭ
Нийтэлсэн: 2014-09-26 12:21:39
Үзсэн: 80

ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ ТОДОРХОЙ АМЖИЛТАД ХҮРНЭ
Нийтэлсэн: 2014-09-26 12:21:39 Үзсэн: 80



    Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал “Уламжлалт бус аюулгүй байдал” сэдвээр Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд болж байна.  Бага хурлыг Монгол Улсын ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалын Тусгай хүчний командлалтай хамтран зохион байгуулж байгаа юм. Хурлын ажиллагаанд Австрали, АНУ, БНСУ, Балба, Бангладеш, Хонг Конг, Малдив, Монгол, Шинэ Зеланд, Шри Ланк, Энэтхэг, Япон зэрэг орны зочид, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

     Хурлын ажиллагааг нээж АНУ-ын Номхон далай дахь Цэргийн командлалын Тусгай хүчний командлалын дэд дарга, хурандаа Бонд Бов хэлсэн үгэндээ, бага хурлыг эх орондоо зохион байгуулж буй Монгол Улсын БХЯ, ЗХЖШ-т талархал илэрхийлэв. Тэрээр бүс нутгийн хэмжээнд гарч буй байгалийн гамшиг, терроризм, далайн аюулгүй байдлын зөрчлүүдийг улс үндэстэн бүр хамтын хүчээр даван туулах шаардлага тулгарч байна. Эдгээр уламжлалт бус аюулгүй байдлын асуудлууд Ази, Номхон далайн улс орнуудын эдийн засгийн өсөлт, хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшилд саад учруулж байгаа юм. Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын ажлын бүлгээс зохион байгуулж буй “Уламжлалт бус аюулгүй байдал” сэдэвт бага хурал дээрх сорилтыг даван туулахад тус дэм болохоос гадна бидний итгэлцэл, хамтын харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болно гэж тэмдэглэв.

    ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар бага хурлын урилгыг хүлээн авч манай сайхан оронд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийллээ. Бригадын генерал Д.Энхбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын аюулгүй байдлын орчин харьцангуй тогтвортой байгаа хэдий ч дэлхий дахин, бүс нутгийн хэмжээнд нүүрлээд буй уламжлалт бус аюул занал, түүний дотор терроризмаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүний хор уршгийг арилгах асуудлаар хуримтлуулсан онолын мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, харилцан суралцаж тодорхой амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

     Хурлын завсарлагаанаар хурандаа Б.Бовоос тус бага хурлыг Монголд зохион байгуулах болсон талаар тодруулсан юм. Тэрээр аюулгүй байдлын асуудлаар судалгаа явуулдаг байгууллагууд, Зүүн хойд болон Өмнөд Азийн улсуудын төлөөллийг урьж оролцуулж буй учраас бид энэхүү бага хурлыг Монгол Улсын холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа. Уламжлалт бус аюул занал гэдэгт терроризм, хэт даврах ажиллагаа, гамшгийг хамааруулж байгаа. Энд яригдах сэдвүүд тодорхой мэдлэг, туршлага болж улс орнуудын хэмжээнд бодлогын түвшинд авч үзэхэд тулгуур болоосой гэж хүсч байгаа гэж ярилаа.

     ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай бага хурлын ач холбогдлыг тодорхойлж хэлэхдээ, тусгай хүчний чиглэлээр манай оронд анх удаа зохион байгуулж буй арга хэмжээ юм. Дэлхий дахинд болон бүс нутагт уламжлалт бус аюул оршсоор байгаа. Үүнээс улс үндэстнүүд хэрхэн сэргийлж, хамтран тэмцэх вэ гэдэг асуудлаар харилцан туршлага солилцож байгаад бага хурлын ач холбогдол оршиж байна. Манай улсын хувьд уламжлалт бус аюул заналтай тэмцэж буй гадны туршлагаас суралцах, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл энэ чиглэлээр өргөн мэдээлэлтэй болж байгаа чухал арга хэмжээ гэж хэллээ.

     Энэхүү хурлаар “Хэт даврах үзлийн эсрэг ажиллагаа”, “Зэвсэг үл дэлгэрүүлэх нь”, “Энхийг сахиулах ажиллагаа”, “Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах нь” гэсэн үндсэн асуудлуудаар хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцох бөгөөд энэ нь бүс нутгийн аюулгүй байдлын сүлжээг бэхжүүлэхэд зохих үр дүнгээ өгөх нь дамжиггүй.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226