• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

70 дахь жилийн сургуулийн нээлт
Нийтэлсэн: 2016-11-11 12:46:13
Үзсэн: 34

70 дахь жилийн сургуулийн нээлт
Нийтэлсэн: 2016-11-11 12:46:13 Үзсэн: 34



“Алдар” спорт хорооны баг, тамирчид 70 дахь удаагийн хичээл сургуулийнхаа нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Монгол Улсын ууган спортын нийгэмлэгийнхээ хувьд тус хорооны баг, тамирчид эх орны болоод тив, дэлхийн олон улсын чанартай тэмцээн уралдаануудад ард түмэн, Зэвсэгт хүчнийхээ нэрийг өндөрт өргөж, амжилт бүтээлтэй оролцсоор ирснийг дурдах нь зүйтэй.

Нээлтийн үйл ажиллагаанд “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр “Хичээлийн шинэ жилийн нээлт гэдэг бол амжилт, алдаа оноогоо дүгнэж, ирэх жилд хийж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг онцлогтой. Бид бүхэн гал голомтоо бадрааж, бууриа засаж, сууриа тавьснаас хойш 70 дахь жилийнхээ хичээл, сургуулийн нээлтээ хийж байна. 2015-2016 оны хичээл, сургуулийнхаа төлөвлөгөө, зорилго, зорилтыг манай баг, тамирчид бүрэн биелүүлсэн. Өнгөрч буй хичээлийн жилд тус спорт хороонд гаргасан амжилт, үр дүн бүхэнтэй үргэлж хамт байж, биднийг туслаж, дэмжиж байсан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад баярлаж, талархснаа илэрхийлье.

Мөн гадаад харилцаа хамтын ажиллагааныхаа хүрээнд дэлхийн цэргийн спортын байгууллагатай харилцаа холбоогоо өргөтгөн тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцохын зэрэгцээ зохион байгуулагч орон болсныг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв. 

Мөн энэ үеэр Монголын бүх ард түмний XIV их наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн МУГТ, дэд хурандаа О.Гүндэгмаа тэргүүтэй зарим тамирчдыг төлөөлөл болгон ЗХЖШ-аас шагнаж урамшуулав. 

Ингээд “Алдар” спорт хорооны 2016-2017 оны шинэ хичээл, сургуулийн жилд дэвшүүлсэн зорилтуудаас хүргэе.

-Эх орон, тив дэлхийн чанартай бүх шатны уралдаан тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улс, Зэвсэгт хүчний нэрийг өндөрт өргөх,

-Дэлхийн цэргийн спортын байгууллагын төлөвлөгөөний дагуу тэмцээн уралдаан бусад арга хэмжээнд идэвхтэй оролцох, ялангуяа 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах Зүүн хойд Азийн орнуудын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, амжилттай зохион байгуулах

-Үндэсний спортын төрлүүдээр гаргаж байсан амжилтуудаа бататгаж, цолтонгуудын тоог нэмэгдүүлж, шинэ залуу тамирчдыг бэлтгэх

-Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын тэмцээн уралдаан, сургалт, семинарыг зохион байгуулж явуулах

-Их спортын болон цэрэгжлийн спортын төрлүүдийг хөгжүүлж зэрэг, цолтны тоог нэмэгдүүлэх

-Тавантолгой дахь “Цэрэг, спортын сургалтын төв”-ийг шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлэх

-Спорт хороонд хичээллэж буй секц, дугуйланд хамрагдагсад, хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах

-Офицер, ахлагч нарын цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэн, цэргийн албыг бэхжүүлж ажиллах зорилтуудыг тавин ажиллахаар болсон байна. Шинэ хичээлийн жилд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар зарим дасгалжуулагч, тамирчдаас тодрууллаа.

МУГТ, дэд хурандаа О.ГҮндэгмаа:

-“Алдар” спорт хороотой хувь заяагаа холбож, энэ байгууллагаар овоглон тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваадаа баяртай байдаг. Амжилт бүхний минь ард тус спорт хорооны багш, дасгалжуулагчид бий. Өнгөрч буй хичээлийн жилийн хувьд нэлээдгүй тэмцээн уралдаануудад хүчээ сорьж, эх орныхоо нэрийг дуурсгасандаа баяртай байна. Цаашдаа амжилтаа улам бататгаж, медалийнхаа тоог нэмэх болно.

Чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Ц.ЦогтбаЯр:

-Манай баг тамирчид өнгөрч буй хичээлийн жилд өндөр амжилт гаргалаа. Ялангуяа олимпийн наадамд манай спорт хорооноос 11 тамирчин оролцлоо. Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин төдийгүй Монголын ард түмнийг баярлуулсан амжилт гаргасан. Ялангуяа чөлөөт бөхийн тамирчин, МУГТ ахмад Г.Мандахнаран олимпод амжилттай оролцож, хэрхэн барилдсаныг та бүхэн мэдэж байгаа. Цаашдаа тамирчдынхаа бэлтгэл сургалтад онцгой анхаарч, гаргасан амжилтуудыг ахиулах зорилт тавиад ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227