• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
Нийтэлсэн: 2013-12-24 11:22:39
Үзсэн: 115

ЭНХИЙГ САХИУЛАГЧДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
Нийтэлсэн: 2013-12-24 11:22:39 Үзсэн: 115



     Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Эргүүл хамгаалалтын ротын YIII ээлж, Кабулын Олон Улсын нисэх буудлын нисэх зурвасын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн Ү ээлжийн бие бүрэлдэхүүнд Төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслол Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд болж БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Афганистан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, дэд хурандаа С.Самдангэлэг захирагчтай Цэргийн багийн бие бүрэлдэхүүн, ар гэрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм.

    ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “…Цэрэг хүний эр зориг, тэвчээр хатуужил, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан, цагийн байдлын эгзэгтэй ээдрээтэй нөхцөлд төр, засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай биелүүлж ирсэн нь бид бүхний бахархлыг төрүүлж байна. Дэлхийн аль ч оронд, гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж, төрийн ивээл хүртээж, шагнаж урамшуулдаг ёс эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байдаг. Зөвхөн шагнаж урамшуулаад өнгөрөх биш, тэднийхээ үйл хэргийг залуу хойч үеийнхэндээ ойлгуулан сурталчилдаг байх нь чухал юм. Энэ талаар БХЯ, ЗХЖШ-аас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна…” гэж онцлон тэмдэглэсэн. Ийнхүү өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн эх орондоо ирсэн энхийг сахиулагчдын гавьяаг төр, засгаас үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар хошууч С.Самдангэлэг, ахмад А.Батсүх нарыг, мөн “Энхийн төлөө”, “Афганистанд энхийн төлөө” зэрэг медалиар 200 гаруй энхийг сахиулагчийг шагнаж урамшуулсан юм. БХЯ-ны СТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Цэргийн багаа төлөөлж хошууч С.Самдангэлэг нар талархлын үг хэлсэн. Өнгөрсөн хугацаанд дэлхийн гурван тивийн 14 оронд 9850 гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэсэн бол өнөөдөр дэлхийн халуун цэг болсон Афганистан, Өмнөд Судан, Хойд Судан, Баруун Сахар, Конго, АНУ дахь төвийн командлалуудад 1300 гаруй энхийг сахиулагчид болон цэргийн ажиглагч, штабын офицерууд өргөсөн тангарагтаа үнэнч байж, дэлхийн энх тайвны төлөө үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Соёмбо сонин

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422