• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Нийтэлсэн: 2023-01-20 16:17:56
Үзсэн: 354

ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Нийтэлсэн: 2023-01-20 16:17:56 Үзсэн: 354



        Өнөөдөр буюу энэ сарын 20-ны өдөр Соёлын төв өргөөнд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм.

          Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, орлогч дарга хурандаа Т.Галбадрах болон Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлагч нар, Барилга-инженерийн удирдах газрын дарга, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн оролцлоо.

        Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцож эхэлснээс хойш өдгөө давхардсан тоогоор 21000 орчим цэргийн алба хаагч, түүний дотор 1000 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэн, өнөөдрийн байдлаар дэлхийн цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байна.

        Түүний дотор манай улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн алба хаагчид 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд эдүгээ 11 ээлжийн цэргийн багт 9500 гаруй энхийг сахиулагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Өдгөө БНӨСУ-д ажиллагааны газар оронд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 12 дахь ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэсээр байгаа юм.

       Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор батлагдсан мандатын хүрээнд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, энхийн гэрээний хэрэгжилтийг хангах, баазын болон дотоодын дүрвэгсдийн хуарангийн харуул, хамгаалалтыг тасралтгүй зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээдэг бөгөөд энэ үүргээ үлгэр жишээ гүйцэтгэж байгааг Нэгдсэн үндэстний байгууллагын удирдлага, ажилтнууд, Хүчний болон секторын командлал, удирдах албан тушаалтнууд, БНӨСУ-ын төр, засгийн удирдлага, орон нутгийн иргэд ямагт өндрөөр үнэлдэг.

        Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн багийн бүрэлдэхүүнд албан үүргээ үлгэр жишээ гүйцэтгэсэн дэд хурандаа Н.Гэрэлбадрах, хошууч А.Баясгалан, ахмад Б.Тэмүүжин, ахлах дэслэгч У.Гандугар, ахлах ахлагч О.Даваадулам, ахлагч О.Нямжав, Б.Гүрбадам, Б.Хишигсүрэн, дэд ахлагч З.Мөнхбаяр нарын олон офицер, ахлагч нарт төрийн одон, медаль хүртээсэн юм.

       Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын тушаалаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цаг агаарын, үер усны гамшиг болон цагийн байдлын хүнд нөхцөлд албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад Батлан хамгаалах салбарын шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422