• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЮАНЬ ГҮРЭН ҮНДЭСЛЭН БАЙГУУЛАГДСАН НЬ
Нийтэлсэн: 2014-02-07 16:18:43
Үзсэн: 110

ЮАНЬ ГҮРЭН ҮНДЭСЛЭН БАЙГУУЛАГДСАН НЬ
Нийтэлсэн: 2014-02-07 16:18:43 Үзсэн: 110



Гончигийн Ариунболд Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Магистр, Докторант

      Хубилай нь Чингис хааны отгон хүү Тулуйн хатан Сорхогтаниас төрсөн хоёрдахь хүү болой. Тулуй нь Мөнх, Хубилай, Үлэх, Аригбөх, Мүгэ зэрэг хөвгүүдтэй байлаа. Эд бүгд Дэлхийн  түүхэнд мөнхөрсөн их хаад болжээ.  Тулуйн ууган хүү Мөнх хаан Өгөөдэйн угсааныхнаас Тулуйнханд  20 жилийн дараа бүх Монголын  эзэн хааны ширээ  болон өмч нутгаа эгүүлэн авчирч тодорхой хугацаанд алдагдаж эхэлсэн  Монголын их гүрний  нэгдмэл байдлыг дахин нэгтгэн сэргээжээ. Мөнх хаан хятадын өмнөд хэсэг дэх  Сүн улсыг байлдан дагуулахаар явахдаа  Хархоринд Тулуйн отгон хүү болох  Аригбөхийг үлдээсэн байна. Тулуйн гурав дахь  хүү Үлэх Эль хаадын  (бүх Ираны)  улсын анхны монгол угсааны хаан болжээ.

          … 1225 онд  их аян  дайнаас  эгж   ирсэн  Монгол гүрний  их эзэн Чингис хааныг Эмиль голын хөвөөнд угтагсдын  дунд Хубилай  хөвгүүн, Үлэх дүүтэйгээ байжээ. Тэр үед Хубилай арван нэгэн настай байжээ. Чингис хаан хоёр ачийнхаа дунд  хурууг  өөхөөр мялааж  өгсөн нь  тэр үеийн  заншил ёсоор  бол  анхны  ав хомрогод  оролцож  буй идэр хөвгүүдийн  ан гөрөөнийх нь  ганзага олз омгоор дүүрэн байхын билэгдэл байсан төдийгүй,  хожим хойно угтаж  буй их  ирээдүйг  зөгнөж, дөрөөгий  нь мялаасан ч гэмээр.  Үнэхээр ч энэхүү хоёр жаал насанд  хүрээд Их Юань гүрэн болон Эль хаадын  эзэнт  улсыг тус  тус үндэслэсэн ажгуу.

          Тулуйн  хөвгүүд,  түүний  дотор  Хубилайн  үзэл санаа хүмүүжил  төлөвшихөд хатан эх Сорхогтань гүнзгий нөлөө үзүүлснийг түүхэнд онцлон тэмдэглэсэн байдаг. Японы  монголч эрдэмтэн Отахи Мацуво “Хубилай хаан” номондоо “Тулуйн бэлэвсэн хатан Сорхогтань  бол христос  шашны мөргөлтөн байхын  сацуу бас ислам  шашныг  хамгаалагч гэгдэж  байснаараа тухайн үед христос болон  ислам  мөргөлтний дунд  ихээхэн алдаршиж  байсан хүн  юм. Гэтэл энэ хатан  христос шашныг ч, Мухамед шашныг ч шүтэгч биш байв. Хятадын тэмдэглэлд Сорхогтанийг хятадын бурхны суртахууны хувраг Хай-Юн болон Цой- Жунхэйг  халуунаар шүтэж  байсан  хүн  гэжээ ” гэсэн байдаг. Үүнээс үзэх ахул Тулуйн хатан Сорхогтань нь суурин орны шашин буюу  гүн ухааны нөлөө бүхий гол урсгал чиглэлийг мэддэг бөгөөд суурин орны оюуны үнэт зүйлээс хүртсэн, тухайн үедээ багагүй мэдлэгтэй хүн байжээ. Ер нь эзэн Чингис  хаанаас өгсүүлээд  Алтан улсын хаад аливаа шашныг онцлон үзэлгүйгээр   бүх шашныг эн тэнцүү үздэг байсан ба  XIII  зуунаас Монголд  христос, лал, будда, бөө мөргөл  зэрэг  шүтлэгийн анхны хэв маяг адил тэгш эдэлж  байжээ.  Энэ бүхэн нь тухайн үедээ Монголын гадаад харилцаа хэр өргөн бөгөөд оюун санааны амьдрал хир нөлөөтэй байсныг харуулж байна.  Чухам Монгол гүрэн өргөжиж тэлэхийн хирээр түүний оюуны хүрээ тэлэн,  багтаамж нь улам  дэлгэрэн  хөгжсөн  гэлтэй.

     Энэ  бүхний бодит тусгал нь  Сорхогтань хатан тэдний хаан хөвгүүдийн байлдан дагуулсан  суурин  улс оронд баримталж   асан төр шашныг  хослон  барих  бодлогоос  үзэхэд  тодорхой  байх  ажээ.

      Одоогоос  745 жилийн өмнө буюу 1251 онд  Мөнх хаанаас Хубилайг Дорно зүгийн их захирагчийн тушаалд томилон илгээсэн бөгөөд Өвөр Монгол дахь Жин-Лян-чезанаас бүх хятадыг байлдан дагуулах  их аянаа эхэлсэн байна. Энэ үеэс эхлэн Хубилай өөрийн  амьдралын үлдсэн тал  насаа Хятадтай холбоно чинээ  санасангүй ч байж мэднэм, мөн үед Алтан улсын төр ялзран доройтож,  Дундаж  орноо буцааж   авах гэсэн Сүн улсын бодлого Монголынхтой зөрчилдөн, тэд хоорондоо дайтах нь гарцаагүй болсон байлаа. Мөнх хаан Сүн улсыг  довтлохдоо Хубилайг  хоёр дугаар замын их цэргийг захиран давших үүрэг өгчээ… Анх  Хятадад хөл  тавьснаас хойш  нилээд  хугацаа өнгөрч,  Хубилай  “Хятад”-ыг  өөртөө нээж,  хятадуудыг танин  мэдэх болж, хал үзэж,  хашир суужээ. Тэгээд л Хубилайн Хятадыг  байлдан  дагуулж, эзэрхэн ноёрхох  үзэл бодол  бүрэн өөрчлөгджээ.

     Анх удаа Хятадад ирсэн монгол ноёд хятадын тариачид,  албатуудаасаа алба татвар татахдаа өрх бүлийн чадал чинээнд тохируулалгүй,  баян чинээлэг, ядуу хоосонд адил тэгш ноогдвор хүлээлгэж  байсан нь суурин иргэдийг богино хугацаанд үгүйрүүлэн хоосруулж,  цаашид  эдийн  засгийг нь  унаган, явцгүй  шахам болгожээ.  Хубилайн хувьд эхэн үедээ мөн л монголчуудын адил бодлого барьж байснаа, төдөлгүй энэ бүхнийг ухаарч, хятадын хашир түшмэдийн зөвлөлгөөг  ажил хэрэгтээ авч хэрэгжүүлэх  болов. Ингэснээр өөрийн нь харъяат эзэмшил нутгийн  аж  байдал, өөрийнх нь  авах алба татварын хэмжээ түргэн зуур өсчээ. Үүнээс эхлэн Хятад дахь эдийн засгийн  хүчин чадавхийг ухаалгаар авч  ашиглавал  хэр ашигтайг Хубилай  төлөөлөх болжээ. Энэ нь зарим талаар хятад түшмэдийн нөлөө байсан ч  мөн нөгөөтэйгүүр  Хубилайд байгалиас заяасан төрийн хүний  мэргэн санаа,  зөн билэг ,  хэрсүү гярхай ухаан санааны нэг  илрэл  болж  байсан гэлтэй.

      Мөнх хаан нас барсан хийгээд  Аригбөхийг Мөнх хааны  хатан хаан ширээнд өргөмжилж бүх Монголын хаан болгосон нь Хубилайгийн зорилготой зөрчилджээ. Аригбөх Мөнх хааны зарлигаар   Хархорумыг захирч,  улмаар түүний хатны  дэмжлэгийг хүлээснээр Монгол гүрний хууль  ёсны хаан болжээ.

Харин  Чингисийн хүсэл санааны оргил болсон “бүх дэлхийн хаант улс  байгуулах үзэл санаагаар өсч хүмүүжсэн ” “Алтан ургийн”-ханы  хаан хөвгүүдийн нэгний хувьд  Хубилай, дүү Аригбөхийн цаашдын зам мөр  зөрчилдөхөд  хүрчээ.  Нөгөөтэйгүүр,  аливаа хүчжин тэнхэрч буй  ханлиг улс  хаадын  адил өөрийн хүчээр олж  авсан Хятад орныг захиран сууж ,  элдэв  албан татварыг бие даан бүрэн шийдэж  байхыг  тэрвээр ихэд хүсэмжилж  байсан бололтой.  Эцсийн эцэст  Хубилай бүх Монголын төдийгүй, бүх  Дэлхийн хаант улсын эзэн болохыг зорьжээ. Монголын түүх  судлалд  Хубилайг буруушаадаг нэг асуудал нь түүний монгол гүрний  нийслэл буюу төвийг  Хятад оронд шилжүүлэн тунхагласан явдал юм. Тэгэхдээ чухам яагаад Хятадад нийслэлтэй  болсны  учир шалтгааныг тодорхой дурдсангүй иржээ.

Судлаач миний үзэж буйгаар бол энэ бүхнийг Хубилайгийн сэтгэхүй, оюуны  амьдралтай холбон үзэж  болох талтай.

      Хубилай шинэ залуу Монгол төрийн хоёр дахь гүрнийг үүсгэн байгуулсныг үгүйсгэж   болохгүй билээ.  Ийнхүү шинэ гүрний нэрийг “Юань “ хэмээсэн нь  агуулгынхаа  хувьд агуу их  болой, орчлон дэлхий” гэсэн  зурхайн судар номын нэгэн бадгаас иш татжээ.  Энэ нь Чингис хааны бүх  Дэлхийн хаант улсын үзэл санааны  шууд үргэлжлэл гэж тайлбарлаж  болох юм.

Нөгөө талаас  шинэ гүрний нийслэлийг Монгол гүрний төв Хархорумаас нүүлгэх болсон нь  дараах  бодит учир шалтгаантай байжээ.

      1. Энэ үед  (XIII зууны  80-аад оныг хүртэл-Г.А) Монголын нөлөө бүхий ноёд, түүний дотор Өгэдэйн ач хүү Хайду Хубилайг эсэргүүцэн урт удаан тулалдаан хийсээр ирсэн юм. Энэ бүхэн нь Хубилайгийн хувьд Хархорум хийгээд Монголд түүний хувь заяа тодорхойгүй. (баталгаагүй-Г.А) байсантай холбоотой. Хоёр дахь шалтгаан нь Хятад түшмэдээр нэгэнт  хүрээлүүлж, Хятад иргэдэд нэр алдар олсон Хубилай Хятадаас дэмжлэг олох нь илүү баталгаатай байжээ. Гурав дахь шалтгаан нь Чингисээс  эхэлсэн бүх   Дэлхийн хаант улс байгуулах  үзэл санааг  хэрэгжүүлэхэд Хятадын цэрэг –эдийн засгийн хүчин чадавхийг бүрэн дайчилж   ашиглах нь  Хубилайд хамгийн оновчтой бөгөөд  ойр дөт (хялбар-Г.А) зам  байсан байна.  Дөрөвт Хубилай Дэлхийн хаант улс байгуулахад  Зүүн өмнөд  азийн орнууд болон   Японыг  байлдан дагуулахад  газар зүйн хувьд цэрэг стратегийн хамгийн  ашигтай  байрлал  бол гадаад далайтай холбогдсон  Хятад орон байлаа.  Тав дахь гол шалтгаан нь  хятад  орны суурин ахуй , соёл,  ёс заншил, эртнээс хөгжилтэй төрийн бодлого, төр шашныг хослон барих бодлогод түүний үзэл хийгээд  Хубилайд Сорхогтань хатны олгосон өвөрмөц хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүдийн цогц түүнд гүн гүнзгий  нөлөөлчихүй.

       Энэ бүхний улмаас XIII зууны  эхэнд  монгол угсаатны  нийгэм-эдийн засгийн хөгжлийн төв хүйс нь болсон  Монголын нийслэл Хятад руу шилжихэд хүрчээ. Хубилай Юань гүрэн буюу “импери”-г байгуулсан нь Монголын байлдан дагууллын нэгэн “томоохон” үе болсон хэдий ч, Монголын нийгмийн хөгжлийн төв Хятадад шилжсэнээр  Хархорум  олон хөлийн газар байхаа нэгэнт больж, улмаар Монгол орон их Юань гүрний умард  захын нэгэн бөглүү хязгаар муж төдий болон  хөгжлийн талаар хоцрогдож   эхлэхэд  хүргэжээ.

       Эцэст нь тэмдэглэхэд Хубилайгийн дэлхийг байлдан дагуулах бодлого тэр бүр бүтсэнгүй бөгөөд зөвхөн Хятад, Солонгос болон Зүүн өмнөд Азийг захирсан хаант улсын эзэн болоход хүрчээ. Гэсэн хэдий ч  төрийн хэрэгт хүн хэрэглэх аргыг нь тэмдэглэж  «Юань улсын судар»-т  Хубилайг  «Сэцэн» хаан хэмээсэн байдаг.

Холбоотой мэдээ
МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ ...
Нийтэлсэн: 2021-04-27 11:00:00 Үзсэн: 541
САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН САНААНААС ГАРДАГГҮЙ ЮМ
Нийтэлсэн: 2016-02-01 16:48:55 Үзсэн: 224
АМЬДАРНА ГЭДЭГ АМЬ ЗУУХЫН НЭР БИШ ЭЭ
Нийтэлсэн: 2016-01-15 16:45:14 Үзсэн: 192
ХИЧЭЭНГҮЙ САЙД С.ЦЭРЭНДОРЖ
Нийтэлсэн: 2016-01-15 16:41:28 Үзсэн: 164
ЗЭВСЭГ УРЛААЧ ДАРХАН ЛУВСАН
Нийтэлсэн: 2015-05-10 16:35:30 Үзсэн: 184
ЯЛАЛТЫН МАРШАЛ
Нийтэлсэн: 2015-05-01 16:39:17 Үзсэн: 178
ЗОРИГТ ТАГНУУЛЧ НАВААНЫ КАМПААН
Нийтэлсэн: 2015-05-01 16:32:11 Үзсэн: 166