• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН МАРШАЛ ГЭЛЭГДОРЖИЙН ДЭМИД
Нийтэлсэн: 2020-04-24 13:53:59
Үзсэн: 213

ЦЭРГИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН МАРШАЛ ГЭЛЭГДОРЖИЙН ДЭМИД
Нийтэлсэн: 2020-04-24 13:53:59 Үзсэн: 213



Д.Гомбосүрэнгийн нэрэмжит Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар

ХХ зууны Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн нэгэн эрхэм бол БНМАУ-ын анхны өрлөг жанжин (маршал), Бүх цэргийн жанжин Гэлэгдоржийн Дэмид билээ.

     Г.Дэмид болбоос 1900 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутаг Шар булан хэмээх газар малчин ард Гэлэгдоржийнд төржээ. Тэрээр бага балчир байхаасаа хөдөлгөөн ихтэй, ухаалаг, сэргэлэн цовоо, ой сайтай хүү байсан учир түүнийг Хан-Өндөрийн хүрээнд лам болгохоор явуулжээ. Г.Дэмид тус хүрээнд амьдарч, ажиллаж байсан хятад, орос, дани, төвөд, монгол лам, хувраг, худалдаачин, малчин зэрэг таван хэлийн олон хүмүүсийн дунд орж, тэдэнд үйлчилж, наймаа арилжаа, худалдаа үйлчилгээ, хөдөлмөр, үзэл санаа, зан чанарыг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэрч, өөрөөр хэлбэл, олон янзын хүмүүсийн дунд орж ажилласнаар тухайн үеийн Монгол орны нийгмийн амьдралыг танин мэдэж авсан бөгөөд ирээдүйн улс төр, цэрэг арми, нийгмийн зүтгэлтэн болох мэдрэмжийг нь нээж өгсөн байна.

     Ардын хувьсгалын он жилүүдэд сайн дураараа Ардын журамт цэрэгт элсэн орж, 1921 оны дунд үеэр Идэр, Чулуутай, Цэцэрлэг, Туул голын адаг ба Борнуур, Шарын  гол, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн зэрэг газар цагаантны эсрэг хийсэн хэд хэдэн байлдаанд оролцсон партизан бөгөөд Ардын хувьсгал, Ардын засгийг бэхжүүлэхийн төлөө анхнаас нь идэвх зүтгэлтэй, тууштай оролцсон нэгэн билээ.

     Ардын хувьсгал ялсны дараагаар Г.Дэмид цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүлэх үүднээс 1922 онд Ардын цэргийн даргын сургуульд элсэн суралцаж 1923 онд төгсжээ. Сургуулиа төгсөөд Ардын цэргийн даргын сургуульдаа курсийн дарга, сумангийн туслах, сумангийн дарга, захирлын туслахаар ажиллаж байгаад 1926-1929 онд ЗХУ-ын Тверь хотын Морин цэргийн дунд сургуульд суралцаж байжээ.

    Монгол оронд 1930-аад оны эхээр өрнөж байсан “баруунтан”, “зүүнтэн”-ий тэмцлийн нэн эгзэгтэй үед тэрээр цэрэг, улс төрийн замналаа эхлүүлсэн байдаг. Түүнийг сургуулиас нь дуудан ирүүлж төрийн өндөр хариуцлагатай албан тушаалд тохоон томилжээ. Тухайн үеийн Засгийн газрын 1930 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор “Тус цэргийн дээд эрхийг барих газрын байгуулалт нь ажил явуулгад хараахан тохироогүй буюу завсрын илүүдэл чирэгдэл бүхий зүйл үлэмжхэн болох тул ЗХУ-ын Улаан цэргийн байгуулалтыг үлгэрлэж, тайван цагийн байгуулалтаар шинэчлэн өөрчилбөөс зүйтэй тул Цэргийн яам хэмээн нэрийдэхийг зогсоож, БНМАУ-ын Хувьсгалт Улаан цэргийн Бүх Ерөнхий штаб хэмээн нэрийдэх ба Цэргийн зөвлөлийг БНМАУ-ын Хувьсгалт Улаан цэргийн зөвлөл хэмээн нэрийдэж, басхүү сайд, жанжин хэмээн нэрийдэлгүй болгон, хэрэв байлдааны цаг тохиолдох ахул Бүх цэргийн байцаагчид Бүх цэргийн жанжны тушаалыг хүлээлгэж, тухайн хэргийг эрхлэн гүйцэтгүүлэх” болжээ. Улмаар БНМАУ-ын 15 дугаар Бага Хурлын 1930 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн нэгдүгээр хурлын тогтоолоор Хувьсгалт Улаан цэргийн зөвлөлийн тэргүүлэгчээр Г.Дэмидийг сонгон баталжээ. Ийнхүү Цэргийн яамыг татан буулгаж, цэргийн удирдах дээд байгууллагыг Г.Дэмид хэмээх шинэ хүн толгойлох болов.

     Зүүнтний нугалаа, завхралыг баруунтны тал засаж залруулан “Шинэ эргэлтийн бодлого”-ыг 1932 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хуралдсан Улсын 17 дугаар Онц Бага Хурлаас тунхагласан билээ. Тус хурлаас засгийн албан газруудын байгуулалтыг өөрчлөн тогтоож, Цэргийн яамыг сэргээн байгуулсан бөгөөд “Цэргийн яамны сайд бол Бүх цэргийн жанжин бөгөөд Хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгч болно” гэж заав. Бага хурлаас Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, Хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгчээр Г.Дэмидийг баталжээ. Энэ цаг үеэс Г.Дэмид таван жилийн туршид Цэргийн явдлын яамыг толгойлон улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхийн төлөө тууштай ажилласан байна.

    Түүний Цэргийн явдлын яамыг толгойлсон 1930-аад оны эхээр Монгол Улсын гадаад, дотоод орчин ихээхэн ээдрээтэй байсан цаг үе юм. Зүүн хойд Хятадад Японы милитаризм ид хүчээ авч, Японы тагнуул идэвхжин Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлж байсан үе юм. Тэрээр хэдийгээр цэргийн дунд боловсролтой морьт цэргийн дарга байсан ч угийн байгалиас заяасан сод ухаан, зохион байгуулах асар их авьяас, чадвар нь цэргийн нэрт зүтгэлтний хэмжээнд хүргэжээ.

    Мөн Монгол Улсын дотоод нөхцөл байдал ч хүндхэн байсан юм. Тухайлбал, 1932 онд төрийн эсрэг гаднын оролцоотой хувьсгалын эсэргүү гэх ард түмнийг хамарсан бослого, хөдөлгөөн гарсан хүнд цаг үе, сорилт бэрхшээл дагуулсан он жилүүд байсан юм. Ялангуяа Монгол Улсын батлан хамгаалах хүчин чадал 1921 оноос хурдацтай дээшлэн байлдах чадвар бүхий Монгол Ардын Хувьсгалт цэрэг гэж тодорхойлж байсан ч 1932 оны хувьсгалын эсэргүү бослогоор Зөвлөлтийн тусламжтайгаар арай хийж ялсан нь энэ салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан. Нөгөө талаар гаднын дайсны өмнө БНМАУ-ын батлан хамгаалах хүчин бэлэн бус байгааг харуулсан үйл явдал болсон юм. Иймээс Монгол Улсын батлан хамгаалах хүч чадлыг зузаатгах явдал маршал Г.Дэмидийн цэргийн үйл ажиллагааны гол чиг шугам байсан гэж хэлж болно. Тэрээр “Байлдаан дэгдэх ахул тус улсын эдийн засгийн ба улс төрийн байдлыг байлдааны цагийн явдалтай тохируулах нь чухал болох бөгөөд бүх улс, мөн аж ахуй ба засаг захиргааны зэрэг олон нийтийн газрууд хийгээд олон түмэн ардаас улсыг батлан хамгаалах хэрэгт оролцохоор бэлхэн байваас зохино” гэж батлан хамгаалах үйл хэрэг нь бүх нийтийн хэрэг болохыг онцлон тэмдэглэж байв.

    Монгол Улсын гадаад, дотоод орчин хурцадсан тэр үед түүнийг Бүх цэргийн зөвлөлийн дэргэд Ерөнхий сайдаар толгойлуулан байгуулагдсан Улсыг хамгаалах комиссын орлогч даргаар томилсон юм. Уг комисс нь улс орныг болзошгүй дайнд бэлэн байлгах, түүнд тохирсон хүн, техникийн хүчээр нөхөн хангах, улсыг батлан хамгаалах дээд байгууллага байжээ.

   Г.Дэмидийн улс орныг батлан хамгаалах талаар хийсэн олон талт ажлын нэг нь 1935 онд түүний гарын үсэг зурж баталсан “БНМАУ-ыг батлан хамгаалах байлдааны төлөвлөгөө” юм. Энэ төлөвлөгөө нь тухайн үедээ Монгол Улсын хувьд шинэ, анхдагч зүйл байсан бөгөөд түүнд дайсан довтолж болзошгүй үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, түрэмгийллийг няцаахад хэрхэн яаж бэлтгэх, дайн, байлдааны аюул тохиолдсон үед улс орныг батлан хамгаалах, бэлэн байдлын төлөвлөгөө, дайчилгаа явуулах болон МАХЦ-ийн нэгтгэл, ангиудыг байлдаанд оруулах, стратеги, тактик, оперативын зэрэг цогцолбор асуудлыг тусгасан нэн чухал баримт бичиг байв.

    Тэрээр улс орныг батлан хамгаалах ажлын хүрээнд улсын хэмжээний болон цэргийн дайчилгааны асуудлыг онц чухалчлан үзэж, багагүй зүйлийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Монгол Улсад энэ талаар 1932 оныг хүртэл улс орныг хамарсан цэгцтэй бодлого, төлөвлөгөө байгаагүй ажээ. Г.Дэмид дайчилгааны ажлыг онцлон үзэж, улсын яам, төв, орон нутгийн албан байгууллагуудыг дайчилгааны төлөвлөгөөтэй болгон хийх ажил, үүргийг нь тодорхойлж өгөхийн зэрэгцээ шалган туслах ажлыг байнга хийж байсныг дурдах нь зүйтэй. Аймаг, хотын цэргийн хэлтсийн дарга, ажилтнуудыг удаа дараа түр сургууль, цугларалтаар улс орныг батлан хамгаалах бодлого, арга ажиллагаанд сургаж байв. Дээрх арга хэмжээний үр дүнд 1930-аад оны дунд үе гэхэд дайчилгааны ажил цэгцэрч улс орныг хамарсан нэгдсэн тогтолцоо бий болсон байна.

     Г.Дэмид ЗХУ-д суралцаж байх хугацаандаа Зөвлөлтийн цэргийн нэрт жанжнууд, цэргийн зүтгэлтнүүдээс суралцан тэдний ажлын туршлага, арга барил зэргийг МАХЦ-т нутагшуулах ажлыг хийж, бодож, төлөвлөж байсан юм. Ялангуяа ЗХУ-ын маршал М.Н.Тухачевскийн цэргийн шинэчлэлийг тууштай баримталж байсан нь МАХЦ-т ихээхэн хэрэгтэй зүйл байжээ. Монгол орон бол дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн бөгөөд механикжсан байлдааны техник тун цөөн, түүнийг дагаад боловсон хүчин харьцангуй сул байсан. Тиймээс Г.Дэмид морьт-механикжуулсан цэргийг хослуулан хөгжүүлэх нь Монгол Улсад нэн тохиромжтой хэмээн үзэж байсан билээ. Цэргийн түүхч Д.Гомбосүрэн абугай “Дэмидийг техникжсэн морьт цэргийн байгуулалтыг үндэслэгч” хэмээн нэгэнтээ хэлж байсан нь түүхэн үнэн юм. Мөн МАХЦ-ийг Европын янз маягийн байдал бүхий цэрэг болгох бодлогыг баримталж байсныг дурдах нь ч зүйтэй. Үүний үр дүнд МАХЦ-ийн дотор орчин үеийн шинэ зэвсэг, танк, хими, холбоо, нисэх онгоц, төрөл бүрийн автомашин, техникээр зэвсэглэсэн төрөл мэргэжлийн цэргийн эзлэх хувийн жин мэдэгдэхүйц өссөн юм. Зөвхөн 1934 оны байдлаар МАХЦ нь 60 орчим хувиар техникжсэн байна.

     Мөн тэр бээр орон нутгийн хамгаалалтын асуудалд онцгой анхаарч орон нутгийн цэргээс бүрдсэн хэд хэдэн дивиз, хороог байгуулан олон зуун залуусыг богино хугацаанд цэргийн эрдэмд сургасан нь цэргийн алба хаах явдлыг хөнгөвчилсөн, нөгөө талаар дайн бүхий байдлын үед бүх цэргийн тоог хурдан хугацаанд нэмэгдүүлэх боломжийг хангаж өгчээ. Орчин үеийн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог Г.Дэмид тэртээ 1930-аад оны үед хэрэгжүүлэх гэж оролдож байсан нь өнөөдөр ач холбогдол нь буураагүй, харин ч яг тохиромжтой алсыг харсан бүтэц гэж харагдаж байна.

    Г.Дэмид нь цэргийн нэрт стратегич, онолч байсан юм. Тэрээр 1930-аад оны үеийн бүс нутгийн цэрэг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж Японы зүгээс одоохондоо БНМАУ-ын нутаг дэвсгэрт шууд халдан довтлох аюул хараахан үгүй гэсэн дүгнэлт хийсэн нь зөв байсан юм. Дайн гарвал хүчирхэг улсуудын хооронд болж Монгол Улс түүнд татагдан орж болзошгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хожим 1939 оны Халхын голын дайнаар тодорхой харагдсан. Тиймээс ч тэрээр ямар нэгэн шалтгаангүйгээр Зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулахын эсрэг байсан бөгөөд энэ нь улс хоорондын итгэлцлийг эвдэн дайны галыг өдөөж болзошгүй гэж дүгнэж байжээ. Энэ дүгнэлт нь хожим хойно ч сургамжтай үйл явдал болсон. Зөвлөлтийн цэрэг 1990 он хүртэл манай улсад байрласан он жилүүд нь улс хоорондын итгэлцлийг эвдэн хүйтэн дайны галыг улам өдөөн тэр ч бүү хэл АНУ-ын цөмийн цохилт өгөх социалист улсуудын тоонд Монгол Улс багтан Хятадын Ардын чөлөөлөх армийн хэдэн зуун мянган цэрэг Монголын өмнөд хилийн дагуу аюул заналхийлэл учруулж байсан юм. Г.Дэмид жанжин тэртээ 1930-аад оны дундуур энэ аюулыг мэдэрч байжээ.

    Г.Дэмид БНМАУ-ын Зэвсэгт хүчин дайны үед дангаараа гаднын түрэмгийллийг няцаахад хүчин мөхөсдөх тул зайлшгүй Зөвлөлтийн цэргийн туслалцааг авах нь зүйтэй ч дайны бус үед байнгын цэргийг байрлуулах нь итгэлцлийг эвдсэн үйл ажиллагаа болно гэж бодитоор дүгнэсэн байдаг. Ялангуяа 1935 онд эхэлсэн Монгол-Манжуурын хэлэлцээр үндсэндээ найрсаг уур амьсгалд харилцан ойлголцол дээр явагдаж байсан учир тэрээр дайны аюулыг хол гэж харан Зөвлөлтийн цэргийг байрлуулахын эсрэг санаагаа шууд хэлж байсан юм. Харин энэхүү санаа бодол нь их гүрэн ЗХУ-д таалагдаагүй бөгөөд гагцхүү түүний амь насыг 1937 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хөнөөсний дараа Улаан армийн цэргүүд 1937 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Монголд эрчимтэйгээр байрлах болсон билээ.

    Г.Дэмид МАХЦ-ийн боловсон хүчнийг бэхжүүлэн цэргийн чадварлаг удирдлагаар хангах асуудалд онцгой анхаарч ирсэн байдаг. Цэргийн боловсон хүчнийг Зөвлөлт Орос улсад болон дотооддоо бэлтгэхэд ихэд анхаарч боловсон хүчний их уурхай болсон Цэргийн ерөнхий сургуулийн талаар авч хэрэгжүүлэх олон арга хэмжээнд онцгойлон анхаарал тавьж байжээ. Г.Дэмид Цэргийн ерөнхий сургуулийг “Бүх улаан цэргийн манлай, мөрийг үзүүлэх зайлшгүй байгууллага” хэмээн үзэж МАХН-ын Төв хорооны нэрэмжит болгон сургалтын хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөн шинээр анги нээж элсэгчдийн тоог өргөтгөх зэрэг ажлыг хийснээр МАХЦ-ийн даргалах бүрэлдэхүүний гол цөм нь Цэргийн ерөнхий сургууль болжээ. Үүгээр ч зогсохгүй 1933 онд Цэргийн ерөнхий сургуулийн дэргэд Академийн түр сургуулийг нээснээр Цэргийн яам, Жанжин штаб, хороо, дивиз, корпусын удирдлага зэрэг олон албан тушаалтан төгсжээ.

     Г.Дэмид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэхэд онцгой анхаарч 1930-аад оноос албаа хааж дууссан цэрэг, бага дарга нарыг цэрэгт улираан алба хаалгах нь зүйтэй гэж үзсэн нь мэргэжлийн цэргийн үндэс суурийг тавиад зогсохгүй энэ тогтолцоо нь өнөөдөр улам боловсронгуй болж ахлагч бэлтгэх сургалтын тогтолцоо болон хувирчээ.

     МАХЦ-ийн байлдааны бэлэн байдал, байлдах чадварыг дээшлүүлэх нэгэн алхам бол тухайн үеийн хэллэгээр “маневрын сургууль” буюу өнөө цагийн хээрийн сургууль юм. Энэ асуудлыг маршал Г.Дэмид цэргийн сургалтын дээд хэлбэр гэж онцгойлон анхаарч ЗХУ-ын ижил түвшний сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, үр ашигтай талыг нь МАХЦ-т нэвтрүүлэх, хээрийн сургууль бүрийн дараа сургалтын үед гарсан ололт, дутагдал зэргийг шүүн ярилцаж, үүний дараагаар арга хэмжээ авдаг болжээ. Энэ уламжлал өнөөг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчинд үр өгөөжөө өгсөөр байна.

    Маршал Г.Дэмидийн цэргийн нэрт зүтгэлтний хувьд хийж гүйцэтгэсэн гол ажлын нэг нь түүний шууд удирдлагаар явуулсан цэргийн ажиллагаанууд юм. Тухайлбал, 1932 оны зэвсэгт бослого, 1934 оны Хасагийн дээрэмчдийн эсрэг үйл ажиллагаа, 1936 оны дорнод хилийн дагуух хилийн мөргөлдөөнүүдийн үеэр явуулсан цэргийн ажиллагаа юм. Булан дэрс, Адаг дулаан гээд зүүн хилийн бүхий л мөргөлдөөнд Г.Дэмидийн удирдсан МАХЦ нь дайсны санаархлыг тас цохин эх орноо харийн түрэмгийлэгчдээс бат хамгаалсан билээ.

     1932 оны зэвсэгт бослого нь түүхэнд ихээхэн маргаан, талцал, бослогыг хүчээр дарсан хэмээн ихээхэн шүүмжийг дагуулдаг. Гэвч маршал Г.Дэмид нь төр, засгаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлсэн юм. Баруун хилд Хасагийн дээрэмчдийн өдөөсөн хэрэг болон зүүн хилийн мөргөлдөөнд МАХЦ нь өөрт оногдсон үүргээ үнэнчээр биелүүлэн эх орноо харийн дайснаас өмгөөлөн хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлсэн төдийгүй цэргийн гарамгай удирдагч Г.Дэмидийн нэр хүнд ард түмний дунд Зөвлөлтийн нэрт жанжин М.В.Фрунзе, С.М.Будённый адил домог болтлоо хүндлэгдэж ирсэн юм.

      Цэл залуухан 36 насандаа БНМАУ-ын өрлөг жанжин (маршал) цолоор шагнагдана гэдэг хэн хүнд олдоод байхгүй эрхэм хүндтэй хүндэтгэл мөн. Гэвч ид хийж бүтээх асар их хүсэл мөрөөдөл, ажил үйлсийн үедээ буюу 37 насандаа амь насаа харамсалтайгаар алдсан юм.

     Түүний жирэмсэн эхнэр, аав, ах гээд бүх ойр дотнын хүмүүсийг нь буудан хороож, “Гэндэн-Дэмид”-ын эсэргүү бүлэг гэх зохиомол хэргээр гүтгэн доромжилж, харлан буруутгах харанхуй цаг үе ч байсан гашуун түүхтэй. Гэвч урин цагийн эрхээр маршал Г.Дэмидийн үйл хэрэг, алдар гавьяа, хэнд ч худалдагдаагүй ухаан бодол, оюун санааг олон түмэн ойлгон мэдэж авсан. Түүний хэлсэн ярьсан, хийж хэрэгжүүлсэн бүхэн өнөө цагийн Зэвсэгт хүчинд биеллээ олж хөрсөн дээр бат бэх соёолжээ.

     Г.Дэмид бол Монголоо гэх сэтгэлтэй, жинхэнэ эх оронч эр цэрэг, цэргийн чадварлаг жанжны нэг байжээ. Түүний хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дүнд 1930-аад оны БНМАУ-ын батлан хамгаалах хүчин батжин бэхжиж, орчин цагийн Зэвсэгт хүчинд шинэчлэл авчирч хэний ч өмнө нүүр улайхааргүй Зэвсэгт хүчинтэй болсон юм.

     БНМАУ-ын анхны өрлөг жанжны (маршал) нэг Г.Дэмидийн МАХЦ-ийг бэхжүүлэх талаар хийж гүйцэтгэсэн ажил, гавьяа, зүтгэлийг хойч үе нь үргэлж санан дурсах болно.

Холбоотой мэдээ
МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ ...
Нийтэлсэн: 2021-04-27 11:00:00 Үзсэн: 541
САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН САНААНААС ГАРДАГГҮЙ ЮМ
Нийтэлсэн: 2016-02-01 16:48:55 Үзсэн: 224
АМЬДАРНА ГЭДЭГ АМЬ ЗУУХЫН НЭР БИШ ЭЭ
Нийтэлсэн: 2016-01-15 16:45:14 Үзсэн: 192
ХИЧЭЭНГҮЙ САЙД С.ЦЭРЭНДОРЖ
Нийтэлсэн: 2016-01-15 16:41:28 Үзсэн: 164
ЗЭВСЭГ УРЛААЧ ДАРХАН ЛУВСАН
Нийтэлсэн: 2015-05-10 16:35:30 Үзсэн: 184
ЯЛАЛТЫН МАРШАЛ
Нийтэлсэн: 2015-05-01 16:39:17 Үзсэн: 177
ЗОРИГТ ТАГНУУЛЧ НАВААНЫ КАМПААН
Нийтэлсэн: 2015-05-01 16:32:11 Үзсэн: 166