Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламждорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн болон цэргийн багийн бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
“Монгол Улсын гадаад бодлогын чухал хэсгүүдийн нэг нь хилийн чанадад энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулах байдаг. Энэ ч утгаараа та бүхэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Афганистан Улсыг зориод ажиллагааны өмнөх бэлтгэлээр сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, БХЯ, ЗХЖШ-аас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, атгасан гар мэт нэгэн үзүүрт сэтгэлтэй байхыг хүсье” гэж Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энэ үеэр хэлэв.
Цэргийн багийн бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагаас бүрдсэн офицер, ахлагч нар багтсан бөгөөд 71 хувь нь НҮБ болоод бусад олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай бүрэлдэхүүн аж. Цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Б.Дэлгэрцог, захирагчийн орлогчоор хошууч Б.Пүрэвдорж, Ажиллагааны удирдлагын тасгийн даргаар ахмад А.Болдбаатар нар үүрэг гүйцэтгэнэ.
Цэргийн багийн хамт олон үүрэг гүйцэтгэхээр алсыг зорихоосоо өмнө зуух нь дэлбэрсний улмаас эхнэр хүүхдийн хамт түлэгдэж хүнд гэмтсэн Г.Баасанбаярын гэр бүлд тусламж үзүүлж, сэтгэлийн дэм хайрласан юм.