Катар Улсын нийслэл Доха хотноо зохион байгуулагдсан Олон улсын цэргийн спортын хороо (CISM)-ны 49 дэхь удаагийн Дэлхийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дэд дарга, хурандаа Д.Цог-Эрдэнээр ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож, Хөдөлмөрийн баатар, МУГТ, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ, ахлагч Т.Баярмаа, Г.Хэрлэнцэцэг нар байлдааны хурдан буудлагын төрөлд мөнгөн медаль хүртэж эх орон Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуурсгалаа. Тэмцээний l байрт ХБНГУ, lll байрт ОХУ-ын баг тамирчид шалгарсан юм.
Тус олон улсын тэмцээнд дэлхийн 50 гаруй орны 700-аад тамирчид оролцсон бөгөөд 2012 оны тэмцээнд тус эмэгтэй баг алтан медаль хүртэж байсан түүхтэй. Дашрамд сонордуулахад ирэх сарын 7-12-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Юстер хотноо Олон улсын цэргийн спортын хороо (CISM)-ноос зохион байгуулах жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд хурандаа Г.Өсөхбаяр ахлагчтай 13 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаад байгаа юм.