Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран “Хийморь өөдөө монгол цэрэг” тэмцээнийг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хоёр өдөр зохион байгууллаа. Тус тэмцээний зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөж буй дайчдыг алдаршуулах, анги, байгууллагын уялдаа холбоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг туршлагыг сайжруулахад чиглэгджээ.
Тэмцээнд 16 анги, байгууллага өрсөлдсөн бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн таван цэргийн алба хаагч нэг баг болж оролцсон юм. Багууд мэндчилгээ, “Дэлхий миний эх орон” сэдэвт гэрийн даалгавар, асуулт хариулт, багийн ажиллагаа, багийн ахлагчийн тэмцээн гэсэн таван төрлөөр өрсөлдлөө.

Өмнөх жилүүдээс оролцсон анги, байгууллагын тоо, хичээлийн цэг нэмэгдсэн нь тус тэмцээний өрсөлдөөнийг нэмэгдүүлж байлаа.
Нийт дүнгээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн “Таван толгойн таван халуун” баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо. БХИС-ийн “Эрдэм”, 150 дугаар ангийн “Legandary Leopards”, 016 дугаар бригадын “Тэргүүн” багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоов.
Мөн тус тэмцээний “Шилдэг оролцогч”-оор 330 дугаар ангийн ахлагч, тасгийн пулемётчин Д.Анхбаяр тодорсон бол “Шилдэг багийн ахлагч”-аар 186 дугаар ангийн Агаарын довтолгооноос хамгаалах даргын туслах, ахмад Ү.Уянгасайхан шалгарлаа.
Цэнхэр дуулгатнууд маань дан ганц цэргийн хэргийн мэдлэгээр өрсөлдөөд зогсохгүй урлаг соёлын авьяасаараа ч өрсөлдсөн. Тэд мэндчилгээ, “Дэлхий миний эх орон” сэдэвт гэрийн даалгавраар урлагийн тоглолт сонирхуулсан. Энэ нь тус тэмцээний нэгэн онцлог. Тэмцээнд оролцсон цэргийн алба хаагчид тус тэмцээнийг жил бүр хүсэн хүлээж, улам өргөжин тэлэх хэрэгтэйг сануулж байлаа.