Монгол Улс өнгөрсөн 12 жилийн хугацаанд ЭДА-нд оролцож багагүй туршлага хуримтлуулан нэлээд ололт амжилтыг дагуулсан. Өнгөрсөн 10 жилийнхээ түүхийг нэгтгэж, хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтаа дүгнээд энхийг дэмжих ажиллагааны оролцоо цаашид ямар байх талаар ерөнхий чиг хандлагуудаа тодорхойлж, гурван гол бодлогыг баримталж байна. Нэгдүгээрт, Үндэсний байнгын хүчний тогтолцоог бүрдүүлэх, энэ зорилт шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтчихсан. НҮБ-ын энэ тогтолцоонд цэрэг хандивлагч 116 орон багтчихсан. Үүнд Монгол Улс 2002 оноос хойш мотобуудлагын салаа, рот, 2012 оноос мотобуудлагын батальоноо илгээж оролцоогоо өргөжүүлж байна.
НҮБ-д цэрэг хандивлагч эдгээр орноос бригад нийлүүлдэг нэлээд хэдэн улс бий. Манай улсын хувьд өөрийн Зэвсэгт хүчний өнөөгийн бүтэц, бие бүрэлдэхүүний тоо, тайван цагийн үүргийн онцлог зэргээс шалтгаалаад бидний дээд талын тоо батальоны хэмжээнд үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Тийм учраас дор хаяж 3-4 батальон байх шаардлагатай. Тодруулбал, эхний батальон 6-9 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэнэ, тэр хугацаанд хоёр дахь батальон бэлтгэлээ базаадаг, дараагийн батальон сэргээлт авч байх бүтэц, орон тоогоор төлөвлөж, эхний хоёр батальоноо бүрэн хэмжээгээр байгуулсан бол гурав дахь батальон байгуулагдаад үйл ажиллагаагаа эхэлчихсэн, одоогийн байдлаар бие бүрэлдэхүүн, зэвсэглэл техникийг бүрдүүлэх, анги, байгууллагаа тохижуулах ажил өрнөж байна. Энэ гурван мотобуудлагын батальоноос гадна эмнэлгийн, цэргийн цагдаагийн, барилга инженерийн, нисдэг тэрэгний гэсэн дөрвөн чиглэлийг орхигдуулаагүй.
Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон бүрэлдэхүүнийг илгээдэг, түүгээрээ дагнаад мэргэшчихсэн байдаг. Тухайлбал, Орос, Украйн улсууд нисдэг тэрэгний, Энэтхэг, Иордан эмнэлгийн, БНХАУ, Япон, Энэтхэг улс инженерийн, Балба, Бангладеш улсууд цэргийн цагдаагийн чиглэлээр дагнаад бүр мэргэшчихсэн байх жишээтэй. Тиймээс бид эдгээр улсуудаас туршлага судлаж, өөрсдийн оролцоог бий болгох учиртай. Үүнийхээ дагуу анхны эмнэлгийн багаа явуулсан нь маш өндөр үр дүн авчирч, НҮБ-ын жишиг эмнэлэг гэгдэх хүртэл чадвараа харуулсан. Цаашдаа бид хоёрдугаар шатны эмнэлгийн багийг бүрэн хэмжээгээр дэлгэх боломжийн тухай яригдаж байгаа. Үүнээс гадна цэргийн цагдаагийн ротыг 120 хүний бүрэлдэхүүнтэйгээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэргэд байгуулчихсан үйл ажиллагаа явуулж байна. Цаашид бие даасан байдлаар үүрэг гүйцэтгэх боломжийг хангах зорилгоор Афганистан Улсад цөөн тоогоор явуулж байна, ингэснээр 2015 оноос бие дааж үүрэг гүйцэтгэх боломжтой.
Барилга, инженерийн ротын хувьд Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймагт байгуулагдсан ангиудын үүрэг зориулалтад энхийг дэмжих ажиллагаанд оролцох ёстойг тусгаж өгсөн. Эндээс бүлэг, салаад гаргаж, нэг рот болгон үүрэг гүйцэтгүүлэх боломжтой. 2011 онд БНӨСУ-д анхны барилга, инженерийн ротыг явуулж, туршиж үзсэн. Манай улс бусад орныг бодоход зам гүүр ч, барилга байгууламжаа ч барьчихдаг онцлогтой болж байгаа юм. Энэ бүхэн нийлээд байнгын хүчний тогтолцоог бий болгож байна. Өөрөөр хэлбэл, толгой нь бригадын штаб, гурван мотобуудлагын бригадтай, барилга-инженер, цэргийн цагдаагийн роттой, цэргийн хээрийн II шатны эмнэлэгтэй, нисдэг тэрэгний бүлэгтэй болж байна. Цаашдаа энхийг дэмжих ажиллагаанд энэ бригад л үүрэг гүйцэтгэж байх юм.
Түүнчлэн энхийг дэмжих ажиллагааны бүсийн сургалтын төвтэй болох зорилт бий. Энэ ажлын гарааг 2002 оноос эхлүүлж, жилээс жилд олон улсын стандартын түвшинд ойртуулж байна. Энэ нь олон улсын хамтарсан сургуулиуд, ялангуяа, “Khaan Quest” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургууль, 2002-2012 онд энэ төвд төрөл бүрийн сургалт дадлагаар 18 мянган цэргийн алба хаагчийг бэлтгэсэн байдал зэргээс харагдаж байгаа юм. “Khaan Quest” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуульд оролцогч 10 гаруй орон, ажиглагч 20 гаруй орон нэгдсэн. Мөн түүхэндээ анх удаа БНХАУ мотобуудлагын бүрэлдэхүүнтэйгээр “Khaan Quest” сургуульд оролцох гэж байна. Цаашдаа бүс нутгийн болоод НАТО-гийн гишүүн орнууд оролцох боломж нээгдэнэ. Үүгээрээ Ази, Номхон далайн үндсэн таван том сургуулийн нэг болсноороо онцлог болж байна. 2015 онд Бүсийн сургалтын төв бүрэн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэнэ.
Түүнчлэн ирээдүйд энхийг сахиулах ажиллагааны удирдлагын түвшинд ажиллах зорилт тавьж байна. Одоогийн байдлаар бид штабын дарга буюу хурандаа цолны түвшинд ажиллаад үзчихлээ. Одоо удирдах бүрэлдэхүүн буюу цэргийн хүчний командлагчийн албан тушаалд ажиллах үлдээд байна. Өөрөөр хэлбэл, генерал цолтны ажлыг гүйцэтгэх ёстой. Гэхдээ НҮБ-ын шаардлага, шалгуур нь өндөр, сонголт нь ч их төвөгтэй. Ялангуяа, цэргийн хүчний командлагчаар сонгогдох магадлал багатай. Учир нь хамгийн их цэрэг хандивладаг топ 5 орон гээд шалгуур тавьчихаар Бангладеш, Пакистан, Энэтхэг, Этиоп, Балба гэсэн орнууд эсвэл НҮБ-ын санхүүжилтийг хийдэг топ улсууд ордог. Мөн тухайн бүс нутгийн байх ёстой. Тэгэхээр ихэнх ажиллагаа Африк тивд болдог болохоор африкийн улсуудаас сонгогддог. Энэ нь манайд бага магадлалыг авч ирж байгаа гэсэн үг. Гэхдээ үнэхээр манай улсаас бэлтгэгдээд боломжтой шаардлага шалгуурыг нь хангаад тодорхойлолтоо явуулаад байвал биелэх бүрэн бололцоотой. Ялангуяа, аливаа ажиллагааны орлогчоор томилогдох боломжтой. Энэ боломж саяхан манай улсад үүссэн. Учир нь БНӨСУ-д цэрэг хандивлагч эхний гурван улсын нэг нь манайх болсон. Тиймээс хоёр жилийн дараа сонгогдох магадлал их бий.