Монгол Улсын Зэвсэгт хүчнээс АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2015” сургууль энэ сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлагчийн орлогч, бригадын генерал Махони, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, манай улсад суугаа Элчин сайд нар болон гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо. Энэ удаагийн сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцохоор жигдрэн жагссан байв.


Сургуулийн нэг чухал арга хэмжээ бол хүмүүнлэгийн тусламж юм
Сургуулийн гол зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлж, сургуульд оролцогч орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.
Хоёр орны хамтарсан сургуулилт 2003 оноос эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болон өргөжсөн юм. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болж чадсан.
“Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инжерийн ба эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулан явуулж Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэж иржээ. Үүний зэрэгцээ, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын дүүргүүдийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ жишгээр 2004 оноос хойш 75 мянга орчим иргэдэд үйлчилсэн байна. Мөн энэ үеэр тухай орон нутгийн эмч эмнэлгийн ажилчидтай харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулж, ард иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж, зөвөлгөө өгөх нь уламжлал болон тогтжээ. Харин Барилга инженерийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулсан юм. Энэ сургуулилтын хүрээнд орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажиллагааг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Сургуулийн нээлтийн үеэр оролцогч орнуудын цэргүүд сүрт жагсаалаа гайхуулж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үзүүлэх тоглолт, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид тоглолтоо сонирхуулж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан шүхрийн буулт хийж цугласан олныг баясгав. Сургууль ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ.






