
“Олон улсын цэргийн наадам”-ын зарим төрлийг зохион байгуулагч болон оролцогч, ажиглагч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагуудын цахим хурал 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Тус цахим хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Азербайжан, Армен, Беларусь, Казакстан, Киргиз, Узбекистан, Шри Ланк зэрэг 13 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж ЗХЖШ-ын даргын орлогч, хошууч генерал Ж.Бадамбазар, Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, Ар талын газрын Техникийн хангалтын дарга, хурандаа Ц.Төрмөнх нар оролцсон юм.
Энэхүү наадмыг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 10 гаруй оронд 30 гаруй төрлөөр зохион байгуулагдсаар ирсэн. Монгол Улсын хувьд 2019 онд оролцогч орноос зохион байгуулагч орны эгнээнд шилжиж, “Аравт” морин цэргийн анхдугаар олон улсын уралдааныг амжилттай зохион байгуулж, “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Инженерийн томьёолол”, “Хээрийн гал тогоо”, “Зэвсгийн мастер”, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн Галын мастер”, “Хурдач радист” зэрэг тэмцээнд оролцогч болон ажиглагчийн статустайгаар оролцож ирсэн. Харин 2020 онд зохион байгуулагдсан “Олон улсын цэргийн наадам”-д Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр оролцоогүй юм.
Тэгвэл энэ удаагийн цахим хурлын эхэнд ОХУ-ын талаас “Олон улсын цэргийн наадам-2020”-ын уралдааны бэлтгэл, явц, дүн, оролцогч орнуудын үзүүлсэн амжилт зэргийг тодотгов. Ялангуяа, дэлхий нийтээр цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн байсан ч баг тамирчдаа илгээж оролцуулсан зарим орны удирдлага, Зэвсэгт хүчинд талархал илэрхийлж байсан юм. Үүний дараа “Олон улсын цэргийн наадам-2021”-ийн хэрхэн зохион байгуулах талаар танилцуулж, дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлаас хамааран зохион байгуулалтын зарим асуудлуудыг дахин хэлэлцэх шаардлагатай гээд ямар, ямар уралдаан тэмцээнийг аль, аль оронд зохион байгуулах саналтай буйгаа дуулгалаа. “Монгол Улсын хувьд “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан болон “Цэргийн авто ралли”-г зохион байгуулах боломжтой. Та бүхэнд дадлага туршлага их байгаа” гэж тодотголоо. Мөн энэ үеэр ирэх жилийн цэргийн наадамд улс орнуудын үндэсний соёлыг сурталчлах “Хил хязгааргүй нөхөрлөл” фестивалийг наадмын 31 дэх төрөлд тооцохоор болсон. Оролцогч орнууд өөрсдийн орны соёл, урлаг, ёс заншлыг сурталчилсан дуу, бүжиг, бусад урлагийн төрлөөр уралдаандаа оролцохыг хүссэн юм.
Хурлын төгсгөлд цахим хуралд оролцогч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагууд өөрсдийн саналаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай улсын хувьд урьдын адил зарим тэмцээнээ бие даан зохион байгуулж, зарим тэмцээндээ оролцож, заримд нь ажиглагчаар оролцох болно. Бие бүрэлдэхүүний хувьд энэ чиглэлд бэлэн гэдгээ илэрхийлье. Гэхдээ бидний эцсийн шийдвэр дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдал буюу Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээс хамаарна” гээд зарим уралдааны дүрэм болоод бусад асуудлаар харилцан ярилцсан юм.




Ахлах дэслэгч Д.Болормаа