“Соёмбо” сонины редакц “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг угтаж “Эх орон-Энхийг сахиулагч” сэдэвт редакцийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад судлаач, дипломатч Д.Баярхүү, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын УХАХ-ийн мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Баттөмөр, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байлдааны нисдэг тэрэгний сургагч багш, хошууч З.Ганхуяг, 015 дугаар ангийн зэвсэг хадгалах тасгийн дарга, ахлах дэслэгч Б.Баярмагнай, шалган нэвтрүүлэгч, ахлагч З.Отгонбаяр, 150 дугаар ангийн ротын ахлагч, сургагч ахлагч Т.Энхбаатар, нууцын дарга, ахлах ахлагч А.Алтантуяа, 084 дүгээр ангийн шүхрийн зааварлагч, ахлах ахлагч Г.Гансүх нар оролцсон юм. Ярилцлагын салхийг хагалж судлаач Д.Баярхүү Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцох боломжийг олж харж, тухайн үедээ олныг шуугиулсан нийтлэлүүдээ хэрхэн бичсэн тухайгаа дурсан ярьсан юм.
“Монгол цэрэг Африкт хөл тавих уу?” нийтлэлээ 1996 онд бичиж байлаа
Д.Баярхүү: Энхийг сахиулагчдын төлөөлөл болсон залуустай уулзаж байгаадаа баяртай байна. МУИС-ийн ОУХИС-д багшилж байхдаа улс төр, нийгэм эдийн засаг, олон улсын харилцаа, аюулгүй байдал гээд олон сэдвээр нэлээдгүй нийтлэл бичиж, уншигчдын хүртээл болгосон. Энэ үед Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэл, өөрчлөлт, ялангуяа, цэргийн алба хаагчдыг олон улсын тавцанд үүрэг гүйцэтгэхэд хөшүүрэг болох үүднээс цуврал нийтлэлүүд бичсэн. Тухайлбал, “Монгол цэрэг Африкт хөл тавих уу?” (1996.7.15. “Тусгаар тогтнол” сонин), “Улсын сүр нь цэрэгтээ” (1996.8 сар. “Ардын эрх” сонин), НАТО-гийн Энхийн төлөө түншлэлд Монгол Улс оролцох тухай, Монгол Улс НҮБ-тай хэрхэн хамтран ажиллах талаарх цуврал нийтлэлүүд тухайн үедээ олны анхаарлыг татаж, шуугиан тарьж байлаа. Ялангуяа, “Монгол цэрэг Африкт хөл тавих уу” нийтлэлийн дараа “Энэ нөхөр юугаа бичээд хадуураад унав” гэх зэргийн яриа хүртэл гарч байсан. 1996 оноос ГХЯ-нд Бодлого төлөвлөлтийн газрын Улс төрийн асуудал эрхэлсэн захирлаар томилогдсон. Өөрөөр хэлбэл зорьсондоо хүрэх зохих эрх мэдэлтэй болсон гэсэн үг. Тэгээд энэ асуудлаар тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, нийтлэлч Б.Баабар, УИХ-ын гишүүн Д.Энхбаатар зэрэг хүмүүстэй ярилцаж, санал солилцож байлаа. Үүний үндсэн дээр Монгол Улс НАТО-гийн энхийн төлөө түншлэлд оролцож байж л энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх төдийгүй, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бас нэг боломж, гарц гэж үзэж, нийтлэлээ бичиж эхэлсэн. Их ч эсэргүүцэлтэй тулгарч, олон ч хүнтэй ам муруйсан даа. Ингэж л энэ асуудлыг анхлан хөндөж байв. Гэхдээ би санаачилсан хүн нь биш. 1994 онд “Гадаад бодлогын үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын цэргийн номлол” гэсэн 3 чухал баримт бичиг батлагдсан. Энэ баримт бичигт Монгол Улсын Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тухай анхны санаа бий. Тэгэхээр энэ баримт бичгийг батлуулахад гар бие оролцсон хүмүүсийн гавьяаг мартах учиргүй юм шүү.
2003 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд монгол дайчид үүрэг гүйцэтгэхээр болсон тэр үед Каирт араб хэл суралцсан хоёр залуугийнхаа нэгийг нь орчуулагчаар явуулахаар хөөцөлдөж байлаа шүү дээ. Дараа нь Сьерра Леон, Чад гээд НҮБ-ын мандаттай ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхлэх үед би Египетэд Элчин сайдаар ажиллаж байсан. Конго, Этиоп, Судан зэрэг улсад үүрэг гүйцэтгэж байсан офицерууд маань Каирт ирж, тэдэнтэйгээ Элчин сайдын хувиар биш, цэргийн хүн байсан хувиар ярилцаж, хамт цагийг өнгөрөөсөн дурсамж одоо ч сэтгэлд тод байна. Ер нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд элэгтэй байдгийн хувьд өөрийн олж харсан гарц, боломж бүрийг л дамжуулж, ажил хэрэг болгохын төлөө зүтгэдэг байлаа.
Сургагч ахлагч Т.Энхбаатар: (Ирак, Косово, Сьерра Леон, Чад, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн)
-Иракт очиж үүрэг гүйцэтгэнэ гээд бэлтгэлд гаргахад их сонин мэдрэмж төрж байсан, итгэмээргүй ч юм шиг. Дөнгөж 25 настай. Очоод л байлдаад өгнө гэсэн дэврүүн бодолтой явж байлаа. Гэтэл төсөөлснөөс огт өөр нөхцөл байдал, өөр ертөнц угтсан. Анх Иракт хөл тавиад эвдэрсэн, шатаж буй барилга, гуйлга гуйж буй хүүхдүүд, машин дээрх цэвэр ус руу яаж дайрч байгааг хараад хамгийн түрүүнд эх орон минь санаанд буудаг юм билээ. Миний эх орон үүний дэргэд диваажин юм гэж илүү их хайрлах, хамгаалах сэтгэл төрж, эх орныхоо үнэ цэнийг илүү мэдэрсэн. Одоо ч тэр дүр зураг нүдэнд харагддаг. “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Б.Баярмагнай захирагчтай I ээлжийн бие бүрэлдэхүүн тухайн үед маш олон зүйлийг хийж гүйцэтгэсэн. Энхийг сахиулагчдын зам мөр, шанг сайн татсан түүхэн гавьяатай гэж боддог юм.
Аав, ээж гэхээсээ илүү эх орон, нутаг ус минь л бодогддог
Дэд хурандаа Н.Баттөмөр: (Ирак, Сьерра Леон, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн)
-“Иракийн эрх чөлөө ажиллагаа”-ны II ээлжинд үүрэг гүйцэтгэсэн тэр үе санаанд бууж байна. 2 дугаар сарын 4-нд Иракт хөл тавиад 18-нд нөгөө алдарт халдлага болсон. Гэхдээ одоо эргээд бодоход удирдлагууд маань маш мэдрэмжтэй ажилласан гэж боддог. Бэлтгэл сургуулилт үргэлж хийлгэж, хамгаалалтыг маш сайн зохион байгуулсан. Тэр халдлагыг алдчихсан бол гэж бодохоор одоо ч айдас хүрдэг. Маш олон хүний амь сүйдэх байсан. Халдлагын дараа монгол цэргүүдийн нэр хүнд асар өссөн. Бараг л бааз даяараа биднийг дагаж хөдөлдөг болсон гэхэд хилсдэхгүй. Ийм хэцүү явдлын дараа аав ээж гэхээсээ илүү эх орон, нутаг ус минь л бодогддог юм байна лээ. Монголдоо шөнө 2 цагт буусан. Онгоцны хаалга цэлийтэл нээгдэхэд ямар сайхан байсан гээч, тэр үед л бие сэтгэл амрах шиг болсон. Газраа тэвэрч үнэрлээд л… Тэр мөчийн үнэ цэнийг юутай ч зүйрлэшгүй. Миний амьдралын хамгийн дурсамжтай үе.
Нутгийн минь 17 ширхэг чулуу надтай хамт үүрэг гүйцэтгэчихээд л ирсэн дээ
Хошууч З.Ганхуяг: (Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн)
-Нас ахисан хойноо үүрэг гүйцэтгэсэн. Хүүхэд шигээ залуустай мөр зэрэгцээд л явж байлаа. Афганистанд үүрэг гүйцэтгэж буй залуустаа хэдэн кг чихэр аваад л ниссэн дээ. Сэтгэлд тод олон сайхан дурсамж бий. Гэхдээ нэг л зүйл санаанаас гардаггүй юм. Дөнгөж онгоцноос буугаад түрхэн зуур суухдаа санаандгүй гутлынхаа уланд шигдсэн чулууг олж харчихаад, түүгээд авчихсан. Нутгийн минь 17 ширхэг чулуу надтай хамт үүрэг гүйцэтгэчихээд л ирсэн дээ. Чулуугаа хүртэл хайрлах сэтгэл төрдөг юм билээ. Жижигхэн мэт боловч энэ жишээний цаана эх орноо хайрлах, хамгаалах сэтгэл тэр чигтээ оршиж байгаа юм шүү. Үүнээс гадна монгол хүний ген, оюуны чадвар гэдэг гайхалтай. Монголын цэргүүдийн тэсвэр хатуужил, хариуцлага хаана ч хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгддэг. Энэ бол монгол хүний, монгол удмын бахархал юм.
Хамтдаа хүнд бэрхийг туулж, хийж бүтээсэн тэр цаг хугацаа хэзээ ч мартагддаггүй.
Хошууч генерал Б.Баярмагнай: (Ирак, Сьерра Леон Улсад анхны Цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн)
-Цэрэг, эх орон гэсэн 2 үгийг хэзээ ч салгаж ойлгож боломгүй. Яагаад гэвэл жирийн иргэдийг бодвол цэргийнхэн бидэнд эх орноо хамгаалах, хайрлах үүрэг хариуцлага илүү оногддог болохоор тэр. Монгол хүний эд эс бүхэнд эх орноо гэсэн сэтгэл, эх оронч үзэл шингээстэй байдаг. Энэ нь хаана, хэзээ, яаж илрэх вэ гэдэгт л учир нь байгаа юм. Тухайлбал, хилийн дээс алхах мөчид л энэ нь өдөөгддөг. Төрийнхөө далбааг мандуулаад л бид монголчууд гэдгээ зарлан тунхаглаж, эх орон тусгаар тогтнолоороо бахархах сэтгэлээ илтгэж эхэлдэг. Хүний нутагт биесээ хайрлах, улам дотносон нэгдэж, монгол хүн гэсэн омогшил, үүрэг хариуцлагаар аливаа зүйлд хандаж, зүтгэдгийн олон жишээг залуустайгаа үүрэг гүйцэтгэх явцад харж, мэдэрсэн. Дайн байлдаантай, хүнд хэцүү үед хүний нутагт үүрэг гүйцэтгээд ирсэн залуусын маань дотор эх орноо хайрлах, ийм болчихвий гэж эмээж хамгаалах сэтгэл, аав ээж, гэр бүлээ хайрлах хайр нь улам нэмэгддэг. Албандаа хандах хандлага нь хүртэл өөр болдог юм. Нэг жишээ татъя л даа. Сьерра Леонд үүрэг гүйцэтгэсэн анхны цэргийн багийн залуусаас 10 асуулттай социологийн судалгаа авсан юм. Тэр дунд яагаад ч юм “Таны бахархал” гэсэн асуулт байсан. Үүргээ гүйцэтгээд буцах үед дахиж уг судалгааг авахад ганцхан энэ асуултын хариулт эрс өөрчлөгдсөн байдаг юм. Эхний судалгаагаар Таны бахархал гэсэн асуултад ээж, ааваараа 5 хувь, Чингис хаанаар 8 хувь ч гэдэг юмуу янз бүр хариулсан бол сүүлийнхээр 90 гаруй хувь нь Монголд төрснөөрөө бахархаж байна гэж хариулсан. Энэ бол эх оронч үзэл хэрхэн асч, өдөөгддөгийн нэг жишээ. Ер нь монгол цэргүүд үүрэг хариуцлага, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатаараа бусад орны цэргийн алба хаагчдаас илт давуу. Иймдээ ч өдийг хүртэл энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж явна. Үүнээс гадна бие биенээ гэсэн сэтгэл, насан туршийн нөхөрлөл бий болдог. Хамтдаа хүнд бэрхийг туулж, хийж бүтээсэн тэр цаг хугацаа хэзээ ч мартагддаггүй. Миний хувьд ч ялгаагүй.
Олон сайхан залуустай хамтран үүрэг гүйцэтгэж, зовлон жаргалаа хуваалцаж явсан цаг хугацаа хэзээ ч мартагдахгүй. Тэднээрээ үргэлж бахархаж, баярлаж явдаг.
Монгол орондоо төрсөн минь ямар их аз вэ л гэж бодогддог юм билээ
Ахлах ахлагч А.Алтантуяа: (Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн)
-Эмэгтэй цэргийн алба хаагчийн төлөөлөл болж үүрэг гүйцэтгээд ирсэндээ сэтгэл өндөр байгаа. Мэдээж хэрэг бодит байдал огт өөр байсан. Тухайн газар орон, иргэдийнх нь аж амьдрал, ялангуяа, үр хүүхдүүдийг нь хараад эх хүний хувьд сэтгэл эмтэрч, өрөвдсөн. Хамгийн түрүүнд ийм газар төрчихөөгүй, Монгол орондоо төрсөн минь ямар их аз вэ л гэж бодогддог юм билээ.
Ахлах дэслэгч Б.Баярмагнай: (Чад Улсад үүрэг гүйцэтгэсэн)
-2010 онд Чад Улсад тасгийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн. Хүний нутагт л эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрдэг. Жаахан зүйл дээр ч зүйрлүүлж бодно, ер нь муу муухай зүйл миний эх оронд байхгүй юм шиг л санагддаг. Нэг хөгжилтэй жишээ ярья. Чад Улс халуун уур амьсгалтай, элдэв шавьж, ялаа шумуул ихтэй. Ялаа нь үргээгээд байхад ирж суугаад байна. Харуулын байранд байсан нэг нөхөр маань ялаа үргээж залхаад монголдоо очоод ялааг нь хүртэл алахгүй юм шүү гэж бөөн инээдэм болж байсан. Эх орондоо газардах мөч ярилтгүй сайхан. Бид өвлийн ид хүйтэнд футболк, кительтэйгээ онгоцноос буусан. Гэхдээ ердөө даараагүй. Эх орон бол ийм л сайхан.
Ярилцлагын төгсгөлд энхийг дэмжих ажиллагаанд оролцох цаашдын төлөвийн талаар хошууч генерал Б.Баярмагнай товч хариулт өгсөн юм.
Байнгын хүчний тогтолцоог бүрдүүлнэ
Хошууч генерал Б.Баярмагнай:
-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бодлого төлөв 2015 он хүртэл маш тодорхой. Нэгдүгээрт Байнгын хүчний тогтолцоог бүрдүүлэх буюу нэг бригадыг байгуулна. Одоогоор 3 батальон, цэргийн цагдаагийн рот, хээрийн II шатны эмнэлэг, барилга инженерийн рот гээд бригадын үндсэн дүр төрх бүрдсэн. Ойрын хугацаанд бригадын штабыг байгуулна. Өөрөөр хэлбэл, 2015 оноос энэ бригад л энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, бүс нутгийн нэгдсэн төв байгуулах. Энэ зорилгодоо бид бараг хүрсэн гэж хэлж болно. Ганцхан жишээ татахад л Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Ази, Номхон далайн орнуудын топ 5 сургуулийн нэг “Khaan Quest” сургуулийг 10 жил зохион байгуулж байна. Үүнээс гадна олон улсын сургалт дамжаанууд байнга явагддаг. Тэгэхээр бүс нутгийн нэгдсэн төв гэж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн гэж үзэж болно.
Гурван цаг орчим үргэлжилсэн уулзалт ярилцлагаар Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн түүх, хууль эрх зүйн орчин хэрхэн бий болсон, ажиллагааны сургамж туршлага, цаашдын төлөв гээд олон сэдвээр яриа өрнүүлсэн. Бүгдийг тэмдэглэх боломж хомс учраас голлон эх орныхоо үнэ цэнийн тухай ярьсан торгон мэдрэмжийг уншигч танд хүргэхийг зорилоо. Эл дашрамд редакцийн зочид маань “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэнд дамжуулсныг цэнхэр дуулгатнууддаа уламжлая.
Ахмад Х.ГАНЗУЛ