
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт 10.07-10.10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн цугларалт “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний ахлагч нарт тавигдах шаардлага, тэднийг бэлтгэх арга зүй” сэдэвээр явагдлаа.
Цугларалтын өдрүүдээр “ЗХЖШ-аас ахлагч нарын талаар баримтлах бодлого”, “Ахлагчийн сургалтын тогтолцооны өнөөгийн байдал, боловсронгуй болгох нь”, “Зэвсэгт хүчний ахлагч нарыг мэргэшүүлэх шаардлага, цаашдын чиг хандлага”, “Зэвсэгт хүчний ахлагч нарт давхар мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах арга зам”, “Ахлагч бэлтгэх өнөөгийн тогтолцоо, түүний хөгжлийн чиг хандлага”, “2014-2015 оны сургуулийн жилд цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах онцлог”, “Цэргийн сургалт бэлтгэлд мэдээлэл, холбооны технологийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, цаашдын чиг хандлага” зэрэг сэдвүүдээр лекц уншигдаж, ангийн захирагч, тэргүүн ахлагч нар ахлагчийн албыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ажлын арга барилын талаар мэдээлэл, туршлага солилцлоо.

Түүнчлэн АТГ, Удирдлагын академи зэрэг байгууллагатай хамтран “Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдүүлэг гаргагчдийн эрх үүрэг”, “Удирдлагын шинэ хандлага, манлайлал” сэдвээр мэдээлэл өглөө.
Цугларалтаар “Буудлагын зааврын шинэчилсэн хувилбар”, “Биеийн тамирын зааврын шинэчилсэн хувилбар” болон шинээр боловсруулсан буудлагын дасгалуудыг танилцууллаа.