• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МАРШ ТАКТИК, ОНЫ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2014
Нийтэлсэн: 2014-06-04 09:57:54
Үзсэн: 101

МАРШ ТАКТИК, ОНЫ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2014
Нийтэлсэн: 2014-06-04 09:57:54 Үзсэн: 101



  Жил бүр уламжлал болгон зохиогддог марш тактик, оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 2014 оны 05 дугаар сарын 23-29 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.  Хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

     Эх орондоо тангараг өргөсөн мянга, мянган цог золбоот цэрэг эрсээс зөвхөн шилдгүүд л энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцдог бөгөөд  энэ жил Зэвсэгт хүчний 30 орчим ангийн 1500 орчим цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд тэмцээнд байнгын бүрэлдэхүүний 16 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 15 тасаг, гэрээт цэргийн алба хаагчдын 11 салаа, хугацаат цэргийн алба хаагчдын 13 салаа тус тус оролцож, хөдөө орон нутгийн анги, салбаруудын тоо өмнөх жилээс олон байгаа нь тэмцээнийг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байгаа юм.

     Тус тэмцээн нь 2014 оны аврага батальон, рот, салааны захирагч, гэрээт болон эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг, байнгын бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдын салаадын шилдгүүдийг шалгаруулдаг юм.

     Урьд өмнөх жилүүдэд зохиогдсон тэмцээнүүдтэй харьцуулахад оролцогч анги, байгууллагын тоо, бие бүрэлдэхүүний хамрах хүрээ, үзүүлж буй амжилт, тамирчдын бэлтгэл, ур чадвар гээд олон үзүүлэлтээрээ энэ жилийн маршийн тэмцээн онцгой байлаа. Энэ бол цэрэгжлийн спорт зэвсэгт хүчний анги, салбаруудад жигд, эрчимтэй хөгжиж байгаагаагийн илрэл юм. Спорт, тэр дундаа цэрэгжлийн спорт бол цэргийн мөрдөстэй болгоны хоёр дахь мэргэжил гэж хэлж болно.

     Өнгөц харвал жирийн нэг тэмцээн уралдаан мэт харагдавч үнэн хэрэгтээ цэргийн хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа, цэргийн сургалт, бэлтгэл, биеийн тамир спортын үйл ажиллагааны чанар, үр дүн, зэрэг хамт олны бүтэн жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэх боломжтой байдгаараа онцлог.    

     Тэмцээний зохион байгуулалт улам сайжирч, шүүлтийн үйл ажиллагаа шуурхай, ил тод, нээлттэй болж байгаа нь марш тактикийн тэмцээнд оролцогчдын идэвхи, чармайлт, баг тамирчдын амжилтад эерэгээр нөлөөлөх чухал хүчин зүйл болж байгаа юм.         

     Манай цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд эр зориг, тэсвэр хатуужлаараа гайхагдаж, үүргээ амжилттай гүйцэтгэж байдгийн нэгэн нууц нь хатуу ширүүн сорилт, шалгуур бүхий марш тактикийн тэмцээн бөгөөд цэргийн алба хаагчдын бие бялдарын хөгжүүлэх, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой энэ тэмцээн цэргийн хөдөлмөрийн онцлог, түүний үр шимийг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэхэд бодитой дэмжлэг болдог томоохон сорилт, шалгуур юм. Түүнчлэн ангийн захирагч, штабын дарга нарын тэмцээн энэ жил зохион байгуулагдаж байна. Ингэснээр штабын дарга нар салаа, тасагтайгаа гүйж, гранат шидэж, буудлага хийх юм. Үүгээрээ анги, байгууллагын удирдах бүрэлдэхүүний үүрэг, нөлөө нэмэгдэж, оролцож буй цэргийн алба хаагчдын идэвхийг өрнүүлж байгаа аж.

     Гэрээт цэргийн аварга тасаг шалгаруулах төрөлд Зэвсэгт хүчний 123 дугаар анги өмнөх жилийн амжилтаа бататгаж, тэргүүн байр эзлэв. Зэвсэгт хүчний 186, 234, 256 дугаар ангиудын тасаг удаах байрт шалгарчээ. Эмэгтэй цэргийн алба хаагчдын аварга тасаг шалгаруулах төрөлд Зэвсэгт хүчний 311, 150, 330 дугаар ангиуд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

     Оны шилдэг салааны захирагчаар ахмад Э.Билэгсайхан /032/ тэргүүлж,  дэслэгч О.Мөнх-Эрдэнэ /256/, дэслэгч Х.Батсайхан /336/ нар мөнгө, хүрэл медаль авлаа. Оны шилдэг ротын захирагчаар дэслэгч Б.Батдорж /016/ тодорч, ахлах дэслэгч Э.Буянхишиг /311/, ахмад С.Ариунболд /032/ нар удааллаа. Оны шилдэг батальоны захирагчаар ахмад Н.Батсайхан /084/ тодорч, ахмад Б.Мөнгөнтулга /БХИС/, ахмад С.Гантөмөр /032/ нар удаах байрыг эзэллээ. Байгууллагын дүнгээр Зэвсэгт хүчний 032, 311, 084 дүгээр анги эхний байруудад шалгарчээ.

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 287
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-26 14:14:00 Үзсэн: 316
“АЛДАР”-ЫН ТАМИРЧИД БОКСЫН ТӨРӨЛД ИЛҮҮРХЭВ
Нийтэлсэн: 2022-09-19 14:59:43 Үзсэн: 218
"АЛДАР"-ЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Нийтэлсэн: 2022-09-16 14:49:08 Үзсэн: 185
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ
Нийтэлсэн: 2022-08-27 08:46:28 Үзсэн: 238