Зэвсэгт хүчнээрээ овоглогдсон “Алдар” спорт хорооны хамт олны амжилт ялалтын уухай хэзээ ч дундрашгүй. Их спортод сэтгэл зүрхээ зориулж, энд л заяагдсан мэт хөдөлмөрлөж, цаг хугацаа хором бүртэй өрсөн, хөлсөө дуслуулан “зүтгэсэн” тэдний бахдам амжилтын хуудас өнөө жил чамлахааргүй зузаарсан. Тив, дэлхийн аварга шалгаруулах олон тэмцээнд аваргалж, эх орныхоо нэр алдрыг дэлхийн чихнээ цуурайтуулсныг спортод элэгтэй хэн бүхэн бэлхэнээ мэдэж байгаа.

Ийм л гавьяатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бие бүрэлдэхүүн 2014-2015 оны сургуулийн жилийн нээлтээ хийлээ. Улирсан оны амжилт ялалтаа хүүрнэж, айсуй жилийн бахдам амжилтаа зөгнөсөн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ССАЖЯ-ны Спортын бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн н.Гэрэл болон БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдлагууд оролцов.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр хэлсэн үгэндээ, тамирчдынхаа амжилт ялалтаар бахархан омогшиж буйгаа илэрхийлсний зэрэгцээ цаашид бэлтгэл сургууль хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, тамирчдынхаа нийгмийн асуудалд анхаарах, амжилт үзүүлсэн тамирчдаа шагнаж урамшуулдаг байх талаар анхааран ажиллахаа, дэд сайдын хувиар туслан дэмжихээ онцолоод Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга,ОУХМ С.Цэрэнчимэдийг БХЯ-наас хоёр өрөө байраар шагнасныг дуулгасан юм.
Түүнчлэн эл өдөр ЗХЖШ-ын даргын тушаалаар “Алдар” спорт хорооны Их спортын албаны дарга, ахлах дасгалжуулагч Л.Ундралбат дэд хурандаа цолоор, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Х.Уянга, боксын дасгалжуулагч А.Гантулга, цанын спортын дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ, Үндэсний сурын дасгалжуулагч Д.Норжмаа нар ахмад цолоор, шатрын спортын дасгалжуулагч Б.Мөнгөнтуул ахлах дэслэгч цолоор, ОУХМ С.Цэрэнчимэд ахлагч цолоор, ОУХМ Б.Чинзориг дэд ахлагч цолоор тус тус шагнагдлаа.