• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ДАЙЧИД ТАНГАРАГ ӨРГӨВ
Нийтэлсэн: 2014-11-17 09:30:47
Үзсэн: 64

ШИНЭ ДАЙЧИД ТАНГАРАГ ӨРГӨВ
Нийтэлсэн: 2014-11-17 09:30:47 Үзсэн: 64



Зэвсэгт хүчний анги, салбарын сүр жавхлан, өнө мөнхөд мандан бадрахын бэлгэ тэмдэг нь тухайн ангийн Байлдааны туг байдаг. Хийморь золбоо, цог заль бадраасан ийм л хүндэтгэлтэй аранзал улаан тугууд салхины аясаар намирах агаад эдгээр тугийн дор цэцэн буугаа мөрөлсөн цэрэг эрс цэгцрэн жагссан нь энэ оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн дайчид.

Эх орныхоо дуудлагаар, эх орныхоо өнцөг булан бүрээс эр цэргийн албанд татагдан ирсэн эдгээр шинэ дайчид цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангарагаа өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд: ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Г.Сайханбаяр, Төв аймгийн засаг дарга Д.Баярбат, Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, Төв аймгийн Алтанбулаг сумын засаг дарга С.Цэрэнбат нарын зочид төлөөлөгчид болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн тангараг өргөх дайчид тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат ЗХЖШ-ын даргад дайчид тангараг өргөхөөр бэлэн жагссаныг илтгэснээр цэргийн тангараг өргөх ёслол эхлэв

Дайчдыг тангараг өргөсний дараа ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав хэлсэн үгэндээ, Жанжин Д.Сүхбаатарын ардын журамт цэргүүдийн өмнө өргөсөн андгай тангараг түүхэн цаг үеийн эргэлтэд улам төгөлдөржиж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн анхны зарлигаар ёслон албажуулсан нь Цэргийн тангарагийн ач холбогдол гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн “Тангараг өргөсөн дайчид Та бүхэн өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан зүтгэж байгаа, олон улсын цэргийн ажиллагаа, хамтарсан сургалт, дадлагад мэргэжлийн өндөр ур чадвар, үүрэг гүйцэтгэлт, чанд сахилга батаар гайхагдаж, дэлхийн улс түмнүүдэд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн авч яваа Зэвсэгт хүчинд алба хааж байгаа нь нэр төрийн хэрэг юм. НҮБ-ын мандаттай, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багуудад гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр цэргийн тангараг өргөсөн шинэ дайчид Та бүхэнд ч бас энэ боломж бий гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээн онцлоод цэргийн албанд богино хугацаанд дасч, өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримтлан сурлага, сахилгын өндөр амжилт гарган, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болон төлөвшиж, албаа нэр төртэй хаахыг уриаллаа.  

Ийнхүү Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэлээ зориулахаар тангараг өргөсөн олон арван цэрэг эрсээр Зэвсэгт хүчин бүл нэмсэн бөгөөд эдгээр хөвгүүдээрээ бахархан омогших аав, ээж, ар гэрийн төлөөлөл нь эх орондоо тангараг өргөсөн эрэлхэг хөвгүүдтэйгээ нэг өдрийг ёслол төгөлдөр үдлээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226