Дэлхийн хорь гаруй орны цэргийн алба хаагчид оролцсон “Khaan Quest” олон улсын хамтарсан хээрийн сургуулийн хаалтын ажиллагаа болсон 7 дугаар сарын 1-ний өдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс, удирдах тушаалын генерал, офицерууд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг буюу “Пинтийн ам”-анд наадмын бэлтгэлдээ жигдэрсэн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдаа эргэж, сэтгэлийн дэм өглөө.

Хуучнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн харьяа “Цэрэг жуулчин” бааз төвлөрч байсан энэ газар “Алдар” спорт хорооны мэдэлд ирээд удаагүй бөгөөд цаашид Сургалтын төв болон өргөжих аж. Өвс ногоо нь халиурч, анхилуун сайхан үнэр бие сэтгэхүйг сэргээсэн энэ сайхан нутагт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, далай аварга, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан улс, аймаг, цэргийн цолтой 30 гаруй бөх, Улсын мэргэн Д.Норжмаагаар ахлуулсан “Алдар” спорт хорооны Үндэсний сурын багийн 20 гаруй харваач наадмын бэлтгэлээ хангаж байна.
Монгол Улсын далай аварга, хурандаа Г.Өсөхбаяртай уулзаж, наадмын бэлтгэл хэрхэн хангагдаж байгааг сонирхвол “Манай бөхчүүд сүүлийн цөөнгүй жил “Найман шарга” амралтыг түшиглэн бэлтгэлдээ гардаг байсан. Харин энэ жилээс бууриа сэлгэж, өөрсдийн сургалтын төвдөө наадмын бэлтгэлээ хангаж байна.Ер нь бөхчүүдийн амжилт тухайн бэлтгэлд гарсан газар орноосоо ихээхэн шалтгаалдаг.“Пинтийн ам” гэдэг энэ сайхан тэнүүн хөндий бидэнд өлзий хишгээ хайрлана гэдэгт итгэлтэй байгаа.Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт ч ид жигдрээд байна.БХЯ, ЗХЖШ-аас ч багагүй анхаарч байгаад бид баяртай байгаа.Улсын цолд хүрнэ гэдэг том даваа.Ямар ч байсан өмнөх уламжлалынхаа дагуу Улсын цолтон цөөнгүй төрөхийн зэрэгцээ цолоо ахиулах бөхчүүд ч бий.Тэр, энэ гэж нэрийг нь хэлээд яахав.Дашрамд хэлэхэд, манай сургалтын төвд томоохон төсөл хэрэгжиж, цаашдаа их бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэдэгт итгэлтэй байна” гэж ярьж байна.
“Алдар” спорт хорооны Үндэсний бөхийн дасгалжуулагч Ш.Зоригт олон жил хүчит бөхчүүдээ дасгалжуулж, олон ч цолтонг төрүүлсэн гавьяатан билээ.Тэрээр Улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Р.Пүрэвдагва, аймгийн арслан Л.Шинэбаатар нарын наадамчин олноо баярлуулах бөхчүүд олон байгааг онцолж байв. Улсын заан Ч.Санжаадамба бэлтгэлдээ арай хожуухан гарчээ. Хэзээний хэнэггүйхэн төрхийн заан маань “Яахав, нэг их мундаг биш ч, бэлтгэлээ базааж л байна.Тэгж, ингэж барилдана гэж яриад байх юу байхав. Гэхдээ л барилдана даа” гэж итгэлтэй нь аргагүй намбатайхан өгүүлэх... Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, 232 дугаар анги, “Ажнай” корпорациар овоглосон Архангай нутгийн унаган хүү, улсын заан Ч.Санжаадамбыг энэ жилийн их баяр наадмаар нэгийг дуулгаж Монгол түмнээ баярлуулаасай гэж олон хүн хүсч байгаа нь лавтай билээ. Улсын харцага Т.Мөнгөнцоожийг бөхийн хорхойтнууд андахгүй.Олон жил чансаатай сайн барилдаж байгаа түүнийг дараагийн цолд өлхөн хүрэх нэгэн гэж хүндэтгэдэг. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиар овоглож, ахлах дэслэгч мөрдэс мөрөндөө гялалзуулсан тэрээр 2002 оны Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол авч, 2004 оны баяр наадмаар шууд харцага цолд хүрсэн бөх гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй. Эр бяр нь жигдэрсэн харцага маань “Бэлтгэл сайн байгаа.Ямар ч байсан цолоо ахиулах, батлахын төлөө барилдана” гэж ярьж байна.Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар энэ жил өөрийн багш, Улсын начин Б.Адъяахүүгийн ахласан бөхийн галд “Сүүж уул”-анд бэлтгэлээ базааж байгаа юм байна.Бас л хэнэггүй нэгний тоонд зүй ёсоор ордог аймгийн хурц арсланг Улсын цолд хүрэх бөхчүүдийн тоонд олон жил багтаасан ч бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгосоор л байгаа.Тэгээд ч Сүхбаатарчуудад нэгнийгээ өөд нь татах сэтгэл ямар байх биш.Чухамдаа бор зүрхээрээ л яваа түүнийг буруутгаад ч яах билээ дээ.
“Алдар” спорт хорооны Үндэсний сурын баг 2000 оноос бөхчүүдийнхээ галтай хамт гардаг уламжлал тогтжээ.Улсын мэргэн Д.Норжмаа ахлагчтай Үндэсний сурын багийнхан уламжлал ёсоор “Пинтийн ам”-анд төвхнөжээ.Зэвсэгт хүчний 330 дугаар ангиар овоглосон Улсын мэргэн, дэслэгч Б.Баярсайхан, 167 дугаар ангиар овоглосон, Улсын мэргэн С.Энхтунгалаг нарын 20-иод харваач бэлтгэлээ хангаж байна.Улсын мэргэн, ахлах дэслэгч Д.Норжмаа “Өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлтгэлийн нягтрал тийм сайн биш байна.Гэхдээ бидний бэлтгэл жилийн дөрвөн улиралдаа үргэлжилдэг.Саяхан болж өнгөрсөн улсын аварга шалгаруулах тэмцээнд Улсын мэргэн Б.Баярсайхан маань түрүүлж, багаараа хүрэл медалийн эзэд болсон амжилттай байгаа.Тийм учраас шинээр мэргэн харваач төрүүлэх, хошой мэргэн болох, хошой нь гоц мэргэн болохын төлөө л мэрийцгээж байна” гэв.Улсын баяр наадмаар хамгийн олон оносон нь Улсын мэргэн цолны эзэн болдог бөгөөд 32 оновол үндэсний сурын спортын мастерын болзлыг хангадаг юм байна.Энэ өдөр наадмын өмнөх сорилго барилдаан болж, хүчит 32 бөх зодоглосон.Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэхүү барилдааныг хүндэтгэж хэлсэн үгэндээ, “Нар хур тэгширсэн ийм сайхан өдөр бөхчүүд маань ч өнгөтэй сайхан харагдаж байна.Манай “Алдар” спорт хорооноос жил бүрийн Улсын их баяр наадмаас алдар нэрээ дуудуулсан олон сайхан бөхчүүд төрдөг.Энэ түүхэн уламжлал энэ жил ч давтагдаж, Батлан хамгаалах салбарынхаа нэр хүндийг өргөсөн цолтнууд төрж, мөн олон хүн цолоо ахиулсан сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.

Ийнхүү зүүний тэргүүн магнайд Архангай аймгийн Булган сумын уугуул, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бөх, Улсын начин Р.Пүрэвдагва, барууны тэргүүн магнайд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар ахлуулсан хүчит 32 бөх барилдаж, Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, аймгийн арслан Л.Шинэбаатар үзүүрлэсэн юм. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, аймгийн арслан Л.Шинэбаатар энэ жил юм дуулгах бөхчүүдийн тоонд орж байгаа өсөх ирээдүйтэй залуу бөх гэдгийг тэмдэглэх юун.Сонирхуулахад, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бөх, Улсын аварга Д.Хадбаатарын хүү Х.Мягмарсүрэн чамгүй сайн барилдсан ч гурвын даваанд өвдөг шороодсон. Нас залуу, цус шингэн энэ залуу алсдаа Зэвсэгт хүчнийхээ нэрийг өргөж, аавын шийрийг хатаасан сайн бөх болох нь дамжиггүй байх аа!
Энэ үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Улсын харцага Ч.Өвгөнхүүтэй уулзсан юм.“Алдар” спорт хорооны тамирчдыг олон жил дасгалжуулж, олон ч бөхийг Улсын цолд хүргэсэн, нэртэй харцага маань “Манай “Алдар”-аас жилдээ нэгээс доошгүй цолтон тогтмол төрдөг.Энэ жил ч төрнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.Ч.Санжаадамба зааныг түрүүлэх байх гэсэн хувийн бодол байгаа.Гэхдээ хэн бэлтгэл сайтай нь л аз шовойдог гэдгийг хатуу хэлэх байна” гэсэн хашир бөхийн үг яах аргагүй үнэн билээ.
Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Ганбаатар ахлагчтай “Морьтон гал”-ын уяачид Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт уяа сойлгоо тохируулж байгаа аж.Хурандаа Б.Ганбаатартай утсаар холбогдсон юм. ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир нарын гал тусдаа, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт тохиножээ. Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Ц.Аюуш агсны хүү, дэслэгч А.Сугарцолмон морин сумангийн аж ахуйн даргаар ажиллахын сацуу, аавынхаа замналыг үргэлжлүүлэн шаггүй сайн уяач болжээ. Хурандаагийн галд Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Д.Ононгийн хүү О.Батбилэг, Тод манлай уяач С.Ганхуягийн дүү С.Ганбаатар, гэрээт цэрэг Б.Энхбаяр нар морьдоо сойж байгаа юм байна. Б.Ганбаатар хурандаа зургаан насны морь уяж байгаа бөгөөд 2009 оны Улсын баяр наадамд арван хэдэд давхисан их насны морио энэ жил мөн сойжээ. Ийнхүү батлан хамгаалах салбараар овоглосон бөх, морь, сурын галынхны бэлтгэл жигдэрч, наадамчин олноо баярлуулахад нэгэнт бэлэн болжээ.
СЭТГҮҮЛЧИЙН ЗУРВАС: Дэнж хотойтол нааддаг дэлгэр Монголын их цэнгэл айсуй. Эрийн гурван наадмаа цэнгэл баярын дээд хэмээн эрхэмлэдэг Монгол түмэн тухайн наадамд хэн түрүүлсэн хамаагүй бахдан баярлаж, автомашин болон орон сууц зэрэг үнэтэй бэлгээ харамгүй хайрладаг. Тэгвэл энэ жилийн баяр наадмын үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдийг автомашин борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг “Тоёота” корпорацийн автомашинаар байлахаар болжээ. Энэ машин манайханд ирэх болтугай.