Олон улсын Улаан загалмайн хорооны Зүүн азийн Зэвсэгт хүчин хариуцсан бүсийн төлөөлөгч Зарван Ранжаро Овсиа Зэвсэгт мөргөлдөөний хуулийн зааварлагч, багш бэлтгэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, байгууллагын 10 гаруй алба хаагчид сургалт явууллаа. Долоо хоногийн хугацаатай үргэлжилсэн энэхүү сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах арга хэмжээнд ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга оролцов. Тэрээр Зарван Ранжаро Овсианд ЗХЖШ, Олон улсын Улаан загалмайн хороо болон Монгол Улсын Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад сургалт явуулсанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Сургалтаар Зэвсэгт мөргөлдөөний хуулийг судалж, НҮБ болон олон улсын ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх явцад зэвсэгт мөргөлдөөн гарвал ямар арга хэмжээ авч ажиллах талаар заажээ. Сургалтын талаар Зарван Ранжаро Овсиа “Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид сургалтаар заасан зүйлийг маань анхааралтай сонсч, өөрсдийн санаагаа дэвшүүлж байсанд баяртай байна. Сургалтаар хоёр үр дүн гарсан. Нэгдүгээрт, Зэвсэгт мөргөлдөөний тухай хуулийг онолын талаас судалсан. Онолоо бүрэн ойлгохын тулд бид жишээгээр тайлбарлан ярилцлаа. Хоёрдугаарт, сургалтад хамрагдсан алба хаагчид сурсан, мэдсэнээ анги, байгууллага болон ажиллагааны үеэр энхийг сахиулагчдад зааж сургах бүрэн чадамжтай болсон байх гэж дүгнэж байна. Монгол цэргүүдийн суралцах чадвар өндөр санагдлаа” гэв.
Эх сурвалж “Соёмбо” сонин.