Монгол орны төдийгүй аль ч улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь цэрэг дайчид байдаг. Тэр дундаа батлан хамгаалах салбар бол улс төрийн талцал, олон намуудын үзэл бодлоос ангид оршиж эх орон, ард түмнийхээ төлөө бат зогсох эрхэм үүрэгтэй билээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн бямба гаригт зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон ЗХЖШ-ын БСТГ-ын дарга бригадын генерал Ж.Бадамбазар ХҮГ-ын дарга бригадын генерал Д.Даваа, ЕЗЦ-ийн командлагч бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга С.Ганбямба нарын албаныхан ажилласан юм.

Сайдын эхний ажилласан анги нь Төв аймаг дахь Сүхбаатарын болон байлдааны гавьяаны Улаан тугийн одонт маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар бригад. Энэ бригад нь 1923 оны гуравдугаар сарын 1-нд Засгийн газрын гуравдугаар тогтоолоор "Хуягт тэрэгний суман" нэртэй байгуулагдсан түүхтэй. Анги байгуулагдсан түүх нь Сэргэлэн сумын уугуул Ж.Цог генерал нэгэнтээ үүгээр дайрч өнгөрөхдөө "Уулсын дунд орших сайхан хөндий байна. Газрын байрлал нь ч цэргийн анги байгуулахад тохиромжтой юм. Энд "Хуягт бригад"-ыг байгуулъя" гэснээс улбаатай гэх юм билээ. Эгнээнээсээ арван баатар төрүүлсэн анги Монголд 016-р ангиас өөр байдаггүй гэсэн. БНМАУ-ын баатар Л.Аюуш, Т.Дүүдэй, Д.Хаянхярваа, Д.Данзанваанчиг, Л.Гэлэгбаатар, М.Жанчив нар энэ ангиас төрөн гарчээ.

Бригадын захирагчаар бригадын генерал Л.Онцгойбаяр ажиллаж байна. Тэрээр салбарынхаа сайдад байлдааны зэр зэвсэг болон түүний хадгалалт, хамгаалалт төдийгүй үүрэг гүйцэтгэж буй офицер, ахлагч, ажилтны нийгмийн асуудал ямар төвшинд байгааг танилцуулсан. Бригадын захирагчаар бригадын генерал Л.Онцгойбаярын хэлснээр бригадын зарим объект их засварт орох шаардлагатай. Зундаа бороо олгойлж, өвөлдөө жавар тачигнан орж ирэх дээврээ хамгийн түрүүнд засах шаардлагатай буйгаа хэлсэн. Дээвэр засахад 60 гаруй сая төгрөг хэрэгтэй. Харин хоёр дахь тулгамдсан асуудал нь ангийн офицер, ахлагч, ажилтнуудын амьдрах байрны тухай байв. Албан хаагчдын олонхи нь түрээсийн байранд амьдарч буй учраас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтарч орон сууц барихад хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх хүсэлт тавина лээ. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат ч гэсэн “1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 300 айлын орон сууцыг батлан хамгаалах салбарынханд зориулж болно. Газрыг нь шийдээд өгчихье” гэсэн таатай мэдээг салбарын сайдад нь дуулгасан юм.

Батлан хамгаалахын сайдын дараагийн ажилласан анги нь Зэвсэгт хүчний 120 дугаар анги. Түүхийн хуудсыг цухас сөхвөөс 1921 оны гуравдугаар сард жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Оросын 1902 оны загварын 76 мм-ийн хоёр их буутай анхны салаа байгуулагдсанаар орчин үеийн Артиллерийн цэргийн үндэс суурь тавигджээ. Хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит энэ ангид нийслэлийн есөн дүүрэг болоод аймаг бүрээс ирсэн залуус хугацаат цэргийн алба хааж байна. Ангийн захирагч, хурандаа Х.Банди гуайн хэлснээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид тулгамдаж буй асуудал гэвэл биеийн тамир, соёл, спортын төв барьж өгөх тухай, зарим объектэд их засвар хийж, дээврийг нь шинэчлэх, албан хаагчдын амьдрах байр, орон сууцаар хангаж өгнө үү гэсэн хүсэлт байв.

Харин дараагийн зочилсон анги нь Зэвсэгт хүчний 326 дугаар анги. Батлах хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс тухайн ангийн танилцуулгыг сонссоны даргаа ангийн үйл ажиллагаа болон үүрэг зориулалт, анги тахим, зарим техник, байгууламжтай биечлэн танилцсан юм.