Саяхны өдрүүдэд Хандгайтыг зорилоо. Зэвсэгт хүчний зандан хөлөгтнүүд бэлтгэлдээ гарч, өвлийн спортын уралдаан тэмцээн хаяанд ирсэн болохоор шуурхай сурвалжлага бэлтгэх зорилго өвөрлөсөн хэрэг. Хандгайт гэхлээр цас, цана хоёр нүдэнд харагдаж, цаначдын эх орон байсан цаг саяхан. Эндхийн амыг өгсөж уруудан цаначид эрх дураараа гулгаж, цасан далайн халуухан “тулалдаан” өрнөдөг байсан талбар өдгөө хувийн эзэмшилд байраа тавьж өгчээ. Гагцхүү цаны спортын нэртэй дасгалжуулагч Ч.Бямба агсны хүүхдүүд “Алдар”-ын эзэмшил газрыг сахиж сууцгаана.

Цаначид маань хашааны булан тойрч, давчуухан гудамд хашигдан гүйлтийн зам гаргах аргагүй байдалд орсон дүр зургийг эндээс харлаа. Энэ жил хаа сайгүй цас бага унаж, сүүлийн жилүүдэд буйр сонгон тэмцээн зохион байгуулж асан Таван толгойн спортын баазын орчимд хурмаст хангалттай цас хайрлаагүй учир ийнхүү тамирчид Хандгайтдаа эргэн иржээ. Таван жил завсарлах зуурт цанаар гулгах газар энд бага үлдэж дээ. Жилийн жилд цас алгасдаггүй Хандгайт энэ удаа ч өөр хаанаас ч олохооргүй сэвсгэр цасаар овоо зузаан хучигдсан харагдана.
“Алдар” спорт хорооны цэрэгжлийн спортын албаны дарга, хошууч В.Гомбожаваар ахлуулсан шүүгчид Хандгайтад хөл тавьсан даруйдаа уламжлал ёсоор амны дунд орших Удган модонд ёс төр гүйцэтгэж, энэ жилийн уралдаан тэмцээн өлзийтэй болохын ерөөл өргөв. Уул усаа сүжиглэж, сэтгэлийн ариусал хүртдэг энэ уламжлал олон жил үргэлжилж, олон аавын хүүхдүүдийн бие, сэтгэлийг хурцалдаг тэмцээн уралдаан маань сайхан болдог юм гэж тэд бэлэгшээн өгүүлсэн.

Цас хүлээж бэлтгэл жаахан хоцорсон ч Зэвсэгт хүчний 20 шахам ангийн 200 гаруй тамирчид Хандгайтынхаа дэвжээнд цугларч бэлтгэл сургуулилтдаа гарчээ. Эхний анги болох 311 дүгээр ангийнхан 12 дугаар сарын 25-нд гарсан бол сүүлийнх нь ирээд хоёр, гуравхан хонож байгаа гэнэ. Цасан дээр бэлтгээгүй ч хуурай дадлага цөөнгүй хийсэн гэж ихэнх нь өгүүлж байлаа. Ер нь тамирчин хүний бэлтгэл бүтэн жил үргэлжилдэг гэдэг дээ.
Биднийг очдог өдөр ангиудын тамирчид буудлагын дадлага хийв. Буудлагын тушаал ирээгүй нэг, хоёр ангийг эс тооцвол ихэнх нь гал нээх эрхтэй болжээ. 100 м-ийн зайд автоматаар буудах талбайг олж сонгох гэж Г.Цогбадрах, Д.Будсүрэн нарын хашир мастерууд багагүй ажил болжээ. Айлын хашаа байшингаар шаваатай бэсрэгхэн амнаас буудлагын талбай олно гэдэг “өвсөн дотроос ширхэг зүү олохтой” адил хэрэг болсон аж. Жил бүрийн Зэвсэгт хүчний өвлийн спортын уралдаан тэмцээн Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө болдог томоохон сорилго гэдэг утгаар мэргэжлийн тамирчид ч өндөр ач холбогдол өгч иржээ. Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын уралдаан тэмцээнд оролцдог Зэвсэгт хүчний нэртэй тамирчид энд цөөнгүй ирж бэлтгэлээ хурцалж байна. Тухайлбал, Ч.Отгонцэцэг (065), Б.Гэрэлт-Од (311), Э.Бархүү (150), Н.Ууганцэцэг (310), Б.Энх-Амгалан (017) гэсэн Олон улсын хэмжээний мастерууд айсуй тэмцээний өнгийг тодорхойлж байх жишээтэй. Спортын мастерууд ч олон гэснийг бодоход урт жагсаалт болох бололтой.
Шинэхэн сонин дуулгахад, Х.Гийх-Оргил, Э.Ариунтунгалаг (017) нар БНХАУ-д зохиогдсон олон улсын цанын 50 км-ийн марафонд 2000 оролцогчоос эхний 12-т багтсан томоохон амжилт үзүүлжээ. Цанын холын зайд ийм амжилт үзүүлсэн нь Монголын цанын спортын түүхэнд анхны тохиолдол гэж “Алдар” спорт хорооны цанын дасгалжуулагч, ОУХМ, ахмад Х.Хаш-Эрдэнэ танилцуулсан. Тэд мөн л Зэвсэгт хүчний аваргад тоосоо өргөхөөр бэлтгэлд гарчээ. Тэгэхээр тэмцээн улсын аваргаас ч дутахааргүй ширүүн өрсөлдөөн болох төлөвтэй. Зарим нэг ангийн тамирчидтай уулзаж ярилцахад, манайх медаль горьдохгүй, оролцох л зорилготой гэж нуулгүй хэлж байсан. Мэргэжлийн тамирчдаас сүрдэж байгаа бололтой. Гэхдээ аваргыг ялж аварга болдог гэдэг үнэнийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

2006, 2010 оны өвлийн олимпид оролцсон Х.Хаш-Эрдэнээс зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс энд нэлээд байна. Тэрээр замд тааралдсан тамирчдад гулгалтын арга техник, эв дүйг зааж, зөвлөгөө өгч явлаа. Зарим шинэ суралцагчид хоёр гараараа сэлүүрдэж явааг хараад “гарын тэнхээгээ барж, хаа хол явахав дээ. Цээжээ урагш нь хаяж гулгавал ядрах нь бага, бас зам амархан хордог” гэж ярих нь аргагүй л дэлхийн цараатай тамирчнаас сурах зүйл их байгааг илтгэж байлаа.
Сүүлийн жилүүдэд нам жим байсан Хандгайтын амаар буудлагын дуу цууриатаж, нутгийн иргэд ихэд сонирхон чих тавьж байгаа харагдсан. Урд аманд нь орших Согоотын амралт зэрэг хүн хөл ихтэй газрууд, зарим айлуудаар санамж бичиг тараах ажлыг ч “Алдар”-ынхан байгаль орчны байцаагч Д.Болдбаатартай дөрөө харшуулан хийсэн нь зөв алхам болсон. Хоосон буу хүртэл 20 жилд нэг удаа дугарч байхад буудлага хийж байгаа тохиолдолд болзошгүй эрсдлээс зайлсхийх нь гарцаагүй.
Өвлийн спортын үндсэн хэрэглэл болох цана тулгамдсан асуудал хэвээр байгааг олон ангийн төлөөлөл ам нэгтэй өгүүлсэн. Боломжийн цана авья гэхэд 1 сая гаруй төгрөг, дунд зэргийнх нь 500-600 мянга байдаг аж. Амжилт үзүүлье гэж зорьж буй тамирчдад сайн цана хөлөглөх сонирхол байдаг ч эдийн засаг хавчаад байдаг аж. Гэхдээ анги бүр л “нохой хамартаа хүрэхээр усч”-ын үлгэрээр тамирчиддаа цана олоод өгчихсөн харагдлаа. Зээлэх, гуйх арга чарга бүхнээ хэрэглэдэг бололтой.
Цэргийн хүмүүст цаны бэлтгэл зайлшгүй байх шаардлагын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. 15-30 км зайг цанаар туулна гэдэг цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужлыг илэрхийлэх үзүүлэлт билээ. Байлдааны ямарч техник явах аргагүй цасан хунгар бүхий уул хаданд цана л хурдан бас итгэлтэй хөлөг болно. 30 км зайг цанаар 1 цаг 15 минутад туулна гэдэг амжилт шүү.
Зэвсэгт хүчний 2015 оны биеийн тамир, спортын арга хэмжээний нээлт, өвлийн спортын уралдаан тэмцээн 1 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Хандгайтад болно. Энэ үеэр цанын 15, 30 км-ын зайн уралдаан, өвлийн 2 төрөлт (биатлон, патруль), өвлийн 3 төрөлт эрэгтэй, эмэгтэй 8 насны ангиллаар тамирчид хурд хүч, чадвараа сорин өрсөлдөх ажээ. Мөн сарын 24-нд ЗХЖШ-ын ажилтнуудын цасны баярын арга хэмжээ Хандгайтад зохиогдохоор төлөвлөгдсөн байна.
Цасан далайн зандан хөлөгтнүүддээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхний ард анги хамт олон, ар гэрийнхэн тань дээлийн чинь захыг мушгин суугаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг. 2015 онд Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогдох уралдаан тэмцээний салхийг Та бүхэн хагалж байна. Хойш хойшдын уралдаанд буухиалан өртөөлөх амжилтыг энэ өдрүүдэд даллан дуудья.