Дуунаас хурдан сөнөөгч онгоцнуудаас аль нь хамгийн шилдэг вэ гэсэн асуултад “Military-today.com” сайтынхан хариулжээ. Тэд энэ жагсаалтыг гаргахдаа Олон улсын стратеги судлалын хүрээлэнтэй хамтарчээ. Ингэхдээ зэвсэглэл, хурд, маневр, технологи, үүрэг гүйцэтгэлт, тархац зэргийг хамааруулж, дүн шинжилгээ хийжээ. Жагсаалтад АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос гэсэн улс орсон байна. Дурдагдсан нисэх онгоцууд өнөө цагийн хамгийн шилдэг 10 сөнөөгч онгоц ажээ. Сонирхолтой нь эдгээр онгоц тулааны талбарт хоорондоо тулгарч байгаагүй.
Локхийд Мартин/Бойнг F-22 Раптор (АНУ)

F-22 Раптор бол сөнөөгч онгоцнууд дотроосоо радарт бараг баригддаггүй гэдгээрээ гайхагддаг, олон зориулалт бүхий сөнөөгч нисэх онгоц юм. Энэ онгоцыг хамгийн дэвшилтэт технологи ашиглан сөнөөгч онгоц дотроо хамгийн их өртөг буюу 350 сая ам.доллар зарцуулж бүтээсэн байдаг. Тэр бас хамгийн хол зайг туулж чаддаг. Энэ мэтээр түүний онцлогийг дурдаад барахгүй. Мөн аэродинамикийн шийдэл, дизайн нь онцгой сайн. F-22 үйлдвэрлэгдсэн цагаасаа шилдэг гэдгээ батлан харуулжээ. АНУ энэ сөнөөгч онгоцыг өөр улсад экспортлодоггүй.
Бойнг F/A-18 E/F Супер Хорнет (АНУ)

“Супер хэдгэнэ” гэх энэ онгоц АНУ-ын Тэнгисийн хүчний хамгийн шилдэг сөнөөгч юм. Олон зориулалтаар ашигладаг бөгөөд агаар, газар ангиллын ямар ч байг өндөр цэцтэйгээр устгах чадвартай. Түүнд хамгийн сүүлийн үеийн шилдэг хөдөлгүүр суулгаснаар илүү хол зайд нисч, том хэмжээний пуужинг тээвэрлэх чадвартай болсон юм. Үүний сацуу радарт үл үзэгдэх нэмэлт тоноглолтой болжээ. Супер хэдгэнийг 60,9 сая ам.доллараар зохион бүтээсэн
Еврофайтер Тайпун (Европын Холбоо)

1986 оноос Герман, Итали, Их Британи, Испани зэрэг улсад амдан сөнөөх, бөмбөгдөх, өргөн хүрээнд байлдааны ажиллагаа явуулах чадалтай онгоц бүтээх Eurofighter төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний үр дүнд хамгийн дэвшилтэт цэц, хурд бүхий пуужингийн технологиор зэвсэглэсэн сөнөөгч онгоц үйлдвэрлэжээ. Хар салхи сөнөөгчийн тулалдааны чадавхийг АНУ-ын F-22 Рапторын хагастай дүйнэ гэж судлаачид үздэг. Гэхдээ Тайпун нь АНУ-ын F-15F, Францийн Рафэл, ОХУ-ын сайжруулсан Су-27-оос илүү гэж үздэг байна. Еврофайтер Хар салхи нь өнөө цагт Европын Холбооны агаарын хүчний гол тулгуур болж байгаа сөнөөгч онгоц юм. Түүний нийт өртөг 90 сая евро.
Дассолт Рафэл (Франц)

Рафэл онгоцыг Францын агаарын ба тэнгисийн явган цэргийн хүчин ашигладаг. Олон зориулалт бүхий сөнөөгч юм. Сүүлийн үеийн электрон системээр тоноглож чадсанаараа онцлог. Радарт үл үзэгдэх систем болон маш өндөр маневр хийх чадвартай. Рафэл 40 байг нэгэн зэрэг хяналтдаа оруулж, нэгэн зэрэг 4 бай руу галлах чадвартай ажээ. Энэ онгоц Францын агаарын хүчний гол тулгуур бүтээл бөгөөд АНУ-ын F-16 зэрэг орчин үеийн сөнөөгчийн сайжруулсан хувилбаруудыг найдвартай сөрж чадах сөнөөгч ажээ. Нийт өртөг нь 79 сая евро.
Сухой Су-27 (Орос)

Оросын инженерүүд ЗХУ-ын үед зохион бүтээжээ. Маш урт хугацааны инженерчлэлийн үр дүнд Зөвлөлтийн хамгийн шилдэг технологиор бүтээсэн сөнөөгч юм. Холын зайн нислэг, өндөр маневрлах чадвар маш өндөр, зэвсэглэл сайтай. Агаар-агаар ангилалын 10 пуужин тээх чадвар нь маневрлах чадвартай хосолсоноор Су-27 агаарын тулалдаанд онцгой давуу байдалтай болж, АНУ-ын F-15-аас ч илүү гэгдэж байсан юм. ЗХУ-ын үед энэ онгоц хамгийн үр дүнтэй цуврал байсан боловч түүний сайжруулсан хувилбар болох Су-30, Су-35 халааг нь аваад байна. Ялангуяа түүний залгамжлагч гэх Су-35 нь барууны орнуудын агаарын хүчинд ихээхэн аюул учруулж чадах технологиор тоноглогдсон ажээ. Үүний зэрэгцээ оросууд одоо Сухой ПАК ФА хэмээх радарт үл үзэгдэх сөнөөгч зохион бүтээж байна.