Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний энэ жилийн Стратегийн цугларалт “Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүгнэлт, туршлага сургамж, цаашид хөгжүүлэх үндсэн чиг хандлага” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ сарын 26-ны өдөр эхэлсэн цугларалтад БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний ангиудын захирагч нар оролцов. Стратегийн цугларалтыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон үг хэлсэн.


Тэрбээр хэлсэн үгэндээ “Олон улсын эдийн засгийн байдал тийм ч таатай бус байгаатай зэрэгцэн Монгол Улсын эдийн засаг ч хямралтай, санхүү төлбөрийн хүндрэлтэй байна. Батлан хамгаалах салбарын энэ оны гол ажил хямралыг давахад чиглэгдэж, улс орны эдийн засагт тус дэм болохоор ажлыг томъёолох ёстой. Зэвсэгт хүчний байгуулалтыг өнөөгийн нөхцөл бололцоонд нийцүүлэн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж байна. Тийм учраас цэргийн болон Зэвсэгт хүчний байгуулалтыг сайжруулах “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Аливаа улс орны төсөв, эдийн засаг нь Батлан хамгаалах салбараа авч явдаг. Өнөөдрийн байдлаар энхийг дэмжих ажиллагаа болон бүтээн байгуулалтад оролцож санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх эх үүсвэр байна. Цаашид үүнийг арав болтол нь өргөжүүлэх ёстой. Тухайлбал, Зэвсэгт хүчнийхэн зам барилгын ажилд оролцох боломж байна. Энэ нь зөвхөн төсөв хараад суух бус, өөрсдөө бүтээн байгуулалтад оролцож, санхүүжилтээ олох, тэр хэрээр хямралыг давах юм. Мөн зэвсэг техникийн үйлдвэрлэлийг зоригтойгоор хөгжүүлэх, энэ ажлын хүрээнд тодорхой бодлого боловсруулна. Өөр нэг шаардлага нь Батлан хамгаалах салбар ямар нэг зүйл хийж байгаа бол тэр нь улсдаа тэргүүлэх хэмжээнд хүрсэн байх ёстой. Энэ жишээнд БХХСАХНЭ, БХИС, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо зэргийг нэрлэж болох юм. Тэтгэвэр тэтгэмжийн асуудал нэлээд хүчтэй яригдаж байгаад нааштайгаар шийдэгдсэн. Тийм учраас бидний өмнө тулгарч буй хоёр дахь асуудал нь нийгмийн хамгаалал, тэр дотроо орон сууцны асуудал болоод байна. Хорин жилийн өмнөхөөс өнөөдрийн боломж арай өөр болсон. Ямар ч байсан Зэвсэгт хүчинд 25 жил алба хаасан офицер, ахлагч нар орон сууцтай болсон байх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ оныг “Ахлагчийн жил” болгон зарласан учраас тэдний нийгмийн асуудалд ч онцгой анхаарна. Дараачийн багц асуудал нь иргэдийг Батлан хамгаалах үйлсэд татан оролцуулж, улмаар цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд оршино. Үүнд, цэрэг спортын “Дөл” тоглолт, “Батлан хамгаалахад бэлхэн”, “Оюутан цэрэг” хөтөлбөр зэрэг дэлхийн бусад орнуудад байдаг туршлага, аргачлалыг хөгжүүлэхэд илүүтэй анхаарах нь зүйтэй юм. Энэ салбарт ажиллагсад харьцангуй эрт тэтгэвэр, чөлөөнд гардаг учраас томоохон байгууллагууд тэднийг урьж ажиллуулдаг системд шилжих, хэдийгээр ахиц дэвшилттэй байгаа ч гадаад хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан шинэ шатанд гаргах шаардлага байна” зэргийг онцлож байв. Батлан хамгаалахын сайд хэлсэн үгнийхээ төгсгөлийг “2015 оныг хямралын жил бус, боломжийн жил болгон ажиллацгаая” гэсэн уриагаар өндөрлөсөн юм.
Стратегийн цугларалтын хөтөлбөрийн дагуу сүүлчийн өдрийн үдээс өмнө Бүлгийн хэлэлцүүлэг, Нэгдсэн хэлэлцүүлэг болж, төгсгөлд нь ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав үг хэлж, цугларалтын дүн гаргаж, цаг үеийн асуудлаар үүрэг өгсөн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ дөрвөн гол зүйлийг үндэс болгосон бөгөөд Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах ёстой Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу БХХСАХНЭ-ийн өнөөгийн байдлын талаар нэлээд шүүмжлэлтэй хандсан. Цэргийн алба хаагчдаас эмнэлгийн үйлчилгээний талаар маш их гомдол ирдэг. Өөрөөр хэлбэл, хувийн эмнэлэг, хувьсгалын эмнэлэг нь ялгагдахгүй, хотын нэг дүүргийн эмнэлэг шиг байдаг. Мөн шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын тухайд ч шүүмжлэлтэй хандаж “Урт настай удаан жаргалтай ийм эмнэлэг байж болох уу?” гэсэн асуултыг тавиад “Цэргийн эмнэлгээр үйлчлүүлье” гэсэн хүн яагаад байдаггүй болох. Үүнийг менежменттэй холбоотойг сануулаад “Энэ цагаас эхлэн эмнэлэгтэй холбоотой асуудлыг шүүмжлэлтэй нүдээр харж байгаарай. Эмч, сувилагч нар хүний эрүүл мэнд, амь насны төлөө байгаа улс шүү” гэсэн хатуухан үгийг уламжилсан. Дараагийн асуудалд “Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн хэрэгжилт”-ийн тухайд мөн л шүүмжлэлтэй хандсан. Энд юу харагдаж байна гэвэл эзэнгүй 10 жилийн нүүр царай л харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эзэншүүлэх, хэн юу хийхийг тодорхой болгох ёстой. Тийм учраас хариуцлагын тогтолцоонд оруулах зайлшгүй шаардлага байгаа гэв. Дараагийнх нь Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон тухайд байв. Энэ ажиллагаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцсоноор Батлан хамгаалах салбар нэг үеэ бодвол боломжийн мөнгөтэй болсон. “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” тунгалаг, хүртээмжтэй байсан бол ЦАХ-ын орон сууцны асуудлын багагүй хувийг ч шийдвэрлэх боломж байна гэлээ. Тэрээр мөн үгийнхээ дундуур хурандаа Д.Отгон-Ерөөлт, Х.Банди, бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай ангиудын үйл ажиллагааг сайны жишээнд дурдаж, ЗХЖШ-аас нэг ч төгрөгийн туслалцаагүйгээр өөрсдийн нөөц бололцоог ашиглан ангиа маш сайхан тохижуулсан хурандаа Д.Отгон-Ерөөлтөд баяр хүргэсний зэрэгцээ зарим ангийн захирагч нарт бас зэм хүртээж байсныг дурьдалтай. Түүнчлэн офицер, ахлагчийн албан тушаалд зөвхөн БХИС-ийн курс, дамжааг дүүргэж, шалгуур стандартыг нь бүрэн хангасан хүмүүсийг авч байхыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулсан. Ийнхүү зарим асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандсан даргын сүүлчийн үүрэг нь “Өөрийгөө танин мэдэж, өөрийгөө хөгжүүлэх”, “Тактик болон техникийн мэдлэг, чадвартай байх”, “Захирагдагсаддаа хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх” зэрэг удирдагчийн өдөр тутамд мөрддөг 11 зарчмыг тодорхой жишээ баримттайгаар тайлбарлаад “2014 оныхоо ажлыг бууруулахгүй байж, өөрийн жишээ болгон ярьсан дарга, захирагч нарын туршлагаар ажиллахыг ерөөж үгээ өндөрлөв. Мөн үеэр ЗХЖШ-ын даргын тушаалаар “2013-2014 оны сургалт бэлтгэлийг үнэлэх заавар”-ын дагуу ажил, үйлсээрээ шалгарсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг 2 сая төгрөгөөр, Зэвсэгт хүчний 013, 014, 032, 124 зэрэг ангиудын захирагч нарын сарын үндсэн цалинг 2 сар 20 хувиар нэмэгдүүлснийг уншиж сонордуулсан. Цугларалтын төгсгөлд оролцсон бүрэлдэхүүнд сертификат гардуулж, ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн дарга, командлагч, Зэвсэгт хүчний анги, байгууллагын захирагч нартай 2015 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулсан юм.
