Мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара тэргүүтэй төлөөлөгчид Париан сууринд айлчилж, орон нутгийн удирдлага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд болон тус сууринд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын үйл ажиллагаатай танилцлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Хойд секторын командлагч, хурандаа Адарша Верма, цэргийн багийн захирагч, хурандаа Б.Баатар болон албаны бусад хүмүүс багтсан юм.
Айлчлалын эхэнд төлөөлөгчид Париан суурингийн Засаг даргын орлогч, ноён Мавиен Маквач болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлэн, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.
Дараа нь тэд монголын энхийг сахиулагчдын байрладаг Арвай баазаар зочилж, цэргийн алба хаагчдын орон нутагт хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагааны явц, үр дүнтэй танилцсаны зэрэгцээ эмнэлгийн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний амрах байр зэргийг үзэж сонирхсноор айлчлал өндөрлөсөн юм.
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
