
Эрхэм генерал, офицерууд аа,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Миний бие Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ оны эхэнд явагдсан Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалтын явцад та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх бодлого, зорилт, арга хэмжээний талаар ярилцаж байсан бол энэ удаа би өнгөрсөн хугацаанд бид юу хийж амжуулсан болон ойрын хугацаанд хийхээр төлөвлөөд байгаа ажлын талаар ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна.
“Эрх зүйн шинэчлэл”-ийн хүрээнд: Манай салбарын гол тулгуур бодлогын баримт бичиг болох “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг эцэслэн боловсруулж, өргөн барьснаар УИХ-ын намрын чуулганы 10 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт орж дэмжигдээд байна. Уг баримт бичиг удахгүй эцсийн хэлэлцүүлгээр батлагдан, бидний олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
“Төрийн цэргийн бодлогын үндэс”баримт бичигт “Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн гаргасан энэхүү бодлого нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний үндэс байна.” гэж заасанчлан уг баримт бичиг батлагдмагц салбарын багц хуулиуд болох Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихад бэлэн болгоод байна.
Ийнхүү “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, дээр дурдсан салбарын багц хуулиудыг УИХ-аар батлуулснаар олон жил хүлээсэн салбарын хууль, эрх зүйн шинэчлэл бүрэн хэмжээгээр, цогцоор хийгдэх юм.
“Зэвсэгт хүчний шинэчлэл”-ийн хүрээнд: Зэвсэгт хүчний шинэчлэлийн мөн чанар нь бүх нийтээр цэргийн алба хаах иргэний журамт үүргийг хэлбэрэлтгүй сахиулахад оршино гэж би ойлгож байгаа. Бид гадаадад цэргээ илгээхийн зэрэгцээ эх орноо хамгаалах үндсэн үүргээ ямар ч нөхцөлд умартах ёсгүй. Бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлж нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжих ёстой.
Өмнө уулзахдаа дайчилгааны бэлтгэл нөөцийн хомсдлын асуудал, Монгол Улсын иргэн цэргийн алба хаах шинэлэг арга, хэлбэрийг тодорхойлох талаар цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болох ЗХЖШ анхааралдаа авч санал боловсруулах талаар би ярьж байсан. Өнгөрсөн хугацаанд шинэ санаа гарсан эсэх нь тодорхойгүй байгаа боловч “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж, 1000 орчим оюутан залуусыг сургалтад хамрууллаа. Цар хүрээг нь өргөжүүлж орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулж эхэллээ. Яамны зүгээс санаачлага гарган их, дээд сургуулиудад “Цэргийн тэнхим” байгуулах эхлэлийг тавьж, Монголын үндэсний их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тус сургуульд “Цэргийн тэнхим”-ийг шинээр тохижуулж, оюутан залууст цэргийн хэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх ажлыг амжилттай эхлүүлээд байна.
Миний бие өнгөрсөн хугацаанд нийслэл, хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний нилээдгүй анги, байгууллагын ажил байдал, амьдралтай танилцлаа.
Анги, байгууллага, бие бүрэлдэхүүнтэй танилцаж явахдаа Монгол Улсынхаа аюулгүй байдлын төлөө сэтгэл хоёрдолгүй зүтгэж байгаа офицер, ахлагч, цэргүүдээрээ бахархах сэтгэл төрж байсныг илэрхийлье.
Өвөг дээдсээс өвлөн ирсэн дайчин уламжлал, эх орныхоо төлөө гэсэн эх оронч сэтгэлгээ манай цэргийнхэнд л байна. Энэ үзэл, хүмүүжлийг нийгэмд хүргэх, төлөвшүүлэх эзэд нь бид юм байна гэдгийг ойлгосон. Залуусыг цэргийн алба хаах хугацаанд нь түүхээ мэддэг, эх орон, монгол хүн гэдгээрээ бахархдаг, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж өнгөрсөн хавар Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран “Монгол Улсын төлөө зүтгэе” телевизийн реалити шоуг амжилттай зохион байгуулсан нь нийгэмд цэргийн албаны онцлог, өнөөгийн хүрсэн түвшинг харуулж, цэргийн албаны нэр хүндийг өргөсөн арга хэмжээ болсон гэж үзэж байна.
Манай анги, салбаруудаас нийтлэг нэг дүр төрх ажиглагдсан нь үйл ажиллагаа явуулж байгаа орчин нөхцөл, тохижилт өнөөгийн нийгмийн хөгжил дэвшлээс хоцорсон байдал байлаа. Үүнээс гарах гарц нь дан ганц хөрөнгө, мөнгө биш юм. Бидний сэтгэлгээ, зүтгэл хамгийн гол нь юм шүү гэдгийг цохон тэмдэглэе. Ирэх хугацаанд ажиллаж амьдрах таатай орчныг ялангуяа анги, байгууллагын орчин нөхцлийг сайжруулахад түлхүү анхааран ажиллах болно.
Оны эхэнд явагдсан цугларалтаар “Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн хэрэгжилт, дүгнэлт, сургамж, цаашид хөгжүүлэх үндсэн чиг хандлага”-ын талаар ярилцсан. Тэрхүү цугларалтын үр дүнг үндэслэн Зэвсэгт хүчний цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөгжлийн эхлэлийг зөв тавих урт, дунд хугацааны хөтөлбөрийг зохион байгуулалтын болон эдийн засгийн тооцоо, үндэслэлтэйгээр боловсруулахаар “Зэвсэгт хүчнийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байгаа бөгөөд энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд батлуулан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнө гаргасан алдааг бид дахин давтаж болохгүй. Зэвсэгт хүчний цаашдын хөгжлийн чиг хандлагыг олон улсын цэргийн урлагийн хөгжил, улс эх орны батлан хамгаалах эрэлт хэрэгцээнд нийцсэн, байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын зохих шаардлага хангасан бүтэц бүрэлдэхүүн бүхий, гүйцэтгэх үүрэгтээ тохирсон зэвсэглэл, техниктэй мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй болоход чиглэх ёстой.
Зэвсэгт хүчний байгуулалтын нэг чухал асуудал бол бэлэн байдал байдаг. 2004 оноос хойш 10 гаруй жил мөрдөгдсөн “Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, байгууллагуудыг байлдааны бэлэн байдлын дээд зэргүүдэд шилжүүлэх удирдамж”-ыг шинэчлэн боловсруулж, хэдхэн хоногийн өмнө сайдын тушаалаар баталгаажуулсан. Энэхүү удирдамжийн дагуу ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбар, цэргийн штабуудын бэлэн байдлын төлөвлөлт, цэргийн дайчилгааны даалгавар шинэчлэгдэнэ. Энэхүү шинэчлэлийг хийхдээ улс орны нийгмийн болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хандлага, Зэвсэгт хүчний тайван болон дайны байдлын үед гүйцэтгэх үүрэг, бүтэц, зохион байгуулалттай нягт уялдуулан хийх нь зүйтэй юм. 9 сард миний бие УИХ-ын АБГББХ-ны гишүүдийн хамт Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай явуулсан дайчилгаатай хээрийн сургуулийн явцтай танилцсан. Тухайн үед сургуульд оролцож байгаа бүрэлдэхүүнээс дайчилгааны даалгаварт заасан техник ховордсон, түүнийг хэрхэн өөрчлөх талаар ярьж байсан. Энэ мэтчилэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд цаашид анхаарч ажиллах болно.
Зэвсэгт хүчний дайчид маань энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсын нэр төр, байр суурийг олон улсын хэмжээнд бэхжүүлэн, гадаадын орнуудаас улс төр, эдийн засгийн дэмжлэг авах нөхцлийг бүрдүүлж, монгол цэргийн мэргэжлийн ур чадварыг гайхуулсаар байгаад сайд миний хувьд талархаж, явдгаа энэ ялдамд илэрхийлэхэд таатай байна. Цаашид Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадамжийг хэрхэн нэмэгдүүлэх, оролцоогоо хэрхэн төсөөлж байгаагаа баримт бичигт тусган “Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг 2016-2020 онд нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг сайдын тушаалаар баталгаажуулан, хэрэгжилтийг нь хангахаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн нэг томоохон зорилт болох энхийг дэмжих ажиллагааны Бригадын штаб байгуулах асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
“Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, баталгааг сайжруулах” арга хэмжээний хүрээнд: “Цэргийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 63 айлын болон 340 дүгээр ангийн алба хаагчдын 40 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтад орууллаа. Цэргийн музейн байрлал дахь 300 айлын орон сууцны ажил зогсоод байсныг яам, ЗХЖШ хамтран үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байна. Удахгүй ашиглалтад орно.
Өмнөх цугларалтаар орон сууцны асуудлыг шийдэх гарц нь удаан хугацааны зээлийн тогтолцоо юм. Үүнийг Батлан хамгаалахын салбарт яаж хийх вэ гэж ярьж байсан. Үүнийг ажил хэрэг болгохын тулд “Цэргийн алба хаагчдыг ипотекийн зээлд хамруулах тухай” сайдын тушаал гарган, орон сууцны урьдчилгааг хөнгөвчлөх тооцоо, судалгааг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Офицер, ахлагч нарынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын албан тушаалын ангилал, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” сайдын тушаалыг удахгүй батлан гаргахаар ажиллаж байна. Энэ тушаал батлагдсанаар Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүний цалин 1-2 зэрэглэлээр нэмэгдэх юм.
Сайд миний зүгээс 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан “Ахлагчийн албаны хөгжилд бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг 2015 оны 4 дүгээр сард зохион байгуулж, “Ахлагч хотхон”–ы бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цахилгааны дэд өртөө, уурын зуух, хашаа барих ажлыг хийж, цэвэр усны асуудлыг шийдвэрлээд байна. Цаашид “Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг шинэчлэн баталгаажуулах, түүний хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.
“Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх” арга хэмжээний хүрээнд: 2015 он гарсаар Батлан хамгаалахын сайд миний бие Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Франц Улсад тус тус албан ёсны айлчлал хийж, 2 талын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээр хийж, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.
Оросын Холбооны Улстай 3 жил тасраад байсан Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Ингэснээр 2 улсын цэрэг-техникийн хамтын ажиллагаа өргөжиж, шинэ шатанд гарах юм.
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал энэ өдрүүдэд явагдаж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар харилцан санал солилцоно.
Цаашид хоёр талт хамтын ажиллагаанаас олон талт хамтын ажиллагаанд шилжих бодлого барих болно. Хоёр хөрштэй харилцах харилцаагаа манай төр засгаас баримталж байгаа гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогод нийцүүлэх болно.
Энэ онд манай Зэвсэгт хүчний дайчид хоёр хөрш гүрний нийслэлд зохион байгуулагдсан 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүндэтгэлийн ёслолын жагсаалд амжилттай оролцлоо. Энэ нь түрүүн миний хэлсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм болохоос гадна хоёр хөрштэй цэргийн итгэлцлийг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болсон.
Энэхүү заах аргын цугларалттай холбогдуулан хэдэн зүйл хэлье.
Энэ удаагийн “Удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалт”-ыг “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах үеийн хамтын ажиллагаа” сэдвээр явуулж байгаа нь цаг үеэ олсон, амьдралд ойр санагдаж байгааг хэлэхэд таатай байна.
Манай улс аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн гэж хуульчлан заасан байдаг хэдий ч өөрийн улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг эцсийн эцэст Зэвсэгт хүчнийг хэрэглэж хангах нь тодорхой юм. Хэдийгээр том гүрнүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл явуулах хэдий ч бие бүрэлдэхүүний чадвар, байлдааны арга, тактик, газар орны давуу байдлыг ашиглан түрэмгийлэгч улсын түрэмгийллийг эцсийн зорилгодоо хүрэхээс нь өмнө таслан зогсоож болох юм. Ингэхийн тулд тайван цагт буюу одоо хэнтэй, хэрхэн дайтаж болзошгүйг урьдчилан харах, сургалт бэлтгэлийг түүнд чиглүүлэх, бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны техникийн байнгын бэлэн байдлыг хангах шаардлага урган гарч байна. Энэ бол зэвсэгт хүчний тайван цагт биелүүлэх үндсэн үүрэг гэдгийг хүн бүр ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Иймд Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог эргэн харах, төлөвлөлтийг үүсч болзошгүй цагийн байдалд ойртуулах, эрчимтэй сургалтын арга, хэлбэрийг сонгох, сургалтын цахим /симулятор/ орчныг бүрдүүлэх хэрэгцээ байна.
Офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын тогтолцоо, үечлэлийг албаны онцлогт нь тохируулж тус тусад нь авч үзэх цаг болжээ. Хугацаат цэргийн алба хаах нэг жилийн эргэлтэд баригдсан сургалтын тогтолцооноос үүдэн офицер, ахлагч нарын сургалт төдийлэн үр дүнд хүрэхгүй байна. Иймд алба хаах нийт хугацаанд нь тохирсон сургалтын тогтолцоо, арга, хэлбэрийг эрэлхийлэх нь зүйтэй юм.
Нэг зүйлийг онцлоход энэ цугларалтаар боловсруулах нэг чухал асуудал нь "Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа"-ны асуудал юм. Сүүлийн үед Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад цэргийн алба, сахилга дэг журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчил, аваар осол гарч, цэргийн алба хаагчийн амь нас эрсдсэн тохиолдлууд ч гарлаа. Бид үүнд дүгнэлт хийж, цаашид ийм асуудлыг гаргахгүй байхад албаа чиглүүлэх ёстой.
Цэргийн алба хаагчийн үйл ажиллагаа үргэлж эрсдэл дунд үргэлжилж байдаг. Сургалт бэлтгэл, харуул хамгаалалт, байлдааны буудлага гээд тоочвол мундахгүй их. Иймээс бид батлан хамгаалах үүргээ биелүүлэхдээ цэргийн алба хаагчид, цэрэг, дайчдаа болзошгүй бүх талын эрсдлээс хамгаалах, тэдний ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэхэд байнга анхаарах хэрэгтэй юм.
Энэхүү заах аргын цугларалтын сэдэв зорилготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатай байгаа дараах асуудлуудад та бүхний анхаарлыг хандуулъя.
Нэгдүгээрт, Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэх зорилтын хүрээнд гадаад орнуудын туршлага, хоёр хөршийн зэвсэгт хүчний шинэчлэл, өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, зоригтой өөрчлөлт хийх цаг болсныг сануулъя.
Хоёрдугаарт, Сургалтын орчин нөхцөл, материаллаг бааз, дүрслэн үзүүлэх тоног төхөөрөмж, цахим сургалтын полигон /симулятор/, удирдлагын хэрэгслийг бий болгох санал, санаачлага гаргахыг та бүхэнд уриалж байна.
Гуравдугаарт, Та бидний баримтлах гол зарчмын нэг нь бидний үйл ажиллагаа бүхэн аюулгүй байдлыг хангасан байх явдал юм. Цэргийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, холбогдох дүрэм, зааврыг бие бүрэлдэхүүнд тогтмол судлуулж, хэрэгжилтийг хангах нь бүх шатны захирагч, штабын үүрэг гэдгийг дахин сануулъя. Энэ асуудлыг яриад өнгөрөх биш хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах нь манай салбар, Зэвсэгт хүчний нэр хүнд, цаашдын хөгжилд нэн чухал гэдгийг цохон тэмдэглэе.
Эрхэм хамтран зүтгэгчидээ!
Удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт нь тайван цагийн гол хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэлийн талаар хэлэлцэх хариуцлагатай индэр болоод зогсохгүй харилцан туршлага солилцох, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэх, цаашид баримтлах бодлого, чиглэлээ ярилцах таатай нөхцлийг бүрдүүлэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхнийг шинэ хандлага, шинэлэг үйл ажиллагаа, цогц хамтын ажиллагаатайгаар ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн ялдамд сайд миний бодлого, үйл ажиллагааг дэмжин, сэтгэл, зүтгэл, гар нийлэн ажиллаж байгаад талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Монгол цэргийн яруу алдар үүрд мандан бадраг!
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
