БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны энхийг сахиулагч ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа орон нутгийн сэжиг бүхий 4 иргэнийг анзаарч, болзошгүй аюулаас олон мянган хүний амь насыг аварлаа. Тодруулбал, орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булж орхисон байна. Үүнийг анзаарсан энхийг сахиулагчид холбогдох арга хэмжээг авч, очиж шалгасны үр дүнд олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүллээ.
Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд одоогийн байдлаар 120 гаруй мянган иргэн амьдарч байгаа нь дэлхийн хамгийн олон тооны дүрвэгч иргэдтэй хуаран гэж хэлж болно. Хэдхэн сарын өмнө Малакал хотод 30 гаруй мянган иргэнтэй дүрвэгсдийн хуаран дотор зэвсэгт халдлага болж, олон тооны иргэн амь насаа алдсан хэрэг гарсан юм.
Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар сонор сэрэмжтэй байж, гэмт этгээдүүдийн үйлдлийг цаг алдалгүй илрүүлснээрээ олон мянган дүрвэгсдийн амь насыг аварч, зэвсэгт халдлагаас урьдчилан сэргийлж чадлаа. Тэдний энэ гавьяаг НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагаас сайшааж, урамшуулаад байна.
Түүнчлэн Мотобуудлагын батальон энэ сарын 22-ны өдөр Лийр суурин дахь түр ажиллагааны “Хүлэг” баазаа Гана Улсын энхийг сахиулагчдад хүлээлгэн өглөө.
Гана Улсын цэргийн алба хаагчид 4 дүгээр сарын 1-нээс тус баазад байрлан монгол цэргүүдтэй хамтран дадлага, сургалт хийж, орон нутагт эргүүл цувааны үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.
Бааз хүлээлгэн өгөх арга хэмжээнд мотобуудлагын батальоны захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Мөнхбаяр, Гана Улсын IV мотобуудлагын батальоны захирагч, дэд хурандаа Агор Декбе болон хоёр улсын энхийг сахиулагчид оролцлоо. Энэ үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Гана Улсын энхийг сахиулагчид Төрийн далбаагаа мандуулан монгол цэргүүдтэй хамтдаа Цэргийн ёслолын жагсаалаар алхсан юм.
Энэ үеэр Лийр сууринд байрлах Засгийн газрын болон Засгийн газрын эсрэг хүчний удирдлагууд, орон нутгийн иргэд хоёр улсын энхийг сахиулагчдад хандан “Манай сууринд энхийг сахиулагчдын энэхүү бааз байгуулагдсанаас эхлэн цагийн байдал харьцангуй тогтворжсон. Сөргөлдөгч хоёр талтай монголын энхийг сахиулагчид тэнцвэртэй хамтран ажилласнаар орон нутагт энх тайван тогтож байна. Цаашдаа Гана Улсын энхийг сахиулагчид уг үйлсийг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.
Дэслэгч М.МӨНХЗОРИГ
